Амарзаяа

Намсрай Амарзаяа

Монгол ардын нам

Н.Амарзаяа: Хүмүүс УИХ-ын гишүүнийг "мөнгө" л гэж хардаг юм шиг санагдсан

Ийгл Ньюс” телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Н.Амарзаяа уригдсан байна. Түүний ярилцлагыг товчлон сийрүүллээ.

 -Хоёулаа ярилцлагаа яагаад улс төрд орох болсон бэ гэх асуултаар эхэлье. Та яагаад намын гишүүн болъё гэж бодсон бэ?

-Би зүгээр нэг хийрхэл бодлоор албан тушаалтай болохын төлөө улс төрийн намыг сонгоогүй. 1998 онд МУИС-иийг төгсөөд, 1999 онд анхныхаа ажилд ороод явж байхдаа би аавынхаа намыг сонгож, гишүүнээр элссэн. Миний аав улс төр, нийгмийн зүтгэлтэн хүн байсан. Аав маань Өмнөговь аймгийнхаа анхны төлөөлөгчөөр сонгогдож, сумынхаа орон тооны бус хурлын дарга, говийн бүсийн мал аж ахуйн салбар хүрээлэнгийн захирлаар олон жил ажиллаж байсан. Би аавынхаа ажлыг үргэжлүүлж, залгамжлая гэж бодон улс төрийн намд элссэн.
Улс төрийнхөө гарааг намынхаа дэргэдэх залуучуудын байгууллагаас эхэлж, 10 гаруй жил Өмнөговь аймгийнхаа залуучуудын дуу хоолой болсон. Ингээд аймгийн намын дэд дарга болтлоо явсан.

-Та нэгэнт төрийн хүн болчихлоо. Танд төрийн хүн болох ёстой гэдэг мэдрэмж, мэрийлт, үзэл бодол хэдийнээс эхэлсэн бэ?

-МАН-ын гишүүний батлах авахаас л миний үзэл бодол тууштай эхэлсэн. Би ард түмнийхээ дундаас л энд хүрсэн. Тиймээс Монгол улсын төрийн бодлого, шийдвэр ард түмэндээ ээлтэй, хэрэгцээтэй, яг ард түмнийхээ амьдралд нийцсэн байгаасай гэж хүсч явдаг. Түүний төлөө ч зүтгэнэ.

-Та энэ намд элссэнээр орон нутагтаа юу хийж чадсан бэ?

-Залуучууд, эмэгтэйчүүдийн эв нэгдлийг хангахын тулд нүдэнд үзэгдэж гарт баригдах барилга байгууламж гэхээсээ илүүтэй хүний хөгжлийн төлөө олон ажил хийсэн. Нэг ч гэсэн залуугийн сайн сайхны төлөө манлайллын төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

-Бүх хүнтэй нээлттэй ил тод харьцаарай гэж  аав минь зааж, сургасан-

-Таныг улс төрд хөл тавихад аав тань юу захиж байв?

 -Хүнийг битгий алагчилж үзээрэй. Бүх хүнтэй нээлттэй ил тод харьцаарай гэж зааж, сургасан.

-Монгол улсын эдийн засагт Оюутолгой, Тавантолгой хамгийн том нөлөөтэй.  Та Өмнөговиос сонгогдсон тэндхийн унаган иргэний хувьд энэ “толгойнууд” МУ-ын эдийн засагт ямар нөлөөллийг үзүүлнэ гэж боддог вэ?

-Монгол Улсын Засгийн газар 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-ын чуулганаар баталсан.Үүнд, Өмнөговь аймгийг МУ-ын стратегийн холбогдол бүхий эдийн засаг нийгмийн хөгжлийг авч явах хамгийн томоохон аймгийн нэг гэж үзсэн. Олон орд газрууд эдийн засгийн үр ашгаа өгөх гээд зорьж, зүтгэж байна. Үнэхээр нүүрс, эрдэс баялагийн үнэ зах зээлд үнэтэй байвал МУ-ын эдийн засагт сайн нөлөөтэй. Үнэ нь буурвал МУ-ын эдийн засагт муу нөлөө үзүүлнэ. Энэ уурхайнуудыг таг зогсоовол Монгол улс юугаараа цалин тавьж, хүүхдийн мөнгөө өгөх юм бэ.

-Таныг УИХ-ын гишүүн болсноос хойш хэр их гуйлт ирж байна вэ?

-Үгээр хэлэхийн аргагүй их гуйлт ирж байгаа.Нуулгүй хэлэхэд хүмүүс УИХ-ын гишүүнийг "мөнгө" л гэж хардаг юм шиг санагдсан шүү. Гишүүд маань өнгөрсөн хугацаанд ард иргэдээ тийм төвшинд хүргэсэн байж мэдэх юм. Хамгийн гол нь хүнд загас бариад өгөх биш, загас барих арга ухааныг нь зааж өгөх ёстой гэж би боддог.Нөгөө талаараа би бусадтай л адилхан иргэн шүү дээ. Гэхдээ амьдрахын төлөө, амьд байхын төлөө зорьж, зүтгэж байгаа хүмүүст дэм тус болохыг хүсдэг.

 -Би олны анхааралд орсон УИХ-ын гишүүн болжээ гэдгээ илүү мэдэрсэн-

-Та албан тушаал эрх  мэдлийг мөнгөөр худалдаж авдаг гэдэгтэй санал нийлдэг үү?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Өнгөрсөн найманд жилд Өмнөговь аймагт манай нам ялагдсан. Энэ хугацаанд би намын дэд даргын ажлаа хийж, сөрөг хүчний байр сууриа хадгалсаар ирсэн.

-УИХ-ын гишүүн болсноор хамгий түрүүнд юун дээр илүү анхаарах ёстой гэж та харж байна вэ?
-Ер нь хэвлэл мэдээлэл маш хүчтэй юм байна гэдгийг ойлгож явна.Хэвлэл мэдээлэл хүний сул талыг янз бүрээр массад ойлгуулах хүчтэй юм байна гэдгийг сайн ойлголоо.

-Энэ асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байх. Олон хүн таны бохь зажилсан үйлдлийг шүүмжил байна. Ер нь хүн яагаад бохь зажилж болохгүй гэж?
-Би Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Г.Мөнхцэцэг гишүүний өмнө агаарын бохирдлын асуудлаар бодлогын зүйлс ярьсан л даа. Агаарын бохирдлын асуудал сүүлийн 20 жилийн турш яригдаж байна. Хэцүү нөхцөл байдал үүссэн нь үнэн.
Тухайн үед би тийм алдаа гаргасан нь үнэн. Тэр үйлдлээсээ уучлал хүсье. Маш том сургамж боллоо гэж харж байна. Нөгөө талаараа би олны анхааралд орсон УИХ-ын гишүүн болжээ гэдгээ илүү мэдэрсэн.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.