“Нирэгсэн хойно нь хашгирав” гэдэг шиг нийтийн тээврийн автобуснууд осол аваар гаргасан өнгөрөгч долоо хоногт их гарсан билээ. Тухайлбал хоёр хүний аминд хүрч 10 гаруй зорчигчдыг бэртэж гэмтээсэн ноцтой ослыг том оврын автобусны жолооч нар гаргасан. Иймээс автобуснуудын хурдыг хязгаарлах арга хэмжээ авахаар болжээ.
Дээр гаргасан нөхцөл байдалтай холбогдуулан Зам тээврийн яам Нийслэлийн автозамын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хурдыг хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Ингэхийн тулд хурд хэмжигч төхөөрөмж автозамууд дээр суурилуулах шаардлагатай. Тиймээс НЗЦГ-т шинээр сервер суулгах тоног төхөөрөмжийн бэлтгэлийг хангах үүднээс 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна.
Мөн НЗДТГ-тай хамтран зорчигч тээврийн компаниудтай байгуулсан гэрээнд нэлээд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн байна.