8o
Улаанбаатар хот
mobile menu

В.Дамдинсүрэн: 40 гаруй сумын хилийн зурвасын дагуу 5000 км алхаж байна

2016-07-01 08:28:00

.-Хүн зорилго, хүсэл тэмүүлэлттэй байвал нэг л өдөр түүндээ хүрнэ-

Өөрийнхөө хорин жилийн мөрөөдлийг биелүүлэхээр зорьж өнөөдөр 9 аймгийн 40 гаруй сумаар явган аялж нийт ард түмэнд идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс гэдгийг харуулж яваа энэ хүнийг Ванчигнямын Дамдинсүрэн гэдэг. Тэрбээр Монголын орны хилийн цэгүүдийг явган алхаж тойрохоор зорилго тавин ийнхүү аялалаа эхлүүлээд аль хэдийн зургаан сар болсон байна. Түүний аялал нь нийт 8252 км газар явган алхахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 9 аймгийн 40 гаруй сумын хилийн зурвасын дагуу аялаад Завхан аймагт ирсэн байхад утсаар холбогдож ийнхүү хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Сайн байна уу, та сайн явж байна уу. Яг одоо аль аймгийн хилийн зурвас дээр байна вэ? 

-Сайн. Сайн байна уу. Юуны өмнө монголынхоо бүх ард иргэдэд энэ өдрийн мэдийг хүргэе. Би аялалаа энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн Богдоос эхлүүлсэн.  Өнөөдрийн байдлаар Завханы Хилийн 0277 дугаар анги дээр ирээд байна.  Монгол орны хилийг нар зөв явганаар тойрч нийт  14 аймгийн 72 сумын нутгаар дамжин хилийн зурвасын дагуу аялахаар төлөвлөсөн.

“Би нэг л өдөр Монгол Улсынхаа хилийн зурвасын дагуу явган аялал хийнэ” гэж байнга хэлдэг байсан. Би энэ үгийг 20 жил хэлсэн.

-Одоогоор нийт хэчнээн аймаг дамжиж аялаад байна вэ?

-Өнөөдөртэйгөө нийлээд 174 хоногт 9 аймгийн 40 гаруй сумын хилийн зурвасын дагуу аялсан байна. Нийтдээ 5 мянган км алхаад байна. Анх аялалд гарч байхдаа өдөрт 20-30 км явна гэж норм тогтоож байсан. Зарим өдөр энэ нормоо хоёр дахин биелүүлж 50, 60, 90 км явсан өдөр байна. Ингэхдээ дандаа явган алхасан. Аялалын хугацаанд нийт 14 аймгийн 72 сумын хилийн зурвасыг дагаж 8252 км замын туулж ирэх 12 дугаар сард Улаанбаатарт ирэх зорилго тавьсан.

- Яагаад заавал Монгол орны хилийн зурвасыг дамжиж аялахаар болов?

-Би хилийн цэргийн бэлтгэл хурандаа цолтой хүн. Насаараа хилийн цэрэгт алба хааж байгаад 2014 онд тэтгэвэрт гарсан. Тиймээс монгол орны хилийн зурвасыг тойрч явган аялая гэж шийдсэн. Миний энэхүү аялал хэд хэдэн зорилготой. Нэгдүгээрт энэ миний 20 жилийн мөрөөдөл. Энэ мөрөөдлөө биелүүлэх гэж. Хүсэл зорилго, хүсэлт тэмүүлэлтэй байвал нэг өдөр биелэлээ олдог юм гэдгийг харуулахыг хүссэн. Хоёрдугаарт монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулах зорилготойгоор аялалаа  эхлүүлсэн.  Зүгээр нэг аялах биш аяллынхаа туршид эрүүл мэндийн талаарх зөвлөмж мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд өгч, дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралын талаар олон нийтэд сурталчилах ажлыг давхар хийж байна. Тиймээс ихээхэн онцлогтой аялал юм. Эх орноороо бахархах, эх орноо хайрлах, байгалийн сайхантай таницлах, хүн байгалийн холбоо харилцааг ирээдүй хойч үеийнхээ залуус сурталчилан таниулах, хүмүүжил, төлөвшилд нь нөлөөлөх, бий болгох зорилготой. Мөн хилчин хүн энэ зэргийн бие бялдарын болон сэтгэл санааны хаттай байх ёстой гэдгийг харуулахыг зорьсон. Хамгийн гол нь идэвхтэй хөдөлгөөний эрүүл амьдралын үндэс гэдгийг сурталчилах. Учир нь хөдөлгөөний дутагдлаас үүдэн дэлхий нийтээрээ хөдөлгөөний дутагдалд орчихсон, жингийн илүүдэлтэй, амьдралын ямар ч идэвхгүй байна. Манай улсын эрчүүд 30, эмэгтэй 34 хувь нь хөдөлгөөний дутагдалтай, жингийн илүүдэл гэсэн хамгийн сүүлийн үеийн мэдээ гарсан байна лээ. Үүнээс үүдэн өвчлөл ихэсч ялангуяа залуужиж байгаа нь манай улсын ирээдүй, үндэсний аюулгүй байдал сөрөг нөлөөтэй. Өнөөдөр та жингийн илүүдэлтэй байна гэдгээ мэддэг хэрнээ юу хийхээ мэдэхгүй байгаа бол зүгээр л идэвхтэй хөдөлгөөнтэй бай. Ялангуяа алхах нь эрүүл амьдралын маш энгийн бөгөөд үр дүнтэй арга. Тиймээс иргэдийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг уриалж энэхүү аялалаа эхлүүлсэн.  

-Өнөөдөртэйгөө нийлээд 174 хоногт 9 аймгийн 40 гаруй сумын хилийн зурвасын дагуу аялсан байна. Нийтдээ 5000 км алхаад байна.

-20 жилийн мөрөөдлөө биелүүлэх, иргэдэд идэвхтэй хөдөлгөөн суртачилахаар маш хүнд аялалд гарсан байна. Бараг бүтэн жил явган аялан гэхэд гэр бүлийхэн хэр хүлээж авсан вэ?

-Би хэзээнээс найз нөхөд, ах дүү, гэр бүлийнхэндээ “Би нэг л өдөр Монгол Улсынхаа хилийн зурвасын дагуу явган аялал хийнэ” гэж байнга хэлдэг байсан. Би энэ үгийг 20 жил хэлсэн. Тухайн үед хүмүүс зарим нь тоохгүй, зарим нь намайг цаашлуулаад тэр мөрөөдөл чинь хэзээ биелэх юм бэ гэдэг байсан. Миний энэ мөрөөдөл ийнхүү 20 жилийн дараа энэ онд биелэлээ олж байгаад баяртай байна. Үүнийхээ хажуугаар иргэдэд эрүүл, идэвхтэй хөдөлгөөн ямар ач тустай гэдгийг суртачилж байгаа нь хамгийн чухал. Энэ аялал бараг бүтэн жилийн хугацаанд явган явна гэсэн үг  л дээ.  Бүтэн жил гэдэг урт хугацаа. Аялалд анх гарах болоход гэр бүлийнхэн минь их дэмжсэн. Намайг дэмжиж байгаа хүнд баярлаж явдаг юм шүү гэдгээ хэлмээр байна.

-Та хэдүүлээ аялж байгаа вэ?

-Бид гурвуулаа аялаж байна. Э.Энхбаяр 18 настай, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Аварга дээд сургуулийн багш дасгалжуулагчын ангийн гуравдугаар дамжааны оюутан.  Эрүүл мэнд, спорт, аялал, жуулчлалын “Тэмүүлэл” клубын тамирчин П.Ганхишиг гэдэг залуу бид  3 хамт аялаж байна. Биднээс гадна Хилийн цэргийн баг, хамт олон байнга нэг машинтай дагаж явдаг. Бидний ачаа, хоол хүнс, эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор байнга дагаж явж байгаа.  Нэг машинтай түүндээ хүнд ачаагаа үлдээгээд бид алхаад явна. Өнөөдөр тэнд хоноглон гэсэн төлөвлөгөө гаргадаг. Тэгэхээр тухайн хилчид биднээс түрүүлж очоод хүлээж хоол унд бэлдэж байх жишээтэй. Маш олон хүний дэмжлэгээр сайхан аялж байна.

-Аялалын санхүү, зардлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Миний энэ аялалд гэр бүл найз нөхөд хамт олон тусалж дэмжиж байна. Мэдээж урт хугацааны аялал болохоор санхүү мөнгөний асуудал тулгарна. Манай хүү хоёр жилийн цалингийн зээл авсан, Хил хамгаалах ерөнхий газар хоол, хүнс болон унаа тэрэг, аюулгүй байдал зэрэгт дэмжиж  тусалж байна. Мөн ах дүү хамаатан садан, хоноглох майхан, дулаан хувцас гэх зэргээс дэмжиж тусалж байна. Энэхүү “Эрүүл чийрэг монгол хүн” аялал  БОНХАЖЯ, ЭМСЯ, Олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Монголын Адал явдалт, спорт аяллын холбоо гэсэн энэхүү таван байгууллагын удирдамж дор хийгдэж байгаа ажил. Тиймээс эдгээр байгууллага маш их хэмжээний дэмжлэг үзүүлж байна.  

-Очсон аймаг, орон нутгийн хүмүүс хир хүлээж авч байна вэ?

-Орон нутгийн иргэд их сайхан хүлээн авч явж байна. Ихэнхдээ хилийн зурвасын дагуу аялж байгаа болохоор аймаг, сумын төв рүү орох нь бага л даа. Зарим нэг аймаг, сум төв дээрээ хилийн цэргийн анги, заставтай байна. Тухайн аймагт буугаад хоноглоод явах гэхээс илүүтэй нутгийн иргэдэд идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд гэсэн үзэл сурталыг таниулах, уриалах сургалт мэдээллийг олгож жижиг арга хэмжээ зохион байгуулж байна.

-Зургаан сарын хугацаанд нийт 9 аймгийн 40 гаруй сумаар явсан гэхээр маш олон байгалийн сайхныг харж үзэж яваа болов уу. Энэ хугацаанд очсон хамгийн сайхан газар нь юу байв?

-Монголын  хилийн зурвасын дагуух газрууд бүгд сайхан байдаг. Миний Монгол орон ямар сайхан үзэсгэлэнт байгальтай юм бэ гэдгийг энэ аялалаар илүү мэдэрч байна. Хүмүүс урин дулаан цаг ирэхээр хөдөө, гадаа явж аялах зугаалга их хийдэг. Тэгэхдээ сайхан амрахыг илүү үздэг юм шиг надад санагддаг. Энэ нь зөв л дөө. Гэхдээ эх орныхоо сайхныг харж баясаж амрахаас илүү үр хүүхэд, хойч үедээ эх орноо гэх, дэлхийд байхгүй сайхан үзэсгэлэнт газруудаар бахархах үзэл сурталыг суулгаж өгөөсэй гэдгийг илүү мэдэрч байна. Нийт 9 аймгийн 40 гаруй сумаар явж байхад маш олон сайхан газрыг очиж үзэж харж баясаж байлаа. Түүнээс Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн Бөөрөг дэлийн элс маш үзэсгэлэнтэй байсан. Энэ аймагт байрлах Дөрөө, Үүрэг, Увс нуур, Давсны уурхай, Нарийны гол үнэхээр үзэсгэлэнтэй газар байлаа. Цаашид ман олон аймаг, сумын нутгаар явна олон сайхан газар үзнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар бороо, хур ихтэй байна. Явган аялахад цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хүндрэлтэй зүйл хэр байна вэ?

-Явган аялалын хийхэд сэрүүхэн байвал илүү сайн л даа. Сүүлийн хэдэн өдөр бороо, хур ихтэй сэрүүхэн байгаа болохоор аялахад тааламжтай, тохиромжтой байна. Өдөрт алхдаг байсан нормоо ерөнхийдөө давуулан биелүүлж байна.

-Энэ хугацаанд таны бие өвдсөн зүйл гарсан уу. Өдөржин алхахаар хөл улдах зүйл гарна шүү дээ?

-Тэгэлгүй яахад өдөржин алхахад хөл улдана. Хөлийн тавхай, өсгий зэрэг нэлээд өвдөнө. Өдөржин алхаад орой хоноглох газартаа ирэхээр өтгөн хар цайнд хөлөө дүрдэг. Сүүлний тос түрхэж иллэг массаж хийх зэрэг арга хэмжээ авна. Аялалын хугацаанд бие өвдсөн зүйл байхгүй байна. Насаараа эмч хүний дэргэд байсан болохоор бие эрүүл байхаас өөр яах билээ.

-Та хэдэн настай вэ. Уугуул нутаг аль аймаг вэ?   

-Би 53 настай. Уугуул нутаг Ховд аймгийн Дарви сумын хүн.  1981 онд арван жилээ төгсөөд 1982 онд цэрэгт яваад түүнээс хойш 32 жил Хилийн цэргийн байгууллагад ажиллаж байгаад өнгөрсөн 2014 онд тэтгэвэртээ гарсан.

-Ярилцсанд баярлалаа.

Ийнхүү нэг насныхаа мөрөөдлийг биелүүлэхийн зэрэгцээ улс орныхоо нийт хүн ардын эрүүл мэдийн төлөө аялаж байгаа В.Дамдинсүрэн ахыг Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгээс “Нийгмийн эрүүл мэндийн элч” болгожээ. 20 жилийн мөрөөдөл нь өнөөдөр биелэлээ олж, идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралын хэвшил гэдгийг суртачилж байгаа энэ эрхмийн аялал өндөрлөж Улаанбаатарт ирсэн тэр үед эрхэм уншигч тантай эргэн уулзуулах болно.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
mundag sn ywaad ireerei
2016/07/01 43.242.242.52