8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 11 саяын үнэтэй далан нурж, Кобигийн бие муудаж батлан даалтад гарсан өдөр

2016-06-22 17:37:00

Энэ өдрийн нар буцаж тэнгэрийн хаяанд үл ялиг шаргал туяа суусан хоромд эрхэм уншигч тантай учран золгож байгаадаа баяртай байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Бороо ганц нэг дусалсан энэ өдөр нийгэм улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. “Монголын нэг өдөр”  дараах мэдээ, мэдээллүүдийг онцолж байна.

11 саяын үнэтэй далан 10 минутын бороонд тараа таниуллаа

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Хангай-23, Ногоон талбайн 1-7, Аршааны 1-16 гудамжны айлууд урьд шөнийн орсон борооноос болж үерт автсан тухай мэдээлэл гарсан билээ. 13 дугаар хорооны төв замын зүүн хэсэгт 20 орчим хоногийн өмнө үерийн ус зайлуулах хоолой, далан барьсан ч урьд шөнийн орсон бороонд үерийн ус зайлуулах хоолой эвдэрч, далан нурсан байдалтай байв. Уг хороонд нийт 11 сая төгрөгөөр далан болон үерийн ус зайлуулах хоолойг саяхан барьжээ. Гэтэл 10 минут орсон ширүүн борооноор далан нурснаас болж Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг өрхүүдийн 80 гаруй хувь нь үерт автаад байна.. Инженерийн тооцоо судалгаагүй бага хүчин чадалтай ус зайлуулах хоолой тавьснаас болж их хэмжээний усархаг бороо ороход үерийн далан, хоолой эвдэрч өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэд хүнд нөхцөлд байна.

Сэжигтэн Д.Дөхөмбаяр нь Будапешт дахь Элчин сайдын яаманд ажиллаж байжээ

Украйн-Румыны хилийн Дьяково боомтын хилийн шалганаар их хэмжээний тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригдсан иргэн Д.Дөхөмбаярын талаар өчигдөр мэдээлэл гарсан билээ.Тодруулбал, Монгол Улсын хоёр иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий машинаар найман хайрцаг бүхий нийт 29145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан байна. Сэжигтэн Д.Дөхөмбаяр нь Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан хүн бөгөөд 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан аж. Энэ талаар гадаад хэрргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Украйны элчин сайдын яамны орон нутгийн дугаартай машинаар нэвтрэхийг завдсан Д.Дөхөмбаяр нь тухайн үед хураалгах ёстой байсан дипломат паспортаа хураалгаагүй байсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд ГХЯ-наас ийм зөрчил тохиолдол бүртгэгдээгүй. Дипломат буюу ногоон паспортыг ашиглан хууль бус үйлдэл хийж буй дипломат ажилчид "хоноцын сэтгэлгээ"-гээр хандаад байна” хэмээлээ.

Өөрийн санаачилсан хуулиа мэддэггүй Л.Эрдэнэчимэг дахин хууль тогтоогч болж чадах уу

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ёс зүйгүй үйлдлээс болж олон нийтийн шүүмжлэл газар авч, цаашдаа түүний улс төрийн сонгуульд ч нөлөөлж мэдэхээр боллоо.

Ганц Л.Эрдэнэчимэгээр зогсохгүй энэхүү ёс  зүйгүй бичлэгт нэр холбогдсон  дуулианы гол эзэн  Г.Уянга, бичлэгийн олон нийтэд дэлгэсэн сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нарын нэр хүнд ч мөн унасан. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр нэр холбогдсон хүмүүс бүгд өөрсдийн тайлбараа хийсэн бөгөөд нэгэн ч шударга байж УИХ-ын сонгуулиас өөрийн хүсэлтээр нэрээ татаагүй. Харин энэ хууль бус бичлэг хийсэн, түгээн дэлгэрүүлсэнийхээ төлөө нэг нэгнээ дарж авах гэсэн арга үүнийг л бид төрд гарч байж засаж чадна хэмээн өөрсдийгөө уснаас хуурай авч гарахаар санаархсан ч бүтсэнгүй.  Г.Уянга алдагдсан бичлэгийн талаар хэлэхдээ “ Энэ бичлэг Л.Эрдэнэчимэг бид хоёрыг холдуулж чадахгүй. Эрчүүд ямар арчаагүй юм бэ. Арчаагүй нийгэмээс болж байна. Миний гар утас хулгайд алдагдсан. Энэ бичлэгнээс болж бид хоёрыг муудалцсан хэмээн яригдаж байна. Харин ч бид улам батжиж, хамтрах хэрэгтэй” хэмээн нөгөө л нэг улс төрөө ярив. Түүний үгнээс ард түмнээсээ уучлалт гуйсан ганц ч үг гарсангүй. Сонгогчдоо таалагдахын тулд юу ч хамаагүй ярьж хэлж, ажил болгоныг мушгин гуйвуулдаг хүнийг эх оронч биш харин популист хэмээн нэрлэдэг. Үүнээс харахад тэд жинхэнэ популистууд болж таарав. Дуулиант бичлэг цацагдсаны  маргааш Л.Эрдэнэчимэг яаран сандран хэвлэлийн бага хурал хийсэн нь өөрийгөө бүрч шаварт хутгаж орхив. Тодруулбал, хэвлэлийн хурлын үеэр өөрийнхөө санаачилсан тамхины тухай хуулийг төдийлөн сайн мэдэхгүй байгааг иргэд ажиглав. 

Учир нь Тамхины тухай хуульд албан байгууллагад тамхи татвал хувь хүн 50 мянган төгрөгөөр торгуулна, харин албан тушаалтан тамхи татвал хөдөлмөрийн доод хэмжээгээр торгоно гэж заасан байдаг шүү дээ. Тодруулж хэлэхэд, Төрийн ордон дотор  тамхи татсан төрийн өндөр албан тушаалтан. Тэрбээр хувь хүн биш гэдгийг энд тодотгож хэлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240 мянган төгрөгөөр торгуулиа төлөх ёстой. Мөн үүнээс гадна тамхины хяналтын тухай хуулийн  13.1.2 дугаар зүйл заалтад хуулийн 6.7.9-д заасан  буюу ажлын байран дээрээ тамхи татсан бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг билээ.

Энэ мэт өөрийн санаачилсан хуулиа бүрэн гүйцэт мэдэхгүй ”Төрийн ордонд тамхи татсан учраас, 50 мянган төгрөгийн торгуулиа төлсөн, ард түмнээсээ уучлалт гуйж байна” хэмээн олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр хээв нэг ярьж суув. Ард түмнийг хаана тамхи татах, хэдээр торгуулахыг хүртэл хатуу заасан уг хуулийг санаачилсан эрхэм төрийн түшээ өөрөө санаачилсан хуулиа мэдэхгүй тууж явна гэхээр даанч харамсалтай. Төрийн ордондоо тамхи татаж, архи ууна түүгээр ч үл барам өөрийнхөө санаачилсан хуулийг мэдэхгүй байна гэдэг хэр зохистой вэ. Найман нэрийн дэлгүүр болон, ТҮЦ-д хамгийн их борлуулалтай байдаг зүйл тамхины худалдаа байдаг. Өдөр хоногийн хоолоо олох гэж ядаж худалдаа эрхлэгчдийг тамхи зарлаа хэмээн торгож сүйд болдог. Үнэн хэрэгтээ ард түмэн ядарсан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрөө задарсан байна......

Өчигдөр орой Л.Эрдэнэчимэгийн талаар сонгуулиас нэрээ татахаар болсон тухай мэдээлэл цахим ертөнцөөр гарсан бөгөөд тэрбээр энэ мэдээлэл худлаа гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүний энэ ташаа мэдээлэл гарсан даруйд цахим ертөнцөд иргэд санал сэтгэгдэлээ илэрхийлж, нэрээ татаж байгаал баярлалаа, таныг уучиллаа" гэсэн үгтэй сэтгэгдэлүүд ар араасаа цуварсан. Эрхэм гишүүний ухаантай шийдвэр гаргалаа хэмээн ард иргэд бодсон ч нэр хүнд нь монголдоо төдийгүй дэллхийд унасан тэрбээр гаргасан шийдвэртээ тууштай зүтгэх нээ. 

 Жолооны үнэмлэхний бэлдэц дуусан тул түр үнэмлэх олгож байна

Өршөөлийн хууль гарсантай холбоотойгоор жолоодох эрхээ сэргээлгэсэн жолооч нар үнэмлэхээ авсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар жолоодох эрхийн хүчинтэй хугацааг 10 жил гэж заасан байдаг. Тэгэхээр хуучин, шар үнэмлэхний 10 жилийн хугацаа нь дууссанаар үнэмлэх авах иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор үнэмлэхний бэлдэц дуусчээ.

Энэ асуудлаар журмын дагуу тендер зарлагдах ёстой. Гэхдээ тендерийн үйл ажиллагаа бага зэрэг удаашралтай байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс жолоодох эрхтэй иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд захиалгаа өгсөн, авах ёстой хугацаа нь болчихсон иргэдэд газар дээр нь жолооны эрхийн түр үнэмлэхийг олгож байгаа юм байна.

Хувьцааны мөнгөө аваад архидаж явсан гэр бүлийн хоёр амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Таван давхарын туслах замд T.Prius маркийн авто машины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад нэг гэр бүлийн хоёрыг дайрч нэгнийх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тус залуу сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан аж. Харин амиа алдсан хохирогчид ч мөн согтуу байсан гэнэ. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдээд өөд болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр хохирогчид эх орны хишиг буюу хувьцааны мөнгөө аваад архи уусан бөгөөд дахин архинд явж байгаад ийн амиа алдсан байна.

Ой тогтоолтын тамирчид АНУ руу мордлоо

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-нд дэлхийн шилдэг 24 тамирчны хооронд 75.000 долларын шагналын сантай “Extreme Memory Tournament-2016” ой тогтоолтын халз тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох тамирчид, дасгалжуулагч багшийн хамт өнөөдөр АНУ-ыг зорилоо. Манай багийн бүрэлдэхүүнд ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан, Э.Пүрэвжав, Их мастер Б.Шижир-Эрдэнэ, ОУ-ын мастер З.Цэцэгзул, ОУ-ын мастер А.Анударь нар багтжээ. Тэмцээнд Герман долоо, Америк дөрөв, Англи гурав, Швед хоёр, Нидерланд, Филиппин, Хятад улсаас тус тус нэг тамирчин өрсөлдөх юм.

Кобигийн бие муудаж батлан даалтад гарлаа

“Ice top” хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаярт Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.  Тодруулбал, өнгөрөгч 4-р сарын эхээр С.Чулуунбаярыг хар тамхины давтан хэргээр баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих 461-р ангид саатуулан цагдан хорьсон. Улмаар хоёр сар гаруйн хугацаанд хоригдсон С.Чулуунбаярын эрүүл мэндийн байдал муудсаны улмаас өчигдөр буюу энэ сарын 22-нд хорих ангиас суллан батлан даалтад гаргажээ. Түүнийг  эрүүгийн хуулийн 192.2-р зүйл ангиар буруутгаж байгаа ба хэргийн байцаалтыг гадуур авч байгаа аж. Баттай эх сурвалжийн мэдээллэснээр С.Чулуунбаярт хорих ял өгөх нь тодорхой болсон гэсэн юм.

“PLAYTIME- 2016”-д гадаадын 10 гаруй хамтлаг оролцоно

Амьд хөгжим сонирхдог хүн бүрийн үзэх дуртай “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох юм байна.  Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам уламжлал ёсоор Монгол Шилтгээнд болох аж. Наадамд зориулан Монголын Хүүхдийн Ордноос  өглөөний 09:00 цагаас эхлэн үнэ төлбөргүй автобус үйлчлэх юм байна. Энэ жилийн наадамд дэлхийд алдартай Шведийн “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг оролцох юм байна. Мөн манай улсаас “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцоно. Түүнчлэн 20 гаруй DJ-гийн бүтээлийг сонирхуулах аж. 

“Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
oi
huvtsaanii mungu olon muu vr dagavriig daguulah ni todorhoi huurhii hooson tolgoitoi yaduu ard tvmeen gej
2016/06/23 91.141.2.224
  • Recent
  • Most Read
  • Most Comment