Батзандан

Жалбасүрэн Батзандан

Ардчилсан нам

Ж.Батзандан: Манай намын зарим дарга намайг "Чимээгүй бай" гэж хэлсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг, үеийн асуудлаар ярилцлаа.

“Манай Засгийн газар ямар ухаан муутай юм бэ”

- Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсгийг гаргасан. Ажлын хэсгийнхэн гурван сар дуншсаны эцэст сая нэг дүгнэлтээ гаргалаа. Энэ дүгнэлтэд чухам юу гэсэн байх юм. Таньд олж мэдсэн зүйл байна уу?

- Засгийн газрын дүгнэлт бидэнд ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Асгатын мөнгөний ордын тал нь мөн бусад 30 гаруй ордын асуудал яригдаж байна. Монгол, Оросын Засгийн газар хоорондын байгуулсан 2003, 2007 оны олон улсын гэрээний асуудал мөн сөхөгдөөд байна. Олон улсын гэрээг өөрчлөх, цуцлах, шинэчлэх нь тухай улсын парламентын онцгой бүрэн эрхэд хамраагддаг. Өнөөдөр олон улсын гэрээгээр зохицуулагдсан томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр хэсэг бүлэг этгээд завшчихсан байна. Монгол улсын Үндсэн хуулийн 25, 38-р зүйлд олон улсын гэрээтэй холбоотой бүх асуудлыг УИХ өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд авч хэлэлцэнэ гэсэн заалттай. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Асгатын мөнгөний орд гэх мэт томоохон ордуудын асуудал хууль бусаар замаар “явчихлаа”. Тэгэхээр хуулийн дагуу асуудлыг шийдэх шаардлага нэн тэргүүнд тавигдаад байна.

- Дүгнэлтэд тусгагдсан тодорхой зүйлийг хэлж болох уу?

- Хуулийн зөрчил болон өмнөх Засгийн газрын яарч, сандран гаргасан олон хууль бус тогтоолыг бидэнд ирүүлсэн. Бид судалж байна. Стратегийн орд, олон улсын гэрээтэй холбоотой асуудлыг яарч сандран яагаад шийдэв гэдэг нь сонирхол татаж байгаа. Энэ их баялагийн ордыг сонгуулийн өмнөх долоо хоногт нэг хувийн компанид шилжүүлсэн нь асуудалтай юм. Үүнийг нягтлах ёстой. Энэ ордуудыг гурван сая иргэндээ өгөх боломж байсан. Ард түмэндээ хувьцаа хэлбэрээр өгөх боломжтой. Гэтэл Засгийн газар энэ боломжоосоо татгалзсан. Энэ бол том хулгай, луйвар. Ганц намын хийж чадах ажил биш. Нам дамжсан бүлэглэлийн хулгай.

 

Би тус бүлэглэлийн толгойлогч нарт нэг л зүйлийг хэлж байгаа. “Эх орноо бодооч. Шунал тачаалаа хязгаарлаач” гэж хэлж байгаа.

- Тэр бүлэглэлийн толгойлогч нарыг нэрээр нь хэлж болох уу. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр та “Нэг хүн намайг УИХ-ын гишүүнийхээ ажлыг хий. Эрдэнэтийн асуудалд битгий орооцолд гэж хэлсэн” гэж хэлсэн Нэг хүн гэж хэнийг хэлээд байна вэ?

- УИХ-ын гишүүн бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Би Монгол улсын Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Стратегийн орд, газрын хэвлийн баялагтай холбоотой бүх асуудал УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Мөн олон улсын гэрээтэй холбоотой бүх асуудал УИХ-ын түвшинд яригдах ёстой. Гэтэл бүлэглэлийн толгойлогч нар уг асуудлыг УИХ-аар битгий хэлэлцээч гэж шахаж, дарамталж байна. Нэр усыг нь би хэлээд яахав. Бүх хүн мэдэж байгаа. Энэ их баялагийг Монгол Ардын намын талын хүмүүс авсан. Худалдаа хөгжлийн банкийг тойрсон хүмүүс бий. Гэхдээ энэ том хуйвалдааныг нэг намынхан хийж чадахгүй. Тэгэхээр уг асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Ямартай ч хуулийн зөрчил гарлаа. УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан шүү гэдгийг би хэлж байгаа. Зарим дарга нар намайг чимээгүй бай. Уг асуудал дээр нүдээ аниад өнгөр гэж хэлж байгаа. Бүлгийн хурал дээр ч хэлж байгаа.

- Танай намын дарга нар уу?

- Манай намын зарим дарга нар. Би тэр хүмүүст хандаж “Уг асуудлаар би чимээгүй байж чадахгүй” гэж хэлсэн. Нам болон хувийн эрх ашгаа доогуур эрэмбэлэж сур гэж хэлмээр байна.

- Асгатын мөнгөний орд тэргүүтэй 30 гаруй томоохон ордод хууль бус ямар асуудал үүсчихсэн юм бэ?

- Засгийн газар сонгуулиас өмнөх 10 хоногт “Mongolian copper corp” компанид Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет –ийн Оросын талд ногдох хувиудыг шилжүүлсэн. Дээрх үйлдвэрүүдийг хувийг Монгол улс тэргүүн ээлжинд авах боломжтой байсан. Гэтэл энэ давуу эрхээсээ татгалзсан. Оросын тал Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет –ийн хувийг Монголын талд өгье гэдэг саналыг явуулсан байдаг. Монголын Засгийн газар “Бид Эрдэнэтийн 49 хувь болон Асгатын мөнгөний ордын талыг авахгүй. Хувийн компанид өг” гэдэг бичгийг хариуд нь өгсөн. Засгийн газар эдгээр ордын тал хувийг авахгүй гэдэг бичгийг яагаад хийж өгөв. Асар их баялагаа өөрийн болгох боломжоосоо  татгалзав гэдэг нь их сонирхлыг татаж байна. Монголын баялагийг 27 настай хүүхдийн байгуулсан хоосон шахуу компанид зүгээр өгөх болсон нь сонирхол татаж байна. Эрдэнэтийн 49 хувь, Асгатын мөнгөний орд, Монголросцветмет дэхь том ордуудыг Монгол улс сүүлийн 70-80 жилд асар их хөрөнгө зарж байж бий болгосон юм. Энэ ордуудыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад л 10 тэрбум доллар босгох бүрэн боломж харагдаж байгаа. Монгол улсын бүх өрийг төлөх бололцоо боломж байсан. Харамсалтай нь Монголын Засгийн газар энэ боломжоо 27 настай хүүхдийн байгуулсан компанид алдчихлаа. Үүнд л би харамсаад байгаа юм. Олон хүн “Манай Засгийн газар ямар ухаан муутай юм бэ” гэж ярьж байгаа. Би ч мөн тэдэнтэй санал нэг байна. Уг асуудлыг УИХ-ын гишүүдээс нууж, Үндсэн хуулийг зөрчиж шийдсэн. Үүнийг хуулийн дагуу шалгаж алдаа, завхарлыг засаж залруулах ёстой.

- Засгийн газар уг асуудлыг даруйхан шалгаад нэг тийш нь болгочих юм бол Эрдэнэтийн асуудал шийдэгдэх боломжтой харагдаж байгаа. Гэтэл Засгийн газар уг асуудлаар дорвитой ажиллахгүй байна. Засгийн газрын зүгээс үнэн зөв мэдээлэл өгч чадахгүйгээс болж  ард иргэд уг асуудлаар төөрөлдөөд байна?

- Засгийн газар гурван сарын дараа нийгмийн шахалт, шаардлагаар дүгнэлтээ гаргасан. Одоо дүгнэлтийнхээ дагуу хуулийн зөрчлийг арилгах ёстой. Үүнийг л би хүлээж байна.

- Хуулийн зөрчлийг арилгуулна гэхээр  Засгийн газар 49 хувиа буцааж авна гэсэн үг үү ?

- УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой.УИХ дүгнэлтээ гаргах ёстой. Бид шахаж, шаардаж байна.

О.Хулан