Швейцарь улсын иргэн Бруно Дубач хэмээх 69 настай эрэгтэй манай улсад аялж яваад сураггүй алга болжээ. Тэрээр Завхан аймгийн Идэр сумын нутгаар урсдаг Идэр голоос өнгөрөгч тавдугаар сард аяллаа эхэлж, хамгийн сүүлд энэ сарын 10-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг дахь Олон голын бэлчирээр урсдаг Сэлэнгэ мөрнөөр аялж байсан гэнэ.
Түүнээс хойш сураггүй болсон учир иргэд энэ сарын 21-ний өдөр аймгийн онцгой байдлын албанд хандсан байна. Ингээд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулж, эрэн сурвалжилж эхэлжээ.