8o
Улаанбаатар хот
mobile menu

“Энэ удаа Монгол ялна”

2017-06-24 14:45:12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Улаанбаатар хотын иргэдтэй хийх уулзалтаа өчигдөр өндөрлүүллээ. Тэрбээр Чингэлтэй дүүргээс нийслэлийн уулзалтаа эхэлсэн бол өчигдөр Баянхошуунд Сонгинохайрханы иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Уг нь энэ сарын 21-ний өдөр  83 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзсан боловч цахилгаан тасарсны улмаас арга буюу тасалдсан. Дээрээс нь бороо маш ихээр орж байсан нь ч нөлөөлсөн билээ. Тэгвэл өмнөх уулзалтад оролцохдоо нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөр, зорилтыг гүйцэд сонсч чадаагүй Сонгинохайрхан дүүргийн иргэд Хөтөлд цуглаж, нэг том гудамжийг тэр чигт нь дүүргэсэн юм.

Энэхүү уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболд тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Уулзалтыг нээж Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболд үг хэлсэн. Тэрбээр “Нэр дэвшигчийнхээ үгийг, мөрийн хөтбөлбөрийг сонсохоор хүрэлцэн ирсэн сонгинохайрханчууддаа талархаж буйгаа илэрхийлье. Өнгөрсөн 21-ний өдөр усан борооноор бид бас уулзалт хийсэн.  Тийм их бороо орж байхад Баттулга нэр дэвшигчийг дэмжиж байгаа иргэд Толгойт, Баянхошуунаас ирж байсан. Өнөөдөр хөндий дүүртэл сонгогчид, дэмжигчид маань цуглалаа. Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч нэр дэвшигчийг сонгинохайрханчууд дэмжиж байгаа юм байна гэдэг нь үүнээс харагдаж байна.

Өнгөрсөн сонгуулиар төрийн бүхий л эрх мэдлийг бид МАН-д өгсөн. Гэтэл тэд жилийн хугацаанд амласан болгоныхоо эсрэг ажилласныг харлаа. Сонгинохайрханчууд МАН-ыг бүрэн дэмжсэн. Гэвч тэд жилийн хугацаанд Сонгинохайрхан руу, гэр хороолол руу чиглэсэн бүхий л ажлыг гацаасан. Баянхошуунд гэхэд маш олон бүтээн байгуулалтын ажил хийгдэх ёстой байсан. Тэр болгоныг гацааж, царцааж байна.Манай нэр дэвшигчийн рейтинг өндөр хувьтай явж байгаа. АН-д сонгууль луйвардах, мөнгө тараахаас өөр боломж үлдээгүй. Энэ удаад Монгол ялна. Иргэд саналаа худалдахгүй байх ёстой. МАН-ын маш олон гишүүд надтай ирж уулзаж байна. Төрийн албанд ажиллаж байгаа олон шударга хүн надтай уулзсан. Төрийн албаны дарамт хэрээс хэтэрлээ гэдгийг хэлж, намаа аврах цаг болсон хэмээн МАН-ын олон гишүүн бидэнд хандаж байгаа шүү” хэмээн хэллээ.

Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлсэн бол түүний араас Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга сонгинохайрханчуудад Х.Баттулга нэр дэвшигчийг дэмжихийг уриаллаа. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл МАН-ын дарга, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй М.Энхболд Улаанбаатар хотын төрийн албыг 60 тэрбумаар хэрхэн зарсан талаар иргэдэд бодит ойлголт өгсөн юм.Улмаар яруу найрагч Ц.Хулан “Би юуны өмнө нам бус гэдгээ хэлье. Тиймээс та бүхэндээ хандаж нам бус хүний гоё биш үнэн үгийг хэлэх гэсэн юм. Хаяанд ирсэн Ерөнхийлөгчийн сонгууль аль нэг нам, хүнийг сонгох биш. Монгол төрийнхөө тэргүүнийг сонгох эрхэм дээд сонгууль болж байгаагаараа онцлогтой. Монголчууд бид хэчнээн жил улс төр ярьж цэцэрхэж, улаан, цэнхэр, ногооноороо талцлаа. Энэ хугацаанд ард түмний амьдрал тасралтгүй уруудсаар ирсэн. Тэгсэн хэрнээ хойморийн зурагтаар эдийн засгийн үзүүлэлт өсч байгаа гэсэн худлаа тоон мэдээллүүд тасралтгүй гарч байгаа. МАН гэсэн мангасыг бид олон жил торниулж, бойжуулсандаа харамсаж байна.Лодонгийн Түдэв гэдэг агуу зохиолч өчигдөрхөн “Муу муухай хүмүүсийг толгой дээрээ гаргаад, өтгөн шингэнээ асгаж байхад нь тоохгүй суудаг ард түмэнтэй ярих юм надад байхгүй” гэж тунирхсан, томорсон байна. Зөв. Бүх насаараа монголчуудаа соён гэгээрүүлж ирсэн энэ буурал нэгэн цагт МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсныг саная. Энэ хүн ингэж хэлснийг бодоход МАН яаж ялзарсныг бэлхнээ харуулж байна” хэмээн хэллээ.

Түүний дараа АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Х.Баттулга сонгинохайрханчуудад хандаж үгээ хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотод 1.3 сая хүн амьдарч байгаа. Үүнээс 205 мянга орчим нь гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн дунд 12 сарын турш тогтмол ажил хийдэг нь цөөн. Дандаа л улирлын чанартай, гэрээт ажилчин хийж байгаа. Мөн худалдаа эрхэлж, лангуу түрээсэлж амьдарч байгаа хүн ихэнх нь. Би өөрөө Яармаг төрж, өссөн, тэр болгоныг давж туулсан учраас мэддэг, мэдэрдэг.

Тиймдээ ч би 2010 онд баялгийнхаа хоёр хувийг барьцаалаад, гэр хорооллоо орон сууцжуулъя гэдэг санал гаргасан. Тэгэхдээ иргэдээр өөрсдөөр нь бариулъя. Насны ангиллаар нь ялгаад, хийж чадах ажлыг нь хийлгэе. Мэргэжил сургалтын төвүүдтэй хамтраад иргэдээ гарын дүйтэй болгоё. Ийм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Орон сууцжуулах хөтөлбөрт оролцсон иргэд өөрсдөө орон сууцаа бариад, тэр орлогоороо орон сууцанд орох нөхцөл бүрдүүлэх зорилготой байсан. Харамсалтай нь аль ч Засгийн газар энэ хөтөлбөрийг дэмжихгүй байсаар байгаад царцаасан, хөлдөөсөн, нураасан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжиж байвал та бүхэн намайг дэмжиж саналаа өгөөрэй” хэмээн уриаллаа. 

 

 

АН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энхэ
1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ
2017/06/24 79.172.193.32