Дөрвөн жилд нэг удаа хийдэг улс төрийн сонголтоо хийхэд хэдхэн цаг үлдээд байна. Иргэн таны сонголт ирэх жилүүдэд Монгол Улс бүхэлдээ ямар бодлого, үнэт зүйлийг баримталж ажиллахыг тодорхойлох учраас зөв сонголтоо хийгээрэй.
Өнгөрсөн жилүүдэд хямрал байж болох хэмжээнээсээ хэтэрчард иргэд хоосон хонож буй энэ цаг хугацаанд улс төрийн түүхэн сонголтоо хийх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд бидний итгэл хүлээлгэсэн төрийн түшээд сандал суудалаа наймаалцаж, гадаадад хууль бус оффшор данс хүртэл нээж нэлээд дуулиан шуугиан дагууллаа. Харин бодит амьдрал дээрээ иргэдийн амьдрал, худалдан авах чадвар хэрхэн муудсаныг гэр хороололын эхний дэлгүүр рүү ороход л энэ дүр зургийг харж болно. Хүн ам ихтэй Чингэлтэй дүүргийн Хайлааст, 7 буудал зэрэг орчмын газарт гэхэд бидний худалдаж авдаг “Атар” талхыг хоёр хуваагаад зарж байх жишээтэй. Мөн Наранцэцэгийн тосыг граммлаж зарах энүүхэнд болоод байна. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө гэсэн тэдний сайхан амлалт өнөөдөр яаж биелэсэнийг бид өөрсдийн амьдралаасаа харж болно. Өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалт өрнөж, нийслэл хот маань хэрхэн өнгө зүс орсоныг иргэд харж сайшаалтай хандаж байгаа. Гэхдээ бүтээн байгуулалтандаа анхаарч, иргэдээ ор тас мартдаг манайх шиг улс хаана ч байхгүй.Иргэн баян болон улс баян гэдэг үг ч байдаг. Иргэдийн амьдрал ядуурлын туйл дээр ирсэн байхад ямар ч хөгжил өндөр байшин, зам яриад нэмэргүй. Бодит амьдрал төрийн түшээдийн амьдарч үзээгүй гэр хороололд байна. Захын нэг айл гэхэд гэрийнхээ хажуу талын дэлгүүрт өчнөөн өртэй. Тухайн дэлгүүр ч зээл өгөхгүй гэхээр худалдан авалт байхгүй, зогсох гээд байдаг талаар иргэд өнгөрсөн хоногуудад төрийн түшээдэд дуулгалаа.
Өнгөрсөн хэд хоногийн сонгуулийн сурталчилгаанаас зарим нэр дэвшигчидийн сурталчилгаанаас харахад өөрчлөлт шинэ амьдрал өнөөдрөөс, би таны гэр бүлийн гишүүн гэх мэтчилэн сүртэй сурталчилгаа хийлээ. Та намайг сонговол маргаашнаас эхлээд амьдрал тань өөрчлөгдөнө гэж амлаж байгаа харагдлаа. Үнэн хэрэгтээ иргэд итгэл үзүүлэхээр тойргоо мартаад явдаг жишгийг бид мэднэ, бид чинь удаа дараа хууртаж үзсэн ард түмэн. Талхтай, хоолтой хонох ирээдүйнхээ төлөө улс төрийн сонголтоо хийхдээ зөв хүнийг төрдөө илгээгээрэй. Энэ өдрүүдэд цөөнгүй нэр дэвшигчид өрсөлдөгчийнхөө талаар “нотой, ноцтой” бичлэг цацаж хэн нь хэн бэ гэдгийг дахин дахин батлан харууллаа. Энэ бүхнээс харж, улс төрийн мэргэн сонголтоо хийнэ гэдэгт итгэлтэй байна.