Нарантуяа

Загдхүү Нарантуяа

Ардчилсан нам

З.Нарантуяа: Хөгжлийн банкийг улстөржүүлээд байвал гадаад зах зээл дээрх бонд эрсдэлд орно

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ. АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дөрвөн хувь эрсдэлтэй. Үүний хоёр хувь нь төрийн өмчийн компаниудад олгосон зээл эзлэж байна гэсэн юм. Мөн Төрийн банкны асуудлаар МАН-ынхан улс төржиж байна гэв. 

Энэ талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Чингис, Самурай бондоор нийт 1.8 тэрбум ам.доллар 580 саяын евро бонд босгож Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдэд олгосон. Энэ гадаад бондоор маш их хэрэгцээгүй зүйл хийж, идэж уусан гэж МАН-ынхан улстөржсөн. Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн 200 гаруй хуудас дүгнэлт нууц байсныг өнгөрсөн долоо хоногт манай бүлгийн гишүүд авч танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн 50 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр бүтээн байгуулалтын 389 төсөл хөтөлбөрт олгосон. Тэр төсөл хөтөлбөрийн жагсаалтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулан 2000 орчим компанид зээл олгосон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлд зээлийн эрсдлийн сан байгуулаагүй. Тэгэхээр нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй. Үлдсэн 25 хувийг Хөгжлийн банк 16 төсөл хөтөлбөрт зээл олгосон. Нийт зээлийн дөрвөн хувь дээр нь эрсдэлийн сан байгуулсан байна. Эрсдэлийн сан байгуулсан компаниудын ихэнх нь төрийн өмчийн компани байгаа юм. Тодруулбал, Дулааны цахилгаан станц, Амгалан станц, МИАТ, “Эрдэнэс MGL”, “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК зэрэг томоохон төрийн өмчийн компани энэ зээлийн ихэнхийг нь авсан. Энэ зээлүүд дээр эрсдэлийн сан байгуулсан.  Хувийн хэвшлийн компаниуд дунд МАН-ын гишүүдтэй холбоотой компани байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. АН-ын бүлэг шалгалтын дүнгийн 200 хуудас материалыг олон нийтэд нээлттэй болгох шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Засгийн газар биелүүлнэ гэж амалсан. Мөн түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуулийг хурдан шуурхай хэлэлцэж улстөрчдөөс хараат бус байх боломжоор хангахаар болсон. Энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцүүлнэ.” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Энэ долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсон. Миний бие хуулийн төслийг хамтарч боловсруулсан. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавьж мухарлах хэрэгтэй байгаа юм. Тус банк нь Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд өргөх том төслийг санхүүжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах хамгийн том институц юм. Энэ институцыг бид улстөржүүлээд хаячихвал үнэ цэнэ нь буурна. Гадаад зах зээл дээр Хөгжлийн банкны бонд эрсдэлд орно. Тиймээс тус банкны үнэ цэнийг хамгаалж, үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллах боломжоор хангах нь зүйтэй. Бид өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкаар дамжуулж олгосон нийт зээлийн 54 хувийг Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд зарцуулсан. Ялангуяа эдийн засгаа солонгоруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдсан. Энэ бүгдийг хувийн сектор хийсэн. Хувийн салбараа дэмжих ажил орлоготой болгохын тулд бонд гаргасан. Үүнийг зүгээр л үр ашиггүй өр гэж нэг талаас нь тайлбарлах зохимжгүй. Тиймээс тоон дээр суурилж дүгнэлт гаргахыг хичээсэн. Яг өнөөдрийн байдлаар “Чингис” бондын 2,6 их наяд төгрөгийн зээл байна. Засгийн газар Хөгжлийн банкны шалгалтыг актыг нууцын зэрэглэлээс ил гаргасны дараа шалгалтын материалыг фейсбүүк дээр тавина. Төсөл хэрэгжүүлсэн компаниуд төсөвт өртгөө нэмэгдүүлсэн гэж буруутгах нь зохимжгүй. Зарим нэг алдаатай зүйл байгаа байх. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тогтоогоод өөрсдийн шугамаар ажлаа хийдэг баймаар байна. Тэр болгоныг улстөржүүлж, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байна гэж үзсэн. Тодруулбал, Хөгжлийн банкаар дамжуулж хэрэгжих Монгол Улсын хөгжлийн бодлого, урт хугацааны баримт бичгүүдтэй уялдуулж, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл нь Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн хэдэн хувь нь байх юм бэ гэдгээ тодорхой тогтоож журам стандартаа тодорхой болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Ингээгүйгээс болоод өнөөдөр ихэнх  зээл УИХ, Засгийн газар дээр яригдаж шийдэгддэг болсон.  Шинэчилсэн найруулгын хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэж үзсэн. Нэгдүгээрт, Хөгжлийн банкаар дамждаг төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын бодлого төлөвлөлт, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, баримт бичгүүдтэй уялдуулж, төсвөөс эргэж төлөх нөхцөлтэй олгох зээл нь Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн хэдэн хувь байх вэ гэдгийг тодорхой тогтоож, журам стандартыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээс болоод өнөөдөр ихэнх зээлүүд зөвхөн Засгийн газар, УИХ дээр яригдаж шийдэгддэг болсон учир энэ банкны өөрийнх нь бие даасан байдал алдагдчихаад байна. Тиймээс санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хуульдаа маш тодорхой зааж өгөөд, хэн тогтоохыг нь тодорхой хэлж өгөх нь чухал байна. Хоёрдугаарт, Хөгжлийн банк бие дааж ажиллах боломжийг олгож өгөхгүй бол бүх зүйлийг улс төрөөс хамааралтай санхүүжүүлэхээр хараат бус, бие дааж ажиллах чадваргүй болчихоод байна. Тийм чадвартай болгохын тулд эрх, үүргийг нь өргөн болгож өгөх хэрэгтэй. Үүнийг хуульд тусгасан байна. Тийм учраас бид энэ хуулийн дэмжиж байгаа. Мөн Хөгжлийн банкны удирдлагын хараат бус байдал. Өнөөдөр тус банкны ТУЗ-ийн есөн гишүүний зургааг Засгийн газраас томилж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ улс төрөөс хараат, тэр тусмаа Засгийн газар төрийн албан хаагчдаа тийш нь томилох нь утгагүй зүйл. Энэ цэвэр мэргэжлийн хүмүүсийг тавьдаг байх ёстой гэж хуулинд оруулж өгч байгаа. Олон нийтийн хараа хяналтыг сайжруулах үүднээс хараат бус ТУЗ-ийн гишүүн гэж гурван хүн ажилладаг. Тэрийг сонгодог утгаар нь хараат бус байх, аж ахуйн нэгжүүд, хувийн секторын төлөөллийг оролцуулдаг заалтыг оруулж өгөхгүй бол энэ Хөгжлийн банк хараат бусаар ажиллаж чадахгүй болоод байна. Иймэрхүү үндсэн зарчмуудыг энэ хуульд суулгаж өгч байгаа. Энэ хуулийг АН-ын бүлэг дэмжлээ" гэв. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

- Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийнхэнд олгосон зарим зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан. Хэдэн аж ахуй нэгжийн зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан бэ. Ер нь Засгийн газар баталгаа гаргаад байх нь хэр оновчтой вэ?

З.Нарантуяа: Ажлын хэсгийн актан дээрх мэдээллээс хувийн хэвшлийнхний авсан хэдэн зээлэнд Засгийн газар баталгаа гаргасан тухай мэдэх боломжтой. Яг цээжээр хэлэх бололцоогүй байна. Ер нь АН-ын бүлэг улс орны эдийн засагт зайлшгүй хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрүүдэд Засгийн газар баталгаа гаргадаг байвал зохилтой гэсэн байр суурьтай байгаа. Одоо гаргасан байгаа Засгийн газрын баталгаа хуулийн дагуу юу, үгүй юу гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтээс аваарай. Ажлын хэсгийн дүгнэлт нууцын зэрэглэлээс удахгүй гарна. Засгийн газрын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, Засгийн газрын баталгаа гаргаж олгосон зээл хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. 

Пүрэвдорж: Хөгжлийн банкнаас гаргаж байгаа зээл, Засгийн газрын баталгаа хоёр ондоо. Засгийн газар хэд хэдэн компанийн зээлэнд баталгаа гаргасан гэж сонссон. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын зээлэнд баталгаа гаргасан байх жишээтэй. Засгийн газрын баталгаа Хөгжлийн банктай ямар нэг байдлаар холбоогүйгээр явна.

-Чуулган дээр яригдаж байсан 3,2 их наяд төгрөгийг энэ сараар тасалбар болгоно гэдэг ямар учиртай юм бэ. Зээлийн төлөлтийг АН-ын бүлэг шаардах уу. Эргээд төсвөөс төлөгдөх 3,2 их наядыг Сангийн яаманд авчирч байгаа юм байна гэж ойлгосон. Тэр тогтоолын төслийг дэмжиж байна уу. Хөгжлийн банк гаднаас 6 хувийн хүүтэй зээлсэн байхад Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкинд 4 хувийн хүүтэй байршуулсан байна. Яагаад ингэж байршуулсан юм бэ?

- УИХ-ын гишүүн З.Нарантуяа: УИХ-аас батлахаар яригдаж буй тогтоолын төслийн нэгдүгээр заалтан дээр Засгийн газар, Хөгжлийн банк хоёрын хоорондох өглөг, авлагын тооцоог нийлүүлэхээр тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, засгийн газар өөрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр гаргасан бондын нийт дүн 2.6 их наяд хүрсэн. Энэ мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулж, дэд бүтэц, зам барих, үйлдвэрлэлийг дэмжих гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхой төслүүдэд санхүүжилт хийсэн. Нөгөө талд Хөгжлийн банкны эх үүсвэрийг засгийн газар зээлэх замаар санхүүжүүлсэн төслүүд бий. Эдгээр төслүүдийн мөнгийг засгийн газар төсвөөс нөхөн төлөх хэлбэрээр өглөгөө барагдуулахаар зохиуцуулалт хийгдэх юм. Ингээд тооцохоор Хөгжлийн банк засгийн газарт 2.6 их наяд төгрөгийн өглөгтэй,  3.2  их наяд төгрөгийн авлагатай байгаа юм. Энэ хоёр байгууллага авлага, өглөгөө тооцоолж, блансаа цэвэрлэх зорилгоор УИХ-аас тогтоолын төсөл батлахаар ажиллаж байна гэсэн үг. 

-Тэгэхээр тогтоолын нэгдүгээр заалтыг танай бүлэг дэмжинэ гэсэн үг үү?

-Бондын эргэн төлөлтийг хэн хэн төлөх бэ гэдэг асуудал маш тодорхой байгаа. Нэгэнт төр өөрөө захиалаад дэд бүтцээ бариулж, станцуудаа бариулчихсан тохиолдолд төр төлөлтөө хийнэ. ААН-үүд эдгээр ажлуудыг  тендерт орж шалгарах замаар гүйцэтгэлээ хийгээд л явчихсан. Тэгэхээр 2.6 их наяд төгрөгийг ААН-үүд төлөхгүй. Төлөлтийг цэвэр засгийн газар хариуцах учраас  Хөгжлийн банкны бланс дээр байлгаад байх нь зохимжгүй гэж үзсэн. Учир нь, Хөгжлийн банкинд дахин эх үүсвэр хэрэгтэй. Цаашдаа санхүүжилтээ хийгээд явахад блансаа цэвэрлэх шаардлага үүсээд байгаа учраас тогтоолын нэгдүгээр заалтыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа. 

-Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөсөө 111 тэрбумын сан байгуулснаар чанаргүй зээлүүд хаагдана гэж ойлгох болох уу? 

-Бүх зээлүүдийг чанартай, чанаргүйгээр нь ангилж, төлөгдөх боломжгүй зээлүүдийг Хөгжлийн банк өөрийнхөө хөрөнгөөр сан байгуулж хаахаар ярьж байна. Үүний дагуу 111 тэрбум төгрөгийн сан байгуулаад нэр бүхий ААН-үүдийг чанаргүй зээлийг хаагаад явна. Тэгэхээр Хөгжлийн банкинд өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тийм ч учраас УИХ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Хөгжлий банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тогтоол оруулж ирсэн гэж ойлгох хэрэгтэй. 

-Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх санал орж ирсэн энэ талаар? 

-Анх нэг их наяд төгрөгөөр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх санал орж ирсэн. Энэ тооцоон дээр АН-ын бүлэг ажиллаж, “500 тэрбум орчим төгрөг байхад болно” гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Яагаад гэхээр, сан байгуулах гээд буй 11 тэрбум төгрөгөн дотор  шаардлагагүй төслүүд ч байна. Нийт 17 компанийн 7 нь төрийнх. Төрийн өмчит компанийн өрийг төр барагдуулахаар нэг хармаанаасаа аваад, нөгөө хармаа руугаа хийж байгаа л хэлбэр. Тийм учраас  төрийн өмчит компаниуд дээр сан байгуулах хэрэг байна уу гэсэн байр сууринаас АН-ын бүлэг хандаж байна. 

-Төрийн өмчит компаниудын зээлүүдийг ямар зохицуулалтаар эргэн төлөлт хийлгэх боломжтой бэ?    

-ТЭЦ-4, МТЗ, МИАТ, ТОСК  зэрэг нэр бүхий зургаан төрийн өмчит компаниудад зарцуулсан санхүүжилтийн  90-95 хувь нь  эргээд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тэгэхээр Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр эдгээр зээлийг даралгүйгээр тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. ТОСК л гэхэд Хөгжлийн банкны санхүүжилтээр барилгаа барьчихсан. Одоо барилгуудаа борлуулаад, зээлээ төлөх гарц байна. Гол нь энд зээлийг урт хугацааны ангилалд оруулахад сан байгуулах ямар ч шаардлага үүсэхгүй. 

Т.Энхэлээ