Тэрбишдагва

Дэндэв

Тэрбишдагва

Монгол ардын нам

Д.Тэрбишдагва: Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс хөрөнгө босгоод Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч болоогүй юм уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2016.10.25/ үдээс хойш 6 асуудлаар хуралдсаны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн асуудал байлаа. Хуралдааны эхэнд ОХУ-ын Засгийн газар болон тус улсын "Ростех" корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Монголросцветмент ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан талаарх Засгийн газрын танилцуулсан санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол Улсын Засгийн газар тодорхой арга замаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авч болоогүй юм уу гэсэн асуудлыг хөндсөн юм.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Монгол Улсын Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг хулдалдаж авчихаад гадаад зах зээлээс илүү мөнгө босгох боломж байсан...

Нэгд, жижиг компани их хэмжээний зээл аваад Эрдэнэтийн 49 хувийг авч болж байгаа юм чинь Засгийн газар яагаад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахаас татгалзсан юм бэ? Хэрэв Засгийн газар 49 хувийг авсан бол Худалдаа хөгжлийн банк болон бусад компаниудад борлуулах, гадаадын зах зээлд зарах юм бол 350 байтугай их хэмжээний мөнгө босгох боломж байсан юм биш үү? Энэ тал дээр судалгаа хийсэн үү?

Хоёрт, Гурван улсын төрийн тэргүүн уулзахын өмнө энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байсан юм уу? Хоёр компани хоорондоо тохиролцсон байхад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын өмнө шийдсэн нь улс төрийн болоод хөрш орнуудын хоорондын харилцаанд ач холбогдолтой байсан юм уу?

Гуравт, Засгийн газрын хаалттай хуралдааны материалтай танилцаж байхад, олон сайд УИХ-аар оруулах санал гаргасан байна. УИХ-аар энэ асуудлыг оруулах ёстой. Стратегийн ач холбогдолтой орд газар гэдэг утгаараа ч тэр, хоёр улсын Засгийн газар хооронд 2004, 2007 оны хэлэлцээрийн дагуу ч энэ асуудал гарцаагүй УИХ-аар оруулах байсан. Яагаад УИХ-аар энэ асуудлыг оруулаагүй юм бэ?

Дөрөвт, 2016 оны 6 дугаар сарын 28-нд Эрдэнэтийн 49 хувийг Монголын тал авлаа гэж мэдэгдэж болсон юм чинь яагаад заавал хаалттай хуралдсан юм бэ? Монгол Улс 49 хувийг авлаа гээд зарлаад, баярлаад байсан юм бол хаалттай хуралдах шаардлага байсан юм уу? Засгийн газрын хаалттай хуралдааны дараа Сангийн яам хоёр ч нууц тогтоол гаргасан байдаг. Нууц тогтоол гаргаад байх шаардлага байсан юм уу? Нэгэнтээ Монголын тал 49 хувийг авчихсан тохиолдолд нууц тогтоол гаргана гэдэг ойлгомжгүй байна.

Тавд, энэ мэт олон ойлгомжгүй шийдвэр гарчихсан учраас Эрдэнэтийн асуудлыг зайлшгүй ярилцах шаардлагатай байна. Ерөнхий сайд хууль зүйн зөвлөгөө өгөх хамгийн ойрын газар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх хуулийн хэлтэс. Засгийн газрын хоёр удаагийн хуралдаан дээр уг хуулийн хэлтсээс энэ асуудлыг УИХ-аар оруулах ёстой гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танд зөвлөсөн байхад яагаад үл тоосон юм бэ?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Эрдэнэт үйлдвэрийг алдсан биш авч үлдсэн Ерөнхий Сайд байя гэж бодсон

Засгийн газрын хаалттай хуралдааны үеэр Эрдэнэтийн асуудлаар татгалзсан гишүүн байгаагүй, бүгд дэмжсэн. Ганц нэг сайд хуулиа харах, орж ирж байгаа 400 сая ам.доллар нь цэвэр үү, бохир мөнгө үү гэдгийг судлах зэрэг санал гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу энэ асуудлыг шийдсэн. Монгол Улсын Засгийн газар яагаад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахаас татгалзсан бэ гэж асуугаад байна. Татгалзах, татгалзахгүй байх гэсэн хувилбарууд байгаагүй. Их тодорхой байсан.

Уг гэрээг хийж, Эрдэнэт 100 хувь Монголынх болно. Үгүй бол Эрдэнэт гэж ярилтгүй болно гэсэн хайчин дунд л шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газарт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах 400 сая ам.доллар байсан уу, байхгүй байсан уу гэдэг онолын асуудал. Өнгөрсөн УИХ-аар Цагаан суваргын орд газрыг оруулаад 200 сая ам.долларыг гаргаж чадахгүй, төр 0 хувь эзэмшие гэж буцааж байсан бодит жишээ, туршлага бий.

Бидэнд тохиолдсон хувь заяаны шоглоом гэлтэй нэг асуудал байна л даа. Асуудал шийдсэн нь асуудалд ордог. Монголын төмөр замыг бид 100 хувь эзэмших ёстой байсан ч энэ асуудлыг нэхэж байгаа нэг ч хүн алга. Амар хялбараа бодсон бол энэ асуудлыг тавиад туучих байсан. Цаг хугацааны хувьд алдагдалтай ч хамаагүй дараагийн УИХ нь шийднэ биз гээд орхивол орхих л байсан. Монгол Улсын Ерөнхий Сайдын хувьд улс орны эрх ашиг бодолцож, Эрдэнэт үйлдвэрийг алдсан биш авч үлдсэн Ерөнхий Сайд байя гэж бодсон.

УИХ-аар яагаад оруулаагүй юм бэ гэж асууж байна. Бид Засгийн газрын хуралдаанаараа Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар оруулъя гэж шийдсэн. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр, УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан 2016 оны хаврын ээлжит чуулган завсарласан тул намрын чуулганаар энэ асуудлыг УИХ-аар оруул гэсэн албан даалгавар тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдад өгсөн.  

Яагаад хаалттай хэлэлцсэн, юу нуугаад байна вэ гэхээр гурван үндэслэл байсан. Нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгааны ид үе өрнөж байсан, хоёрдугаарт, айлчлалын үеэр хийх хэлцэл, гэрээнүүдийн Засгийн газар нууцын горимоор хийдэг жишгээрээ энэ асуудалд хандсан, гуравдугаарт, хэлцэл явуулж буй хоёр тал нууц хадгалах гэрээ хийдэг учраас энэ асуудлыг эцэслэх хүртэл ил гаргахгүй байхаас өөр аргагүй байсан.

Одоо асуудал шийдэгдсэн учраас Засгийн газрын нууцын горимд байсан шийдвэрийг ил болгоод, протоколыг ил гаргаад, энэ асуудлыг тухайн үед яагаад ийм шийдвэр гаргаж байснаа миний бие тайлбарлах боломжтой болсон.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Нэгэнт 49 хувийг худалдаж авчихаад байхад яагаад 18 сарын дотор эргэлтэд оруулж болохгүй гэж?

Эрдэнэт үйлдвэр өөрөө маш том түүхтэй. Монгол Улсын өнгөрсөн зууны хамгийн том бүтээн байгуулалт. Шийдвэр гаргахын өмнө тооцоо, судалгаа хийгээд Засгийн газар өөрөө Оросын талаас танай авах уу гэдэг дээр эхний саналаа хэлэх ёстой байсан.

Энэ саналыг хүлээж аваагүй нь санхүүгийн шалтгаантай байсан юм бол хөрөнгө мөнгө босгоод, босгосон хөрөнгөөрөө 49 хувиа авчихаад дараа нь олон улсын зах зээлээс илүү мөнгө босгох байсан юм биш үү? Энэ талын тооцоо судалгаа хийсэн үү? Эрдэнэт үйлдвэр өөрөө том түүхтэй, боловсон хүчний нөөцтэй, нөөцөөрөө танигдсан учраас Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авч, тодорхой хувийг өөр компаниудад санал болгох, олон улсын зах зээлд гаргаснаар илүү ашиг олох боломжийн талаар судалсан уу?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авснаас хойш 18 сарын дотор энэ хувиа зарах юм бол 100 сая ам.долларын төлбөрийг Оросын талд төлнө гэсэн заалт байна. Олон улсын гэрээ хэлэлцээрт иймэрхүү заалт байдаг юм уу? Нэгэнт худалдаж авсан бол илүү өндөр үнээр зарах эрх нь бизнесийн зарчим ёсоор нээлттэй баймаар юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: 400 сая ам.долларыг босгоно гэж санал гаргах бололцоо байгаагүй

Оросын талаас Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хөрөнгө мөнгө босгоод ч юм уу, ямар нэгэн аргаар авчих гэсэн хувилбар санал болгоогүй. Тиймээс Монгол Улсад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь очсон нь дээр үү гэдэг асуудал байсан болохоос биш олон улсын зах зээлээс 400 сая ам.доллар босгоно, дараа нь дотоодын компаниуддаа нээлттэй тендер зарлаад нэг нэг хувиар нь зарна, эсвэл 49 хувиа ард түмэндээ хувааж өгнө гэж санал гаргах, санаачлах боломж байгаагүй. 49 хувийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал байсан. Тийм учраас Засгийн газар улс орныхоо эрх ашгийг хамгаалсан үндсэн дээр шийдвэр гаргасан.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: ОХУ-ын талд Монголын компани 49 хувийг авчихаад Хятадын талд 2 нугалаад зарах вий гэсэн болгоомжлол байсан

Аливаа бизнесийн хэлцэл явуулахад эрсдлээ тооцох нь хамгийн чухал байдаг. Монгол Улсын хамгийн том эрсдэл бол улс төрийн эрсдэл байсан. Мөнгө хаанаас босгох, хэзээ яаж төлөх вэ, худалдаж авахаар болсон компани нь чадвартай эсэх, банк чадах уу, үгүй юу гэдэг нь 10 дахь асуудал байсан. Хамгийн том асуудал бол улс төрийн асуудал. Ерөнхийлөгчийн түвшинд хүртэл зөвшилцсөний үндсэн дээр асуудлыг оруулж ирж байхад үүнийг Монголын төр мөнгө босгох, дотоодын аж ахуйн нэгжүүд орно гээд явсан бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй байсан. Энэ бүхэнд ОХУ-ын тал ч тун болгоомжтой хандсан.

Зэсийн үнэ 6 сар, жилийн дараа сэргэвэл 400 сая ам.доллар гэдэг нь хэр бодитой үнэ вэ, 49 хувийг авсан Монгол компани нь 2 нугалаад Хятадын компанид зарчихвал яах вэ гэх зэргээр Ростех гэдэг компани байгаа боловч ОХУ-ын маш геополитик, төрийн бодлого явж байсан. Үнэхээр том шийдвэр. Энэ эрсдлийг хаах үүднээс торгуулийн заалт орсон. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.