Нарантуяа

Загдхүү Нарантуяа

Ардчилсан нам

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулахаар тогтсон байна.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаанаар эхлээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн интеграци эрчимжихийн хэрээр санхүүгийн зах зээл нэгдмэл болж, энэ нь Монгол Улсын банкны салбарт тусгалаа олж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банкны найм нь гадаадын хөрөнгө оруулалттай бол гурван банкинд гадаад улсын иргэн хувьцаа эзэмшдэг байна. Өмнө нь гадаадын банкны салбар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан туршлага байсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдаад өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаад улсын банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг зохицуулж буй эрх зүйн орчны талаар мэдээллээ.

Цаашид Монгол Улс гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь валютын хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд нэмэгдүүлэх тэргүүтэй олон талын ач холбогдолтой аж. Хамгийн чухал нь хөрөнгийн хоёрдогч захын урсгалыг нэмэгдүүлэх, банк хоорондын зах зээлийн хүүгийн суурь түвшинг бууруулахад нөлөөлж, эх үүсвэрийн дундаж хугацааг уртасгахад чухал хүчин зүйл болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан онцолж байв. Иймд гадаадын хөрөнгө оруулалтай банк болон салбар, нэгжийг тодорхой нөхцөлтэйгөөр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан болохыг танилцуулгад дурдлаа. Үүний зэрэгцээ хэрэв гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжийн Монгол Улс дахь үйл ажиллагааг бүрэн хяналтдаа байлгаж чадахгүй бол банкны салбарт хүч тэнцвэргүй өрсөлдөөн бий болж, дотоодын банкуудын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй аж. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай бие даасан хуулийг баталж, гадаадын хөрөнгө оруулалт бүхий банк, салбар, нэгжийн Монгол Улсын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулах заагийг хуулиар тодорхойлох нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнчлэн хүч тэнцвэргүй нөхцөлд дотоодын банкуудын үйл ажиллагааг дэмжих, хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагын үүднээс 5 бүлэг, 21 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан тохиолдолд Хөгжлийн банкны үйл ажиллагаатай давхцал үүсэх эсэхийг тодруулсан С.Чинзориг гишүүний асуултад “Тодорхой хэмжээний давхцал үүснэ, өрсөлдөөн бий болно. Харин өрсөлдөөнөөс харилцагч, салбарын зах зээлийн оролцогчид хождог. Салбар дахь өрсөлдөөнөөс зугтаад сайн үр дүн гарахгүй тул Хөгжлийн банкны үйл ажиллагаагаа дэмжих, ялангуяа Засгийн газрын дэмжлэгийг тодорхой болгож, эрсдлийг бууруулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн төсөл санаачлагч хариулт өглөө. Гадаадын банкууд, тэдгээрийн салбар, нэгжийг Монгол Улсад ажиллуулахын тулд мөнгөний томоохон урсгал байх ёстой атал манай улсын уул уурхайн салбарын бүх мөнгөн эргэлт гадаадад явагддаг гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хэлэв. Ийм нөхцөлд гадаадын банкуудыг татах ямар боломж байгааг тэрбээр тодрууллаа. Оюутолгой тэргүүтэй манай улсын мега төслүүдийн санхүүгийн эргэлт гадаадад явагдахаар гэрээндээ заагдсан байдаг учир өнөөгийн нөхцөлд дотоод дахь валютын урсгал болон бизнесийн орчноор л гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Манай улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын төлөвөөс хамааралтайгаар гадаадын банкууд 4-5 жилийн өмнөх шиг сонирхож, олноор хандахгүй байх магадлалтай. Гэхдээ бид сонирхогч талуудад эерэг дохио болгох үүднээс эрх зүйн орчноо сайжруулж, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийж байна гэдгээ харуулах нь чухал ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохиромжтой хэмээн үзэж буйгаа тайлбарлав. Түүнчлэн цаашид Хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сувгаар гадаадын банк, санхүүгийн байгууллагуудыг татах зорилготой бол дээрх гэрээнүүдэд өөрчлөлт оруулах, хууль эрх зүйн зохицуулалтуудыг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хариулт өгсөн.

 

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ талуудын оролцоог хангаж, хамтран ажиллах нь чухал гэдгийг хэлж байв. Түүнчлэн гадаад улсын төрийн болон төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагыг дотоодын банкны салбарт оруулахгүй байх тал дээр онцгой анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж байсан. Гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжүүд Монгол Улсын банкны салбарт оруулахдаа үйл ажиллагаа явуулах заагийг нарийвчлан тодорхойлж, уул уурхайн бус салбарын үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хэлэв. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлж дууслаа. Дараа нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулахаар тогтов.