8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хувьцааны хоёр дахь ээлжийн мөнгө иргэдийн дансанд орж, Ой тогтоолтоороо дэлхийд хоёрт эрэмбэлэгдсэн өдөр

2016-06-27 18:45:00

Монгол эх орон минь ямар сайхан юм бэ. Бороо зүсрэх зун, шувуу буцаж гуниг бас ухаан нэмэх намар, биеэ дагаад сэтгэл хүртэл дулаацахыг хүсэх өвөл, итгэл хүлээлт тээсэн хавар. Харин энэ сайхан эх орныхоо сайн сайхныг харж мэдэрч байгаа хүн хэр олон байна. Эрхэм уншигч танд энэ оройн мэнд хүргэе. 2016 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Энэ өдрүүдэд нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Өнөөдрийн тоймоо хүлээн авч уншина уу.

Түргэн үйлчилгээний цэгүүдэд шаардах хуудас хүргүүлжээ

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс тохижилт хийгдэж буй 13 гудамжны зам дагуух түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхээр шаардах хуудсуудыг хүргүүлжээ. Улмаар нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүд ирэх сарын 20-ноос хойш зөвшөөрөгдсөн байршилдаа буцааж тавих юм байна. Мөн үйлчилгээ хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох аж. Үндэсний зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийн дагуу дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авсан ч ТҮЦ эрхлэгчид зочид төлөөлөгчид зорчих зам, маршрутын дагуу дур мэдэн дахин байрлуулж, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа гэнэ. Иймд хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцохоос гадна албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ авахыг албаныхан анхааруулж байгаа юм байна. 

Хувьцааны хоёр дахь ээлжийн мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компаний 1072 хувьцаа мөнгөжүүлж энэ сарын 13-наас эхлэн иргэд хувацаагаа худалдах арилжааны банкинд хүсэлт гарсан билээ. Иргэд хувьцаагаа зарах хүсэлтээ гаргаснаар эхний ээлжийн 100 мянган төгрөг өнгөрсөн долоо хоногт орсон юм. Харин уг хувьцааны хоёр дахь ээлжийн 100 мянган төгрөг өнөөдрөөс эхлэн 100 мянган төгрөг иргэдийн дансанд  орж эхэлсэн байна. Хувьцааны мөнгийг зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон. Энэ дагуу  иргэдийн дансанд 300 мянган төгрөг  гурав хуваагдан байрших юм. Үлдэгдэл мөнгийг баяр наадмаас өмнө иргэдийн дансанд байршуулна гэж холбогдох албаныхан тодотгож байгаа юм. 

Төрийн ордон шинэ үеийн сонгодог түгжилүүдээр дүүрэх үү

Өнөөдөр их сунгааны өмнөх өдөр. Ингэж тодорхойлсон минь 2016 оны УИХ-ын сонгуулийн суртачилгаа дуусахад нэг өдөр буюу 24 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. Мөн сонгуулийн санал хураалт эхлэхэд 48 цаг үлдээд байгаа болохоор тэр.Эрхэм нэр дэвшигчид 18 хоногт ёстой хөлтэй нь хөллөж, хөлгүй мөлхөж тойргынхоо айлаар орлоо, тойргийнхоо иргэдэд үнсэж, үнэрлүүлж харахад сэтгэл уярам дүр зураг тодорч байв. Үүнийг харсан зарим иргэд “Дөрвөн жил төрийн ордноос хамраа ч цухуйлгалгүй байсан хүмүүс сонгуулийн энэ өдрүүдэд сандал суудлаасаа өндийж байгаа нь бидний төлөө бус өөрсдийнхөө төлөө хийж байгаа юм” гэж хоорондоо ярьж дүгнэлт хийж сууна. Энэ яах ч үгүй үнэн үг. Сонгуулийн “Их сунгаа” дөхсөн энэ өдрүүдэд хэдэн арван сар, жил нам дараастай байсан асуудлууд сөхөгдөж багагүй шуугиан дэгдээж хөдөлгөөнд орж байна. Жишээлбэл, амьгүй байсан “Эрдэнэс Тавантолгой” компаний 1072 хувьцаа их сунгааны буянаар амь орж иргэд эхнээс нь мөнгөө авч эхэлсэн бөгөөд үүнд нэлээд ам сайтай байлаа. Улмаар он гарсаар 2050 төгрөгт хүртлээ өссөн ам.доллар тогтмол буурч 1950 төгрөгтэй тэнцсэн нь өнөөх л их сунгааны нөлөө биш байгаа гэж ярих хүн ч олон байна.Мөн өнгөрсөн 7 хоногийн хамгийн содон “топ” үзэгдэл нь үнэн худал үл мэдэгдэх “Нотой, ноцтой” бичлэг юм.Сурталчилгааны хугацаа дуусах энэ өдрүүдэд сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намууд, нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө эсрэг сөрөг хар пиар хүчээ авч янз бүрийн бичлэг олон нийтэд ил боллоо. Ийнхүү “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэдэгтэй адил улс төрчид бие биенийхээ мууг үзэж байгаа энэ үйлдэл нь олон нийтэд таалагдахгүй байгаа нь лавтай. Тэр ч бүү хэл “аргаа барсан хүний үйлдэл” гэж дүгнэх хүн цөөнгүй байна. Зарим нэр дэвшигчид өрсөлдөгчөө харлуулах гэсэн тактакийг баримтлан багагүй сөрөг мэдээлэл явууллаа. Түүнчлэн сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг аашлах нь иргэдийн дургүйцлийг хүргэж улам л нэр хүндээ алдлаа.

Энэ сонгуулиар хамгийн топ үзэгдэл болох нэр дэвшигчтэй холбоотой ноцтой бичлэгүүд цацагдсан нь өмнөх сонгуулиас  онцлог боллоо. Улс төрчдийн дунд болдог сандал суудлаа наймаалцдаг асуудал олон түмний сонорт хүрч, багагүй шуугиан дэгдээлээ. Олон нийтэд ил болсон бичлэгийн талаар эзэд нь хэн нэг нь өөрийг нь тагнаж, чагнасан, дотроосоо алдсан гэх зэргээр талбар өгч байх юм. Уг нь хэн нэгнийг нууцаар тагнаж чагнах нь хуулиар хориотой байдаг. Тэгвэл ил болж буй бичлэгүүд бүгд хууль бус үйлдлээс эхтэй гэлтэй. Бие биенийхээ хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлага, найз нөхдийн дунд өрнөсөн яриа, маазарсан бичлэг, дүрсийг ил болгох нь хэнд ашигтай вэ. Хурал, уулзалт, найз нөхдийн дунд өрнөсөн яриа бичлэгийг хадгалаад л хав дарж байгаад сонгуулийн сурталчилгааны үеэр эсрэг талд нь худалдаж, ашиг хонжоо хайн урваж, шарваж чадах жинхэнэ “Түгжил” хэн бэ. Энэ хэний нүүдэл вэ. Үүнээс харахад манай төрийн ордон шинэ үеийн сонгодог түгжлээр дүүрэв бололтой. Иймээс сонгуулийн сурталчилгаа дуусах энэ өдөр зэрэгцэн янз бүрийн дүрс, дуу бичлэг дахин гарахгүй гэх баталгаа үгүй. Тэд эцсийн хөзрөө өнөөдөр гаргахаар бэлдсэн байх магадлалтай.Үүнээс харахад төрийн ордон шинэ үеийн сонгодог түгжилүүдээр дүүрэх үү.

Зарим нэр дэвшигчид үлдсэн нэг хоногоо хүртэл ашиглаад авахыг илүүд үзэж байна. Харин зарим нэг хэсэг нь сонгуулийн штабаа татан буулгажээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 66-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй Г.Уянга сонгуулийн штабуудаа татан буулгажээ. Тэрээр сонгууль нэгэнт шударга бус болох учраас ийм алхам хийсэн хэмээн мэдэгдэж байгаа аж. Түүний хувьд  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй хамт архидаж байгаад нууцаар бичлэг хийн арилжсаны улмаас түүний нэр хүнд навс унаж байгаа. Үүнийг нь ч МАН-аас нэр дэвшиж буй Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд овжиноор ашиглан мөлхөө сурталчилгаандаа ашиглаж байгаа сурагтай. Ийн нэр хүнд нь унангуут Г.Уянга бусдыг шударга бус хэмээн сонгуулийн штабаа татан буулгаад байгаа сурагтай. Сонин содон үзэгдэлээр дүүрэн сонгуулийн өдрүүд дуусахад хэдхэн хоног  үлдээд байна. Одоо иргэн таны сонголт хийх мөч тулж ирээд байна. Иргэн таны сонголт мэргэн байх болтгуай.

Манай тамирчид ой тогтоолтоороо дэлхийд хоёрт эрэмбэлэгджээ

"EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээн манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин амжилттай оролцож Дэлхийд хоёрт эрэмблэгджээ. Тодруулбал, АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд 75.000 ам.долларын шагналын сан бүхий уг тэмцээнд манай улсын 5 тамирчин оролцсон байна. Тамирчид гурван төрөлд өрсөлдөж, хоёр медаль хүртжээ. Ингэснээр манай улсын оюуны спортын тамирчид "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээн манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин амжилттай оролцож Дэлхийд хоёрт эрэмбэлэгджээ. Тодруулбал АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд 75.000 ам.долларын шагналын сан бүхий уг тэмцээнд манай улсын тамирчд оролцсон байна. Тамирчид гурван төрөлд өрсөлдөж, хоёр медаль хүртжээ. Ингэснээр манай улсын оюуны спортын тамирчид ой тогтоолтоороо дэлхийд хоёрт эрэмбэлэгдсэн байна.

Лхагва гаригт бүх нийтээрээ амарна

Энэ сарын 29-нд буюу лхагва гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгууль болох бөгөөд хуульд заасны дагуу бүх нийтээр амрах аж.
 Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 - 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах бөгөөд энэ өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах байгууллагууд ажиллагсаддаа санал өгөх боломжоор хангах ёстой юм байна.
 
Хэрэв санал өгөх боломжоор хангахгүй сонгогчыг сонгуулийн тухай хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох юм байна. Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх хориотой байдаг юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөр маргааш нээлтээ хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийг анх 2014 онд амжилттай хэрэгжүүлж байсан бөгөөд өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт 1500 орчим оюутан хамрагджээ. Тэгвэл энэ онд 1000 оюутныг хамруулахаас орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг багтаахаар болсон байна.

Тодруулбал, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт анх удаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Оюутан цэргүүдийн хээрийн бэлтгэлийн нээлт маргааш БХИС-ийн Сургалтын төвд болох юм байна.

Зөөврийн хайрцгаар санал авах ажил маргааш эхэлнэ

Маргааш  буюу энэ сарын 28-ны 09.00-20.00 цаг хүртэл битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн саналыг авахаар болжээ. Тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгаа аж. Дашрамд дуулгахад, эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгөх боломжгүй болон түр хугацаанд баривчлан саатуулсан иргэдийн саналыг гэрт нь болон саатуулах байранд очиж авах юм.

“Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment