8o
Улаанбаатар хот
mobile menu

САЙН ХҮҮ

2017-06-23 09:21:02

(Улстөрчийн хөрөг)

Тугалхүүгийн БААСАНСҮРЭН

(МУСГЗ, Дашдоржийн  Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч)

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байна. Гурвуулангийнх нь мөрийн хөтөлбөр болоод намтар түүхийг, энд тэнд хэвлэгдсэн ярилцлагыг нь уншиж танилцлаа. Харьцуулан жишиж зэрэгцүүлж үзлээ. Тэгээд нэр цохон нэгийнх нь тухай товчхон хөрөг бичихээр зориг шулуудав. Ингэх ёстой гэж  хэн нэгэн дарга түшмэл надад үүрэг даалгавар өгсөнгүй, харин зүрх сэтгэл минь надад шивнэв.

Энэ бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар юм. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудад бичсэн захидлыг нь уншлаа. Өөрөө эрх чөлөөг хайж, өнчирч үлдсэн хэдэн дүү нараа өөд татан хооллож хувцаслахаар, хамгийн гол нь тэдэндээ мэдлэг боловсрол олгохоор хилийн дээс алхжээ. Аяга таваг угаахаас эхлээд аль тааралдсан ажлыг голж шилэлгүй хийсэн гэнэ.

Энхрий хайрт ээж нь бурхан болохынхоо өмнөхөн түүнд “дүү нараа сургуульд сургаж, эрдэм боловсролтой хүн болгоорой” гэж гэрээслэж захиж үлдээсэн юм байна. Өөрийгөө мартан байж зүтгэжээ. Дүү нараа хөл дээр нь ч босгож чаджээ. Таван дүүгээ Англи, Австралийн их, дээд сургуульд сургаж мэдлэг боловсрол эзэмшүүлжээ. Би ээжийнхээ захиасыг биелүүлсээн, амьдад нь ачийг хариулж чадаагүй ч алтан гэрээслэлийг нь хэрэгжүүллээ дээ гэж сэтгэлдээ бодож явдаг гэж тэр бичсэн байна.  Эл мөрүүдийг уншаад ээжийнхээ гэрээслэлийг биелүүлсэн хүн эх орныхоо даалгаврыг биелүүлэх нь гарцаагүй биз гэж надад бодогдсон шүү.

Амьдрал туулж, хал үзэж халуун чулуу долоосон хүний үг биш гэж үү? Ажиллах, суралцахыг хослуулах гэж оролдсон ч төгрөг мөнгө дутаж төлбөрөө дийлж чадаагүй учраас сургуулиа орхиход хүрчээ. Өөрийгөө мартаж, дүү нараа боджээ. Үүнийх нь төлөө боловсролгүй гэж түүнийг өөлж баалж муулах хэрэг байгаа юм уу. Аяга таваг угаахаас эхлээд аль тааралдсан ажлыг хар бор, сайн муу гэж голж шилэлгүйгээр хийж гүйцэтгэж, сүүлд ХААН банкинд өнөөх алдарт америк захирал Питер Морроу, Дебра Бэйер нараар хүртэл үнэлүүлж магтуулж ажил алба дэвшиж үзсэн залуу байна шүү дээ. Америк бизнесчид түүний мэдлэг чадварыг голсонгүй. Харин ч үнэлж цэгнээд дэвшүүлж дэгжүүлжээ. А.Лувсанвандан гэдэг гайхамшигтай ухаантан Монголд байсан.

Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринченгийн зиндааны эрдэмтэн л дээ. Жамсрангийн Самбуу гэдэг гайхалтай өвгөн Монголын төрийг олон жил удирдсан. Тэд дээд боловсролтой байгаагүй юм. Тэгсэн атлаа хэдэн дээд сургууль төгссөнтэй адил амьдралын их дадлага, туршлага хуримтлуулсан улс байлаа.

Тэдний нэгэн адил амьдралын их сургууль төгсгөсөн айлын том хүү юм, манай Ганбаатар чинь.  Алдарт уран зохиолч А.М.Горький өөрийгөө ингэж нэрлэж байсан. Амьдралын их сургууль төгссөн гэж. Арван жилийн турш ардчилсан Польшийн Ерөнхийлөгчөөр үр бүтээлтэй ажилласан алдарт тэмцэгч Лех Валенса өөрийгөө слесарьчийн мэргэжилтэй гэж хэзээ ч голж байгаагүй. Харин ч хар бор амьдрал туулсан гэж бахархан хэлж байхыг нь би сонссон юм байна. Хөгжингүй Польшийн ард түмэн түүнийг голж шиншилж, өөлж баалаагүй. Яагаад гэвэл тэр хамгийн шударга нь, бас хамгийн зүрх зоригтой нь байсан юм. Ажилчид, ард түмнийхээ амин эрх ашгийг тууштай хамгаалж, Үйлдвэрчний эвлэлийн “Солидарность” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж эрх баригчидтай эрэгчин эмэгчнээ үзэлцсэн юм. Хөгшин Европ хүртэл гайхан алмайрч соёлт Европын улс орнууд бүгдээрээ түүнийг үнэлж Нобелийн энх тайвны ээлжит шагналаа хүртээсэн түүхтэй. Үгүйсгээгүй харин үнэлсэн байгаа биз?

Польш эр Лех Валенсагийн тэмцэгч тэмүүлэгч зан чанар Монголын Ганбаатарт бусдаас илүүтэй тод томруун шингээстэй байгаа юм биш үү. Тэр Монголын Үйлдвэрчний эвлэлийг удирдаж шударга ёсны төлөө эрэлхэг зоригтойгоор тэмцээгүй гэж үү? Түүнээс алдарт тэмцэгч,  аймшиггүй заргач Ард Аюушийн зан чанар, тууштай зүтгэл мэдрэгддэг юм.  Оюутолгойг огт ашиггүйгээр гадныханд найр тавин бэлэглэхгүй гэж Ганбаатар шиг тууштай тэмцсэн нь Монголд хэд байгаа юм бэ? Тавантолгойг тавиад туучихгүй, ард түмэндээ өгнө гэж улайран тэмцэлдсэн нь хэн байгаа юм бэ? Лав л Миеэгомбын Энхболд, Халтмаагийн Баттулга биш юмдаг.

Боловсролтой мэдлэгтэй хүн гэж ер нь хэнийг хэлэх вэ? Хоёр гурван дээд сургууль төгссөн ч хотол олныхоо төлөө хуруу хөдөлгөж үзээгүй, ерөөсөө бусдын төлөө ажилладаггүй, ажиллахыг ч хүсэмжилдэггүй, харин ч хор найруулж хорлонтой үйлийг ар араас нь угсруулан хийж явдаг хүмүүсийг өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй хүн гэж хэн ч хэлэхгүй л болов уу.

С.Ганбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Боловсрол өөрөө ашиглагддаг байх ёстой, хэрэглэгддэг байх ёстой. Түүнээс шошго шиг, хүмүүст харуулдаг цаас шиг байж болохгүй” гэж хэлсэн байна лээ. Санал нэг байна. Боловсрол нь дэндээд, мэдлэг мэргэжил нь хальж бялхаад Эх орон, газар шороогоо ч зарж худалдахаас буцахгүйд хүрчихсэн хүн өнөөдөр Монголд цөөнгүй бий. Тэр бол мэдлэг боловсрол биш, харин хорлол юм. Тийм болохоор Ганбаатарыг мэдлэг боловсролгүй хэмээх нь хийгээр дүүргэсэн хоосон бөмбөлөгтэй яг адилхан. Тэгж яривал энэ залуу чинь угшил гарал,  удам угсаа сайтай, мэдлэг боловсролтой хүний үр сад юм билээ. Өвөөг нь Намжилын Биндэръяа гэдэг гэсэн. Монгол Улсын гавьяат багш, Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байжээ. Баянхонгор аймгийн төвийн хоёрдугаар арван жилийн сургуулийн өмнө түүний гэрэлт хөшөөг босгожээ. Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэж монголчууд ярьдаг байхаа. Магистр зэрэгтэй хүнийг боловсрол, мэдлэггүй хүн гэх үү. Үгүй байлгүй.

Төвийн нэг сонинд Ганбаатарыг хандив цуглуулж, хүн ардаас гуйлга гуйж байна. Монголчууд гуйлгачин хүнийг өрөвддөг болохоос сонгодоггүй гэж бичжээ. Тэр олигархи бизнесч биш, оффшорчин овт шаар биш юм чинь өөр яах юм.

Ард түмэндээ үнэнээ хэлээд хандив тусламж гуйх нь шившиг юм уу. Тэгж бодож байгаа хүн Монголд хэр олон байгаа юм бол. Монголчуудын бараг дөчин хувь нь өнөөдөр тарчиг ядмаг аж төрж байгаа. Тэднийг хэн тийм болгосон юм бэ? АН ба МАН ач тач үзэлцэж, завсарлагагүйгээр 27 жил засгийн эрхийг барьсны гор нь ажилгүйдэл, ядуурал мөн биз дээ?

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг  86 хувиар зөвхөн ганц их гүрнээс хараат болчихоод байгаа. Ийм л “үр дүн” та бидний нүдэн дээр ил тодорхой харагдаж байна шүү дээ. Тусгаар тогтнол маань хэврэгшиж, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдчихаад байгаа юм биш үү?

Үүнийг өөрчилж шинэчлэе, ажилгүйдлийг арилгая, ядуурлыг бууруулъя гэж зүтгэж байгаа Ганбаатар яагаад буруутан болж гуйлгачин түүлгэчингээрээ дуудуулахад хүрч байгаа билээ. Тэрбээр улс нийгмийг нуруун дээрээ үүрч явдаг дундаж давхаргыг Монголд буй болгож нэмэгдүүлэхийг хичээнгүйлэн зорьж яваа. Үүний тулд олигархиуд болоод оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг Монголд тогтооно гэж тэмцэж яваа.

Ганцхан Ганбаатарын мөрийн хөтөлбөрт л олигархиуд болоод оффшорчидтой тэмцэнэ гэж ил тод хэлсэн байгаа. Тэднийг хамгаалагч МАНАН-тай үзэлцэнэ гэсэн байгаа. МАНАН-д орсноос үхсэн нь дээр гэж чанга дуугаар хэлж чадсан хүн Ганбаатараас өөр Монголд байгаа юм уу?

Байвал та надад нэрлээч. Яагаад тэр ингэж хэлээд байгаа юм бэ гэвэл ийм эрс шийдвэртэй тэмцлийг хийхгүйгээр, цөөнхийн эрх ашгийг үхэн хатан хамгаалсан өнөөдрийн гаж буруу төрийн тогтолцоог халж өөрчлөхгүйгээр Монголд шударга ёсыг тогтоож чадахгүй гэдгийг бусдаас илүүтэй мэдэж мэдэрч байгаад юм.

Ганбаатарын мөрийн хөтөлбөр рүү бас цөөнгүй хүн дайрч давшилж байна. Тийм ч юм алга, ийм ч зорилтыг тусгасангүй гэж шүүж, шүүмжлэх янзтай. Түүнд “Есөн хүсэл, есөн зорилт”  хэмээсэн товч тодорхой мөрийн хөтөлбөр бий. Ажилгүйдлийг арилгана гэсэн. Ядуурлыг бууруулна гэсэн. Монголын нийгмийн дундаж давхаргыг зүйл бүрээр дэмжиж “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлнэ гэсэн. Үүнээс өөр юу хэрэгтэй юм өнөөдөр монголчуудад. Ам, ажлын болоод үг ба үйлдлийн нэгдлийг хангана. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй гэж тэрбээр онцолсон байна лээ.

Хэлснээ хэрэгжүүлэх төлөвлөгөө нэр дэвшигчид бий. Монгол Улсыг мухардлаас гаргах Үндсэн хуулийн бэлэн төсөл ч бас байгаа. Ганц дайчин ганцаарддаггүйг Монголын нийгэмд сүүлийн арав гаруй жилийн турш ганцаараа харуулж ард олноосоо “босоо Ганбаа” хэмээх нэрийг хүртэл хүртэж амжсан энэ хүнд өнөөдөр найдвартай ар тал, Намбарын Энхбаяраар толгойлуулсан МАХН-ын хүчтэй багийнхан бас байгааг нэмж хэлье.

Тэдэнд манай нэрд гарсан эрдэмтдийн оролцоотойгоор бодож боловсруулсан Монгол Улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн цогц бодлого, түүнийг улам баяжуулж шинэчлэн боловсруулаад УИХ-ын 2016 оны сонгуульд ард түмэндээ өргөн барьсан цэгцтэй төлөвлөгөө ч мөн бий.

Олигархиуд ба оффшорчдыг хазаарлаж, Монголд шударга ёсыг тогтооно гэж ганцхан Ганбаатар л мөрийн хөтөлбөртөө тод томруун хэлсэн байгаа. Өөр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт ийм санаа байхгүй, байсан ч их л бүдэг бүрхэг. Яагаад гэдгийн учрыг С.Ганбаатар гадаадад аж төрж буй монголчуудад илгээсэн захидалдаа “Үүнийг олигархиудын төлөөлөл болсон хүн хэрэгжүүлж чадахгүй. Оффшорчдыг хамгаалагчид бүр ч хүсэхгүй. Хэзээ ч хийхгүй” гэж тодотгосон байна лээ. Үнэн шүү дээ.

Монголчууд олигархи бүлэглэлийн төлөөллийг, оффшорчин овт шааруудыг хамгаалагчийг төрийн тэргүүн болгох гэж хүсч байгаа юм уу?  Үгүй гэж бодож байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Намбарын Энхбаярын нэр дэвших эрхийг хаах үед олон олон хүнд сонголт алга боллоо. Ямар ч гарц үлдсэнгүй гэж бодогдож байсан байх. Ганбаатар гарч ирснээр гарц нээгдэж, сонголт буй болж байгаа юм. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхгүй гэж уурлаж бухимдсан цөөнгүй хүний итгэл найдвар сэргээд ирж байгаа юм.  Үүгээрээ С.Ганбаатар энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхолтой, бас өрсөлдөөнтэй болгож байна. Монголын ард түмний аз хийморь арилж барагдаагүй аж. Босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн гэдэг нь үнэн бололтой. Босоо Ганбаа түүний гол төлөөлөл лав мөн биз.

Унтрах дөхсөн итгэлийн  галыг уугиулж сэргээж бадрааж өгснөөрөө Ганбаатар яах ч аргагүй сайн хүү юм.

Олигархиудыг хазаарлана, оронд нь дундаж давхаргыг дэвжүүлж хөгжүүлж өөд татна гэснээрээ тэр үнэхээр сайн санаатай хүү юм. Олон түмний үнэн хүсэл энэ шүү дээ.

Оффшорчдыг хязгаарлана, харх шиг мэрж хаа холын харь нутагт хав дарж нууцлан татвараас зайлсхийсэн олон тэрбум ам.долларыг нь Монголд буцаан авчирна гэж чанга дуугаар хэлж чадсанаараа тэр зоригтой, эх оронч сайн хүү юм. Олон олон хүн ингэж хүсч байгаа нь лавтай.

Хариуцлагатай засаглалыг буй болгож шударга ёсыг тогтооно гэж зорьж, тэмцэж чадаж байгаагаараа Ганбаатар сайн хүү. Ядарч зүдэрч байгаа Монголын ард түмэнд ядаж ганцхан ширхэг ч атугай гал шиг асч дүрэлзсэн тэмцэгч Ганбаатар байгаа нь яамай даа, азны юм гэж эрхгүй бодогдож байна.

Олон түмнээ гэсэн үнэнхүү зөв сэтгэлтэй, оройлон тэмцэж ялалтад хүргэх бүрэн магадлалтай Ганбаатар үнэхээр Монголын ард түмний заяагаар төрсөн сайн хүү юмаа. Овог нь хүртэл Сайнхүү, од нь гийсэн зөв хүү мөн гэлтэй. Ялаарай гэж түүнд хэлэх хүн өнөөдөр Монголд маш олон байна. Миеэгомбын Энхболдод “болиорой”, Халтмаагийн Баттулгад болохоор “хамжааргатайхан байгаарай” гэж сануулах нь ч бас тааралдаж л байна.

Ямар ч байсан босоо Ганбаа энэ удаад даравч далдайж, булавч бултайх нь үнэн бололтой догоо. Наян тохой гүн нүхэнд Намбарын Энхбаярыг дарж авч далдалж цоожилж чадлаа хэмээн сая нэг санаа амарч хундага тулгах нь холгүй баярлалдаж байсан эрх баригчид байдал бишдэж буруугаар эргэснийг саяхнаас мэдэж мэдрээд “хар машин” хаана байна, хайрцагтай авдартай дойлуур хаачсан бэ хэмээлдэн сандралдаж, хэвлэлийн бага хурал хүртэл хийлгэж худал хуурмаг мэдээлэл тарааж эхэлсэн сурагтай.

Сонгуульд ер нь энэ жил хэн ялах бол? Монголын ард түмэн ялах болов уу, эсвэл олигархиуд болоод оффшорчдын төлөөлөл нь дийлэх юм болов уу. Харах л үлдлээ.

Улаанбаатар, 2017.6.14

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл