Нарантуяа

Загдхүү Нарантуяа

Ардчилсан нам

З.Нарантуяа: Тооцоо судалгаагаа хангалтгүй хийснээс алдаатай ШИЙДВЭР, БОДЛОГО гарсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордонд төсвийн тодотгол, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлыг үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Засгийн газар хоёр зүйл дээр иргэдээ бодоосой гэдэг үүднээс энэ санааг хэлж байна. Долоон татварын гурвыг шууд тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байгаа. Хуулийг хэлэлцэж байх үед зарим гишүүд хугацааг 10 дугаар сарын 1-нээс болгож өгөөч гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Хоёрдугаарт тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмж байгаа. Гол нь малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан ч эргээд байран дээрээ очиж байна. Яг үүн шиг хүнд хортой нөхцөлд очдог хүмүүс наана тэтгэвэрт гардаг байсан бол буцаад байрандаа очлоо. Иргэдийн амжиргааны түвшин байдлыг дордуулсан хуулиуд гаргажээ. Хуучин байсан хөнгөлөлттэй нөхцлүүдийг яах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол олон иргэд бухимдалтай байна” гэв. 

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

З.Нарантуяа: "7 төрлийн концессийн гэрээ байгуулагдчихсан, нийт дүн нь 700-800 тэрбум төгрөг"

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцсэн үү. Танай намын байр суурь ямар байгаа вэ?

Зарчмын хувьд, үзэл баримтлал дээр нь өөр байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол компаниуд, ААН, хувь хүмүүсийн хөрөнгөө өсгөх, санхүүгийн эх үүсвэрээ олох, нэгдэж, өргөжихөд нь зөвлөгөө тусламж үзүүлдэг мэргэжлийн байгууллага. Тийм учраас хөрөнгө оруулалтын банк нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй институци байх стандартын дагуу хуулийн концепцийг боловсруулж оруулна. Ажлын хэсэгт намаасаа би ажиллаж байгаа. Цаашид энэ хуулийг гадны хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд татаж оруулах, дотоодын банкаа хөрөнгө оруулалтын чиглэлийн үйл ажиллагаанд илүү оролцох боломжийг бий болгох тал дээр сайжруулж ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 700 гаруй тэрбум төгрөгийн ажил байгаа гэж яригдаад байгаа. Мөн Засгийн газар шинээр хэд хэдэн концесс оруулаад ирлээ гэж байсан л даа. Энэ асуудал дээр АН-ын бүлэг мэдээлэлтэй байна уу?

-Төсвийн тодотгол хэлэлцэгдэж байх үед МАН-ын гишүүдийн зүгээс Засгийн газар дээр их хурлаар хэлэлцэгдэж, зөвшөөрөгдөөгүй концессийн гэрээний асуудал байна гэдэг асуудал гаргаж тавьж байсан. Бидэнд албан ёсоор тоо баримт ирээгүй. Гэхдээ 7 төрлийн концессийн гэрээ байгуулагдчихсан, нийт дүн нь 700-800 тэрбум төгрөг гэдгийг Төвийн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.

-Тэтгэврийг насыг нэмэгдүүлэх олон улсын жишиг ямар байдаг вэ?

-Тооцооллоо хангалтгүй хийж, дундаж насыг олон улсыг жишигтэй харьцуулж тогтоогоод байх шиг байна. Н.Номтойбаяр сайд АН-ын бүлэг дээр ирж мэдээлэл хийхдээ эмэгтэй хүмүүс тэтгэвэрт гарснаасаа хойш дунджаар 19 жил, эрэгтэй хүмүүс 15 жил орчим тэтгэвэр авч байна гэж хэлж байгаа. Бодит байдал дээр тийм биш. Ихэнх хүмүүс 4-5 жил болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна. Тооцоо судалгаагаа хангалтгүй хийснээс алдаатай шийдвэр, бодлого гарсан гэж үзэж байгаа.