8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн З.Нарантуяа тойрогтоо ажиллаж байна

2017-02-23 15:18:13

УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор хоёрдугаар сарын 21-26-ны өдөр УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяа орон нутагт ажиллаж байна. Тэрээр Завхан аймгаас сонгогдсон бөгөөд тойргийнхоо иргэдтэй уулзаж, их хурлаар батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж сурталчилснаас гадна, гишүүн болсноос хойш үүрэгт ажлаа хэрхэн гүйцэтгэж ирсэн талаараа сонгогчиддоо тайлан тавьсан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн  эхний уулзалт хоёрдугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумаас эхэлсэн ба тус сумын 250 орчим иргэн уулзалтанд ирж, мэдээлэл сонсож, санал бодлоо хуваалцлаа. Отгон суманд энэ жил өнтэй сайхан өвөл болж байгааг нутгийн иргэд дуулгаж, орон нутгийн хөгжилд хэрэгтэй асуудлаар саналаа хэлцгээсэн. Тухайлбал, Завхан аймгаас тус сум руу сайжруулсан замтай болгох, шилэн кабелийн холболтоор интернэттэй болгох, одоогийн байдлаар 393 хүүхэд суралцаж буй дунд сургуулийг 12 жилийн сургалттай болгох зэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.  Мөн удахгүй болох сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглээрэй хэмээн сонгогдсон тойргийнхоо ахмад настнуудад гарын бэлгээ хүртээснээс гадна, сумдаас шилдгээр шалгарсан хөдөлмөрчдөд намын болон төр засгийн шагналуудыг гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дараагийн уулзалт Шилүүстэй суманд үргэлжиллээ. Тус суманд зохион байгуулагдаж буй “Сайн малчдын зөвлөгөөн”-д оролцсон ба энэ үеэр малчид тэтгэвэр тэтгэмжийн талаар тодруулан асууж, бодит хариултыг авсан юм. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа тус сумын цэцэрлэг, сургуулийн нөхцөл байдал хүнд байгаатай газар дээр нь танилцаж, нааштай шийдвэрлүүлэх тал дээр анхааран ажиллах болно гэдгээ хэллээ. Нутгийн иргэд их хурлаар батлагдсан хууль тогтоомжийн талаар илүү нарийвчлан асууж, ноосны урамшуулал, хүүхдийн мөнгөний олголт зогссон, оффшор бүс зэрэг асуудлаар тодруулан лавлаж, тодорхой ойлголт авлаа. Дашрамд дурдахад Завхан аймаг 115 багтай бөгөөд Шилүүстэй сумын Сайхан баг ажлын үзүүлэлтээрээ аймагтаа аваргалжээ.

Тойрогтоо ажиллаж буй эхний өдрийн сүүлийн уулзалтаа Цагаанчулуут суманд хийлээ. Энэ сумын иргэдийн хувьд ахуй амьдрал харьцангуй дээшилж буй талаар иргэд ярьж байсан ба шийдвэрлүүлэх шаардлагатай зүйл бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас хүсч байсан юм.

УИХ-ын эрхэм гишүүн З.Нарантуяагийн дараагийн уулзалт 2-р сарын 23-нд Цагаанхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан сумдад үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл