Маргаашнаас эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл баруун, төв болон говийн, аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох талаар Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Сүүлийн хэдэн өдөр нийт нутгаар усархаг бороо орсны улмаас томоохон гол, мөрний усны түвшин нэмэгдсэн бөгөөд цаашид ихсэх төлөвтэй байгааг онцлон анхааруулж байна. Тиймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, айл өрхүүд үер усны гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж ойр орчимдоо суваг, шуудуу татахыг зөвлөж байна. Мөн иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Дашрамд дуулгахад, энэ сарын 23-ны өдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдол 8 аймгийн 9 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 13 удаа гарч, 18 хүн осолдсоны долоо нь хүүхэд байжээ.
Сэрэмжлүүлэг: 18 хүн усанд осолдсоны долоо нь хүүхэд байжээ
2016-06-24 11:50:57