8o
Улаанбаатар хот
mobile menu

СОНГОГЧ ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ ХУУЛИЙН ЗААЛТУУД

2016-06-24 11:00:00

СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙН ТАЛААР СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИНД:

- Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” хэмээн заасан байдаг.

- “Сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг хэлнэ. (Хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт)

- “Сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлнэ. (Хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь заалт)

- “Нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг хэлнэ. (Хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3 дахь заалт)

- Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгнө. (Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэг)

- Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно. (Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг)

- Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 15-наас өмнө шалгасан байвал зохино. (Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.15 дах хэсэг)

- Сонгогч нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ www.burtgel.mn цахим хуудаснаас болон 2016 оны 6 дугаар сарын 10-наас эхлэн өөрийн харъяа санал авах байранд очиж шалгаж болно.

- Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. (Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг)

- Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ. (Хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэг)

- Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ. (Хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг)

- Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ. (Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэг)

Сонгох эрх

Сонгуулийн эрх бүхий иргэн ТА:

Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.

Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна.

Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

Сонгогдох эрх:

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА

• Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,

• банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;

• албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;

• нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;

• ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон;

• цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн бол УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОХ ЭРХТЭЙ.

Мөн хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн хуульд заасан бусад шаардлагыг хангасан бол тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.

СОНГУУЛЬД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Сонгогч та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгнө. Сонгогч таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно. Сонгогч та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу 2016 оны оны 6 сарын 15-ны өдрөөс өмнө шалгасан байвал зохино. Хэрэв сонгогч таныг болон гэр бүлийн тань аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. Сонгогч та шилжих шаардлагатай бол 2016 оны оны 6 сарын 15-ны өдрөөс өмнө хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Сонгогч та шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 19-нөөс өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ. Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагаа, санал өгөх хүсэлтээ 2016.6.24-нөөс өмнө санал авах байранд хүргүүлнэ. Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт, байгууллагын тодорхойлолтын хамт 2016.6.24-нөөс өмнө санал авах байранд хүргүүлнэ.

СОНГОГЧ ТА САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Сонгогч та саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эсхүл санал авах байранд өөрийн биеэр өгөх боломжтой. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх Дараах сонгогчид нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө. Үүнд:

• Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;

• Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;

• Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;

• Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон

Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн өгөх

Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2016 оны 6 дугаар сарын 29-ний лхагва гариг байна.

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглоно.

Санал өгөх:

Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хубилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Саналаа хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.

Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулж байгаа тул сонгуулийн саналын хуудсыг нэг хуудас дээр хэвлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн сонгууль тус бүрийн саналын хуудсыг бие даасан байдлаар ойлгоно.

Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ.

Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог. Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.

СОНГОГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:

• Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, • Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

• Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

• Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;

• Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;

• Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment