18o
Улаанбаатар хот
mobile menu

M.Мягмар: Сонин дээр шалдан зургаа авахуулж дүрсгүйтэж байсан үе нь нүдэнд харагдаж байна

2015-10-08 14:52:00


Маргааш буюу 10 дугаар сарын 9-нд “Мартагдашгүй” хэмээх таван хамтлагийн хамтарсан тоглолт болох гэж байгаа билээ. Тоглолт болоход хэдхэн цаг үлдээд байгаа энэ үед бид “Guys” хамтлагийн ахлагч, жүжигчин М.Мягмартай ярилцлаа.

 


- Guys” хамтлагийнханаар сонин сайхан ихтэй биздээ. Сүүлийн үеийн уран бүтээлүүдээ танилцаач. Тун удахгүй Европоор аялан тоглох гэж байгаа гэж сонссон?


 
-2015 онд манай хамтлагийн 18 жилийн ой тохиож байна. Ойтойгоо холбогдуулан “Best of Guys” тоглолтуудаа хийхээр зорилго тавиад ажилласан. Өнгөрсөн хоёр сарын 14-нд “Хайрын бүжиг” тоглолтоо зохион байгуулсан. Үүний дараа Япон, Солонгост тоглож ирээд Эрдэнэтэд “Best of Guys” тоглолтоо зохион байгуулсан. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 28-нд “Амьдрал үргэлж сайханаараа” тоглолтоо хийлээ. Харин одоо “Мартагдашгүй” тоглолтын бэлтгэлд ороод явж байна. Дараагийн тоглолтоо Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хийхээр зориод явж байна.
 

 



-Танай хамтлаг байгуулагдаад 18 аль хэдийнэ жил өнгөрчээ. Анх “Guys” хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан түүхээ сонирхуулаач?



- Анх хамтлагаа байгуулж байхдаа 17, 18 настай хүүхдүүд байлаа шдээ. Хүсэл мөрөөдөл, хоббигоороо нэгдэж байлаа. 1997 онд СУИС-д ороод хамтлагаа л байгуулаад уран бүтээлээ туурвиж эхэлсэн л дээ. Тэр үед “Сүнс” “Камертон”, “Номин талст”, “Салхи” хамтлагууд байгуулагдчихсан ид уран бүтээлээ туурвиж байлдан дагуулаад эхэлчихсэн байсан үе. Яг оноороо ярьвал энэ таван хамтлагуудын хамгийн отгон нь манайх. Ер нь хамтлаг байгуулахад хамгийн их түлхэц болсон зүйл эдгээр хамтлагууд л даа. 1996 онд Камертон хамтлагийн “Хүсэл хясал, “Номин” ба “Талст” гээд дуу, бүжгийн гээд хоёр хамтлаг нэгдэж тоглолт хийж байхад нь үзэж байлаа. Тэр үед хамтлаг байгуулах үнэхээр гоё юм байна гэсэн бодол төрж, хүсэл мөрөөдөлөө цэнэглээд л явж байсан. Тэгээд 1997 онд СУИС-ийн жүжигчний ангид ороод бид 4 нэг нэгнээ олоод хамтлаг байгуулагдаж байсан түүхтэй.


 “Мартагдашгүй” тоглолтын таван хамтлаг бол тухайн үедээ урлагт хайртай, урлагаар явах хүсэлтэй залуучуудын хүсэл мөрөөдлийн чиглэл нь болж өгч байсан. Яалт ч үгүй эдгээр хамтлагуудын хийж байсан дуу, уран бүтээл, тоглолт, клип нь тухайн үеийн залуусын хүсэл мөрөөдлийг дэвэргэж, хийж бүтээх оргилуун хүсэлд нөлөөлж замыг засч өгсөн, хувь нэмэр нь байдаг болов уу гэж боддог. Би л гэхэд 10 жилээ төгсчихөөд 1996 онд найруулагчийн ангид сурч байхад хичээл маань Залуучуудын соёлын төв ордонд ордог байлаа. Тэнд “Сонор” студи байсан. Тэр студиэр “Камертон”, “Никитон”, “Харанга” дуучин Сараа, Ариунаа эгч гээд л бүгд тэр студиэр орж гардаг байлаа.  Өсвөр насны бидэнд урлагийнхан их гоё харагддаг. Гоё ах нар, гоё эгч нар гээд л... Дөнгөж оюутан болсон жаахан бацаанууд чинь тэр студиэр шагайх ч эрхгүй, шагайхаас ч айдаг. Энэ студиэр орж үзэх юмсан, их л гоё юм байдаг байх даа гэж боддог байлаа. Удаа ч үгүй хамтлагаа байгуулаад тэр хүсэл мөрөөдөл минь хоёр гуравхан жилийн дараа биелэсэн дээ. 

 



-Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?



-Ороод л, за нөгөө монголын номер нэг студи чинь энэ шүү дээ, ийм гоё байдаг юм байна даа гэж бодогдож байлаа. Яахав хамтлагаа байгуулаад хоёр гурван жил болчихсон, өөр студиэр яваад үзчихсэн болохоор ямархуу байдагийг гадарлахтайгаа болчихсон байсан л  даа. Гэхдээ л “Сонор” ямар байдаг бол гэсэн сониуч хүсэл мөрөөдлөөр “Сонор”-ын босгоор давж байлаа даа.
 

 


-Тухайн үед эдгээр хамтлагуудын ямар дууг нь илүү шимтэж сонсдог байв?


-“Камертон” хамтлагийнхан тухайн үеийн залуусыг бүрэн байлдан дагуулж байсан. “18 нас”, “Уйдах завгүй залуу нас”, “Хүсэл хясал”, “Сүнс” хамтлагийн “Чи хуурамч” гээд л хит дуунуудыг бүгдийг нь сонсоно. Нэг зүйл санаанд их тод байна. “Сүнс” хамтлагийнханыг эрээн шоотой цамц, мөрөвчтэй өмдтэй бүжиглээд дуулдаг үеэр нь илүү дурсан санадаг. “Сүнс”-ийн Лхагваагийн буржгар үс бусад хамтлагийн гишүүдэд байдаггүй л имиж. Дээр нь сонин дээр шалдан зургаа авахуулж дүрсгүйтэж байсан үе нүдэнд харагдаж л байна.

 


 
-Тэгвэл та бусад дөрвөн хамтлагаа тус тусад нь тодорхойлооч?



-“Камертон” хамтлаг бол яах аргагүй монголын нэг номерийн хөвгүүдийн хамтлаг. Тэд үргэлж залуусыг байлдан дагуулж анхдагч байж чадсан. Монголд хэзээ ч дөрвөн хоолой салгаж дуулж байгаагүй шүү дээ. “Сүнс” хамтлагийн тухайд бүжиглээд дуулж гарч ирсэнээрээ анхдагч. Тэр дундаа Эрдэнэтээс гарч ирээд монголын бүх залуусыг байлдан дагуулах хэмжээний уран бүтээл туурвиж чадсан. Харин “Номин талст” хамтлаг бол өвөрмөц хоолойны нэгдэл. Дээр нь маш гоё аялгуутай, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дуутай. “Номин Талст” хамтлагт байсан Равжаагийн зохиосон маш олон дуунууд хит болсон. Тухайлбал “Намрын хонгор салхи” гээд л. Би санадаг юм, тухайн үед “Браво” шоу гэж “Топ тен” диско клубт зохион байгуулагддаг байлаа. Энэ шоун дээр эдгээр таван хамтлагууд ид өрсөлддөг байсан. Хэн нь 1-т, хэн нь 2-т орсон бол гэдгээ сонсох гээд л тайзны ард догдлоод л... Гэхдээ хэдэд орох нь гол биш.  Аль хамтлаг нь дуулж байгаа дуугаараа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чадаж байна гэдгээ үзэх л хамгийн гоё мэдрэмж.


Одоо тэр гоё догдлол, мэдрэмж аравдугаар сарын 09-нд дахин давтагдах гэж байна. Би бол яг тэр шоутай зүйрлээд байгаа юм. Аль хамтлаг нь үзэгчдээ хөгжөөж, байлдан дагуулж чадах вэ, хамгийн ихээр хүлээлт үүсгэсэн хамтлаг нь аль байв гээд л. Манай тоглолтыг үзэх гээд ирж байгаа үзэгчид бид нартай нэг үеийн залуучууд голдуу ирэх байх. Тухайн үед биднийг үе тэнгийнхэн маань их сонсдог байсан. 17,18-тай жаахан хүүхдүүд. Харин одоо тэд нар маань бид нартай адилхан 35-45 насны залуучууд болчихсон байгаа байх. Энэ тоглолтын билет гуравхан хоногийн дотор зарагдсан гэхээр ямар их хүлээлт үүсгэсэнийг харуулж байгаа байх. Тэгэхээр бид тэр цаг үе буюу 90-ээд оныг л тайзан дээр эргүүлж авчрах гээд байна шүү дээ. Урьд хожид байгаагүй гэдгээрээ илүү их сонирхолтой, онцлогтой тоглолт болно гэдгийг л хэлмээр байна.

 


 
-    Танай хамтлаг “Салхи” хамтлагтай нэлээд ойр шүү дээ. “Хөөрхөн охин” гэдэг дуу чинь үнэхээр санаанд багтамгүй “хурдаар” хит болж байсан?

 


-“Салхи” хамтлагийн “Мартагдашгүй хайр”, “Чиний төлөө”, “Харц”, “Нандин хайр” гээд дуунуудыг сонсогчид андахгүй сайн мэдэх байх. Гэхдээ тухайн үед дууг нь мэддэг хэрнээ “Салхи” гэж ямар хамтлаг байдаг гэдгийг мэддэггүй байсан. Харин 1998 онд Эрдэнэтэд шоу тоглолт зохион байгуулагдахад “Салхи” хамтлагийн залуустай танилцаж, найзууд болж байлаа. 


Тэр шоунаас эргэж ирээд хамтраад “Хөөрхөн охин” дууг хийж байсан юм. Энэ дуу өглөө нь FМ-д өгөөд орой нь хит прадад шууд тэргүүлж байлаа. Мөн “Хөөрхөн охин” дуу хамгийн анх тайзан дээр дуулагдахдаа дахиулж байсан. Би үүнийг их сайн санадаг. Нэг шоунд манай хоёр хамтлаг оролцож “Хөөрхөн охин” дуугаа дуулаад тайзнаас буухад үзэгчид орилсоор байгаад дахиулж байсан. Тиймээс энэ дуу бол бидний нөхөрлөл эхлүүлсэний хамгийн том тэмдэглэл гэж хэлж болно. Одоо ч бид нар бие биенийгээ харахад тэртээх он жилүүд дурсагддаг юм.

 


-Тэгэхээр “Guys” хамтлаг эдгээр таван хамтлагуудаас “Салхи”хамтлагтай илүү ойр гэж хэлж болох уу?


- Бололгүй яахав. Манай хоёр хамтлагийн хамтарсан хоёр ч уран бүтээл бий. Ойролцоо байгуулагдсан болохоор их ойлголцдог гэх юм уу даа. “Салхи” хамтлаг 1997 оны 3 дугаар сард байгуулагдсан. Манай хамтлаг 1997 оны 11 дүгээр сард байгуулагдсан. Байгуулагдсан оноороо ярихад “Салхи” хамтлаг найман сарын өмнө байгуулагдаж байсан ах хамтлаг л даа.

 


-Бусад хамтлагуудтай хэр харилцаатай байдаг вэ?


-Нэг урлагийн тогоонд байгаа болохоор харьцахгүй байна гэсэн ойлголт байхгүй л дээ.  Гэхдээ бусад хамтлагууд ая зохиогч, яруу найрагч гээд хүмүүстэй хамтарч ажилладаг болохоор нарийн нягт уялдаатай байдаг. Тиймдээ ч тэд нарын хувьд хамтарсан уран бүтээл манайхыг бодвол их бий. Харин манай хамтлагийн нэг онцлог нь бүх уран бүтээлээ өөрсдөө хийдэг. Үгээ, аяа өөрсдөө зохиодог. Хамтарсан уран бүтээл ч их цөөн.

 



-Ер нь яагаад  хамтлагууд дөрвөн гишүүнтэй байдаг юм вэ. Одоо тоглолтоо хийх гэж байгаа бүх хамтлагууд дөрвөн гишүүнтэй?



-Би бол  ингэж л тайлбарлах юм байна. Поп хамтлагуудын хувьд тогтсон хэв маяг гэх юм уу даа. Хоолой салгаж дуулахад хамгийн тохиромжтой сонголт. Дөрвөн хоолой салгаж дуулахад шүү дээ. Манай хамтлагийн тухайд анх дөрвөн гишүүнтэй байж байгаад явцын дунд тав болоод буцсан л даа. Бид нарын хувьд хоолой салгана гэхээсээ илүү үгэлдэг.  Хип хоп R&B дуулж эхэлсэн. Анх аятай үглээд дуулдаг стилийг сонгосон. Одоо ч энэ хэв маяг хэвээрээ. Үүнээс хойш “Лимино”, “Ice top”, “Дижитал” гээд цэвэр хип хол хамтлаг үүсгэн байгуулагдсан түүхтэй. Нэг нууц хэлэхэд “Айстоп”, “Дижитал” хамтлагууд бид нарын ард бүжиглэдэг байлаа. Эдгээр хамтлагууд эхлээд цэвэр хип хоп чиглэлээр уран бүтээлээ тууриж эхэлсэн ч эргээд бидний стиль рүү орсон. Жишээ нь Айстоп “Энэ миний хайр”, Дижитал гэхэд л “Чамдаа” гээд л үглээд дуулдаг шүү дээ. Ер нь энэ стиль нь “хип хоп”-ыг зөөллөж ойлгуулахад хамгийн дөт хэлбэр байсан л даа. Гэхдээ хүмүүс манай хамтлагийг поп юмуу хип хоп юм уу гээд гайхаад байдаг. Бид хэдийгээр анх хип хоп R&B гэж гарч ирсэн ч сүүлийн үед хийж буй уран бүтээл минь ямар нэгэн стильд баригдахгүй болсон. Учир нь хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой, стильтэй байдаг. Байшинтай зүйрлэвэл тухайн хүн үйлдвэрлэсэн тоосгоор ямар ч байшин барьж болно шүү дээ. Заавал тийм, ийм стиль гэж баригдмааргүй санагдсан. Тэгэхээр энэ “Guys” гээд хамтлагт байгаа дөрвөн барилгачин залуугийн бүтээж байгаа уран бүтээл хэний ч хүсэл мөрөөдөлд баригдаагүй. Зөвхөн өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөөр барьж байгаа байшин гэж хэлж болно.

 


-Ирээдүйд эдгээр хамтлагуудтай уран бүтээл хийх бодолтой байгаа юу. Аль хамтлагтай илүү зохицоно гэж бодож байна?



-Зохицохын хувьд бүгдтэй нь зохицоно л доо. Гэхдээ ямар нэгэн уран бүтээлийг сайхан найруулах хэрэгтэй. Яавал хүнд хүрэх вэ. Хоёр хамтлагийн найман залуу тайзан дээр гарахад яавал хамгийн гоёор “Best” байх хувилбар аль вэ гээд л. Хамгийн багадаа 18 жил уран бүтээл туурвиж ирсэн хүмүүс чинь яавал хүмүүст таалагдаж, сайхан уран бүтээл гаргах вэ гэдэг талаас нь харж байгаад  хамгийн шилдэг уран бүтээл гаргах байлгүй дээ. Урлаг гэдэг чинь олон нийтийн таашаалд нийцсэн, олон хүнд таалагдсан бүтээл байж урлаг болно шүү дээ.

 



-Танай хамтлагийнхан “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” гэж байгуулсан шүү дээ. Тэр нэгдэл хайчив?



-Уран бүтээлийн 1 дүгээр нэгдэл бол бид нарын албан ёсны аж ахуй нэгж болгосон компани л даа. Анх байгуулаад хийж байсан “Сайн уу амьдрал минь” киноны дараа бусад уран бүтээлчид өөр өөрсдийн уран бүтээлээ хөөцгөөсөн. “A capella” хамтлагийн нэг гишүүн нь Америк явж, хамтлагийн хувьд уран бүтээл туурвих боломжгүй болж, мэргэжлийнхээ дагуу киноны руу орцгоосон. Манай хамтлагийнхан ч гэсэн жүжигчин, найруулагчийнхаа мэргэжлээр зургаан жил ажиллаж  байгаад 2014 оны сүүлээр эргэж уран бүтээлдээ орлоо шүү дээ. “TV коктель” хамтлаг одоо ч уран бүтээлээ хийгээд явж байна. Энэ ах дүүгийн нэгдэл бол одоо ч байсаар байгаа. Энэ нэгдлийн хажууд нь “Брос” гээд бас нэгэн ах дүүсийн нэгдэл байгуулагдчихсан байна.

 



-Таны ярианаас ажиглаж байхад “Ах дүүс” гэдэг үг их давтагдлаа. Урлагийнхны хувьд “Ах нь дүүгээ алд хүндэлнэ, дүү нь ахыгаа дэлэм хүндлэнэ” гэдэг үг хууль мэт үйлчилдэг юм шиг?


- Ахас дээдсээ хүндлэх нь монгол түмий уламжлал шүү дээ. Дээд курсынхээ хүмүүсийг хүндлэх ёстой, дүү нартаа “Ахаа” гэж хүндлүүлэхийн тулд хүндлэлтэй хүн нь байх ёстой юм байна гэдэг ч юм уу. Ер нь ах захтай байснаараа буруудах юм гэж байхгүйш дээ. Одооны хүүхдүүдэд ах зах гэж мэдэхээ байж. Ах захтай байснаар тэр хүнээс юу ч унахгүй л байхгүй юу. Харин ч илүү ёс зүйтэй болно.  Хувь хүн өөрөө хэр хүмүүжилтэй байх нь тэндээс л эхлэнэ. Тиймээс хүндлэх гэдэг зүйлээс суралцах хэрэгтэй.

 


-Таны хувьд нэлээд ганцаарчилсан уран бүтээл хийлээ. “Байна уу Ээжээ” гэдэг уран бүтээл таны хийсэн уран бүтээл юм уу, “Юнител” компаний захиалгат бүтээл үү?



-Яриад хувиараа хийж байсан уран бүтээл маань хамтын ажиллагаа болж хувирсан л даа. Тэгсэнээрээ ч оносон. Яагаад хамтын уран бүтээлийн сайхан контент гаргаж болохгүй гэж. Яг одоо манай монголд контент маркетинг гэдэг зүйл хөл толгойгоо олж чадахгүй байна. Яг юу хийх үү гэдгээ барьж авч чадахгүй байна шүү дээ.  Яг тэр замын уулзвар дээр “Байна уу Ээжээ” дууг гаргаж ирсэнээрээ “Контент маркетинг”-ийг ингэж хийдэг юмаа гэдгийг харуулж чадсан болов уу гэж боддог. Уран бүтээл хэрэгцээтэй байсан үүрэн телефоны үйл ажиллагаатай яаж уялдуулах уу, урлагийг яаж шоу бизнестэй холбож болдог юм бэ гэдгийг харуулахыг зорьсон. Тэр маань ч гэсэн амжилттай болсон.

 



-Өнөөдөр уран бүтээлчдийн бүтээл доогуур үнэлэгдэж байна. Тэр тусмаа оюуны өмчийн асуудал нэлээд сул байна. Тухайлбал танай хамтлагийн дууг дуртай нэг нь дуулаад халтуур хийх жишээтэй. Энэ асуудал дээр танай хамтлагийнхны хувьд ямар бодолтой байдаг вэ. Мөн сүүлийн үед гарч ирж байгаа уран бүтээлчдин хувьд ямар бодолтой байдаг вэ. Энэ олон шоунаас гарч ирж байгаа залуус урлагийн тогоонд ер нь тогтож үлдэж чадаж байна уу. Ер нь тийм чадамж байна уу?



- Яг миний бодож явдаг байр суурь гэвэл энэ дундаас хүсэл мөрөөдөлтэй, залуу нас, амьдралаа золиослоод урлагийн салбарт орж ирээд олон нийтийн таашаалд нийцэж чадаж байна уу.  Урлаг чинь өөрөө өршөөлгүй л салбар шүү дээ. Энэ шалгуурыг давж орж ирэхийн тулд хамаг залуу нас, гоо үзэмж амьдралаа золиослоод орж ирэх зүрх сэтгэлтэй хүүхэд  байна уу, алга. Хэрвээ ийм зүрх сэтгэлтэй бол бие биенийгээ олоод, хамтраад цөм авсан хамтлаг байна уу, байхгүй л байна. Заавал нэг арга хэмжээ, шоу зохион байгуулж, тэр дундаас нэг гаргаж ирж байна. Өөрөөр хэлбэл залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй, амар хялбар аргыг сонгодог болчихож. Тэгээд л ганц уралдаан тэмцээнд түрүүлчихээд ёстой нөгөө оддын өвчин тусч, автобусанд хүртэл сууж чадахаа байчихдаг.


Бидний үед “Одод болох хүслэн”, Ирээдүйн одод” гэж тэмцээн болдог л байсан. Манай Төгсөө “1 хороолол” гэдэг хамтлагт дуулдаг бүжиглэдэг. Бараг бүх л уралдаан тэмцээний тэргүүн байр эзэлдэг байсан. Тэгж явж байгаад өөрийнхөө  авьяасыг нээж, ая зохиодог болсон. Хамтлагт орж ирээд хүсэл мөрөөдлөө нэгтгээд уран бүтээл бүтээсэнийхээ дараа ангийнхандаа сонсгоод хэдэд нь таалагдаж байна. Хэдэд нь таалагдахгүй байна. Яагаад таалагдахгүй байна гэдгээ судалж байгаад FМ-д өгч,  өөрсдийгөө сорьдог байлаа.  Тийм замаар явсан нь би нарын цуцашгүй зорилго байхгүй юу. Ийм байж чадсан болохоор 18 жил урлагийн замаар яваад ирчихэж.



Гэтэл одооны залууст үүнийг тайлбарлахад үнэхээр хэцүү. Ололтой ч тал байна, дутагдалтай ч тал байна. Нийгэм чөлөөтэй болсоноор юу хийх нь дурны асуудал болсон. Хэн дуртай дуу дуулж, кино хийдэг болж. Гэвч ийм хялбар аргаар явсан хүмүүс хол явж чадахгүй. Уран бүтээл хийхийн тулд нойр хоолгүй зүтгэж, дуулах гэж байгаа дууныхаа үг, үсгэн дээр хүртэл ажилладаг байх ёстой. Нэг авъяастай нэг хүүхэд байлаа. Шалгуулахын тулд нэг дуу дуулах хэрэгтэй болно. Өөрийгөө авъяастай гэж бодож байгаа бол би гэж хүн цор ганц шүү олонд таниулах ёстой. Ийм ородлого алга. Үүнийг л амар хялбар зам л гэж тайлбарлах гээд байна. Уран бүтээл хийхийн төлөө шатах хэрэгтэй, өөрийгөө таних хэрэгтэй.

 


 
-Таны мэргэжил бол жүжигчин. Нэлээд хэд хэдэн кинонд ч тоглож, үзэгчидээсээ нэлээд өндөр үнэлгээ авчихсан. Гэхдээ таныг зарим хүмүүс драмын театрын тайзнаас харахыг хүсч байж магадгүй юм. Жүжигт тоглох санал ирж байв уу?



-2001 онд СУИС төгсөхдөө “Гамлет 2001” гэж сонгодог жүжиг тоглож байлаа. Бас “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг” жүжгийг Драмын театрт амжилттай тоглосон. Тэгэхээр тайзны бүтээлд тоглох туршлага бол бий. Үзэгчдийн хайрыг татсан бүтээлд тоглохыг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч монголд тайзны бүтээл туурвихад маш их учир дутагдалтай. Гурван жилийн өмнө “Тв коктель” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” гэж жүжгэн дээр гүйцэтгэх продюссероор ажилласан. Маш гоё жүжиг учраас мэргэжлийн театрын тайзан дээр тоглох хэрэгтэй байсан ч тайз нь олдоогүй. Драмын театр Чуулгатай хамт тайзаа хуваачихдаг. Дуурь ч гэсэн дотроо бүжигчид, дуучид нь тусдаа уран бүтээлээ толилуулдаг учраас тайзны олдоц муу. Тийм учраас энэ жүжгийг мэргэжлийн бус тайзан дээр тоглох л боломж байсан. Гэвч мэргэжлийн тайз биш болохоор энэ сонгодог бүтээл биш, хошин шогийн үзүүлбэр болж хувирна. Тийм учраас миний харж байгаагаар тайзны олдоцын нэмэх, нэг бол хоёр тайзаа бүх уран бүтээлчиддээ нээлттэй болгох хэрэгтэй. Чөлөөт уран бүтээлчиддээ нэг шалгуур тавьчих хэрэгтэй. Тэр шалгуурыг давсан нь бүтээлээ хүргээд явчих. Харин даваагүй нь хэрэггүй шдээ. Театрын уран бүтээл хийх мөрөөдөл аль сургууль төгссөн үеэс л буцлаад ирсэн. Тэр дэврүүн хүслээрээ “Зун орсон цас” театрын музыкл хийсэн. Гэвч ийм шалтгаанаар тайз олдохгүй байсаар байгаад эцэст нь зүгээр л дурсамж болон үлдсэн. Бичлэг хийж аваад DVD болгоод л өнгөрсөн дөө.

 



-Зарим жүжигчид хошин шогт нэлээд шүүмжлэлтэй ханддаг ш дээ. Таны хувьд юу гэж боддог вэ?


-Хошин шог бол аль ч нийгмийн үед байсаар ирсэн. Хошин шог ямар үед байдаг гэхээр одоо монголд нүүрэлчихээд байгаа хямрал. Хямрал хүмүүст маш их бухимдалыг төрүүлдэг. Хүмүүс тэр бухимдалаа тайлах гэж хошин шог үздэг. Нэг үе арай хэтрүүлээд л байна уу гэж бодогддог байсан. Харин одоо хүмүүстэй уулзахаар хошин шог дээр гардаг шиг гэж ярьдаг болжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс үзсэн хошин шогоосоо юм авч үлддэг болсон байна. Гэхдээ хошин шог хөгжихгүй байгаа. Миний багад “Учиргүй гурван толгой” явган шог тайзан дээр гарч ирээд тоглоход үзэгчдийг тэр аяар нь хөгжөөдөг байсан. Өмсөж байсан хувцастайгаа гарч ирээд л ярихад үзэгчдийг байлдаг дагуулдаг. Хошин шогийн нэртэй төлөөлөгч нар Жанживдорж, Чаминчулуун, Батзаяа нар бол нэртэй мастерууд байсан. Тэр бүхнээс авч үлдсэн хэв маягаа одоо болтол хөгжүүлж чадахгүй байна уу даа гэж хувийн зүгээс хардаг.

 



-Тун удахгүй 20 жилийн ой болох гэж байна. Тэгэхээр ойгоо хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?



-Ирэх 2017 онд манай хамтлагийн 20 жилийн ой болно. Хамтлагийнхны хувьд уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Тодруулбал 2016 онд бид дэлгэцийн уран бүтээлд орно. Манай хамтлагийн дөрвөн залууг нэг кинонд тоглохыг хүсч байгаа үзэгчид цөөнгүй бий.

 

 

Ярилцсанд баярлалаа

Б.Ариунзаяа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment