Тавдугаар сарын НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэдэд батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Энэ удаад өнгөрсөн тавдугаар сарын 1-31-ний хооронд бүртгэгдсэн баримтуудаас азтанг тодруулсан байна. Үүнд 20 сая төгрөг хожсон нэг, 4 сая төгрөг хожсон 11, 500 мянган төгрөг хожсон 82, 100 мянган төгрөг хожсон 845, 20 мянган төгрөг хожсон 8,307 иргэн байгаа аж. Хамгийн их буюу 20 сая төгрөгийг Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.Авирмэд цахилгааны мөнгөө тушаасан баримтаараа хожсон байна. Тэрбээр “Манай Их-Уул суманд ганцхан цахилгааны мөнгөө тушаахад л баримт өгдөг. Тэгээд цахилгааны мөнгөө тушааж азтан боллоо. Би өмнө нь баримтаа өөр хүний хаягаар бүртгүүлдэг байлаа. Сая өөрөө хаягтай болж баримтаа бүртгүүлснээр азтан болсон. Манай сумынхан баримтаа нэг их тоодоггүй байх тал бий. Одоо бол баримтаа хаяхгүй байх аа. Их-Уулчууд минь бүгд өөрсдийн хаягтай болж баримтаа бүртгүүлээрэй. Цаашид олон азтан тодрох байх гэж бодож байна. Манай гэр бүлийн хүн бид хоёр сугалаанд хожсон мөнгөөрөө юу хийхээ нарийн төлөвлөөгүй ч сайхан унаатай болъё гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Авирмэд: Цахилгааны мөнгөө тушааж азтан боллоо
2016-06-23 14:08:32