8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: Эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье

2015-11-11 13:39:00


УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгээс хийж буй дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.



    Улсын Их Хурлын дарга,
Эрхэм гишүүд ээ,


    Та бид бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн жилийн төсвийг хэлэлцэн батлах гэж байна. Улсын төсөв батална гэдэг нь Үндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрх байдаг. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц багатайгаар оройн цагаар улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаад харамсаж байна.


Ингээд өнгөрсөн гурван жилийн төсвийнхөө алдаа оноог эргэж нэг дүгнэе. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ анхныхаа буюу 2013 оны төсвийг цөөнхийн оролцоогүйгээр зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж баталсан. Ард түмний 40 гаруй хувийн төлөөллийг УИХ-д бүлэггүй байлгаж, дуу хоолойг нь хааж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг томоохон экспертүүдийн зөвлөгөөг үл тоомсорлож төсвөө баталсан. Тэр үеэс эхэлж Монгол Улсад төсвийн сахилга, хариуцлага үгүй болж, эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, ард түмний мөнгийг дур зоргоороо хэт үрэлгэн зарцуулах эхлэл тавигдсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тодорхойлсноор “авлигажсан” төсөв “мордохын хазгай” болсон. Үүнээс хойш жил жилийн төсвийг 1-2 удаа тодотгодог, төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасардаг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсөвдөө тохируулж засдаг гажиг уламжлал болон тогтлоо. Ингэж төсвийн төлөвлөлт, тооцоо судалгаа, гүйцэтгэл, хяналт, хариуцлага суларлаа.


Эрх баригчдын бодлогын алдааг УИХ дахь МАН-ын бүлэг удаа дараа сануулж, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас анхааруулж ирсэн билээ. Гэвч сайн санаж ажилд нь тус болох гэж хэлсэн үнэтэй зөвлөгөө бүрийг жадлан эсэргүүцэж, өөрсөддөө огтхон ч бурууг өгөөгүй. Тэр ч бүү хэл “Бүх юм сайхан байна, эдийн засаг хүндрээгүй”, “Ам.доллар удахгүй 1000 төгрөг болно”, “Чингис бонд бол өр биш өглөг”, "Бондын өрийг бидний үр хүүхдүүд төлчихнө" гэх мэт хариуцлагагүй зүйл ярьсаар эдийн засаг, нийгмийн байдлыг өнөөдрийн хямралд хүргэлээ. Улс орноо, ард түмнээ өр зээлийн гинжин сүлжээгээр холбон гагналаа. Сүүлийн жил хагасын хугацаанд эрх баригчид бодит байдалтайгаа эвлэрч, өөрсдийн алдаа дутагдлаа ойлгож эдийн засгийн хямралын өмнө гараа өргөн бууж өгч байна. Тиймээс алдаагаа ухамсарлаж энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд сөрөг хүчин, олон улсын байгууллагууд, ард  түмнийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, заавар зөвлөгөө, санал санаачилга бүрийг тунгаан хямралыг сөрсөн хариуцлагатай төсөв батлахыг эрх баригчдад анхааруулан сануулж байна.

 


    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар төсвийн тогтвортой байдлыг хангах үндсэн 9 шалгуур үзүүлэлтийг баталсан. Эдгээр шалгуур үзүүлэлтийн 5-ыг нь 2016 оны нэгдсэн төсвийн төсөл хангасангүй ээ. Манай улсын экспортын гол нэр төрлийн түүхийн эдийн үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, өрийн дарамт ихэссэн, банкны систем эрсдэлтэй байдалд орсон зэргээс шалтгаалж эдийн засгийн өсөлт саарсан хэвээр байна гэдгийг олон улсын байгууллагууд сануулж байна. Гэтэл Засгийн газар ДНБ-ий өсөлтийг 4,1 хувьд хүрнэ гэж тооцоолсон нь үндэслэлгүй юм. Үүнд тулгуурлаж төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээг хөөсрүүлэн төсөөлж байгаа нь том алдаа болно гэдгийг анхааруулан сануулъя. Тухайлбал, нэгдсэн төсвийн орлогыг 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 853 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 6 их наяд 981 тэрбум төгрөг, зарлагыг мөн 629,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7 их наяд 883 тэрбум төгрөг, алдагдлыг 901 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3,3 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Энэ нь эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлэх төсөв гэж дүгнэхэд хүргэлээ. 

 


2. Төсвийн орлого: Төрийн өмчийг үнэгүйдүүлэн авах бодлогыг дэмжихгүй


Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө жил дараалан 1 их наяд төгрөгөөр тасардаг боллоо. Энэ бол та бүхний бодлогын алдааны илрэл, бий болгосон эдийн засгийн буруу уламжлал юм. Тиймээс 2016 оны төсвийн орлогыг 850 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх бус харин 1 их наяд төгрөгөөр хасч тооцохыг зөвлөж байна.  2016 оны нэгдсэн төсөвт эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн нөлөөллөөр 140 тэрбум, Тавантолгойн төсөл эрчимжсэнээр 200 тэрбум, өмч хувьчлалаар 171,7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон нь биелэх боломжгүй юм. Учир нь 2015 оны төсөвт өмч хувьчлалаар 181,4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолсон боловч энэ оны 9 сарын байдлаар дөнгөж 9 хувийн гүйцэтгэлтэй 14.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 166.5 тэрбум төгрөг буюу 90 хувиар тасарлаа. Өмч хувьчлалын бодлогууд нь тооцоо судалгаагүй, шударга ёс, ил тод байдлыг алдагдуулахаар байна. Төрийн банк, Хөрөнгийн биржийг үнэгүйдүүлэн хувьчлах гэсэн санаархал анхаарал татах боллоо. Төрийн өмчийг үнэгүйдүүлэн авах бодлогыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хатуу шүүмжилж, дэмжихгүй болохоо мэдэгдэж байна.

 

3. Төсвийн зарлага: МАН 10 жилд цалинг 356.6 хувиар нэмсэн. Харин АН 5 жилд 14.5 хувиар нэмж, 10-30 хувиар хасах санал гаргалаа


Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан УИХ 2014 оны 34, 47, 70 дугаар тогтоолоор Засгийн газарт төсвийн хэмнэлтийн горимд шилжих, тэвчиж болох урсгал зардлыг танах чиглэл өгсөн. УИХ-аас ийм чиглэл өгч, удаа дараа тогтоол гаргасаар байхад хууль, журамд захирагддаггүй эрх баригчид 2016 оны нэгдсэн төсвийн зарлагыг 629,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Засгийн газар сайд, дарга нарынхаа эрх ямба, үрэлгэн зардлыг танахын оронд төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар бууруулах саналыг төсвийн төсөлд тусгажээ. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оны хүнд хэцүү жилүүдэд, дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2009 онд ч төрийн албан хаагчдынхаа цалинг хасч байгаагүй. Тухайн үед ард түмний цалинг хасалгүй, захиргааны зардлаа 30 хувиар бууруулж хямралыг давсан бодлогоо эргэж нэг сануулъя.

 

Ардчиллын 25 жилийн ойгоор Ардчилсан намынхан цалин хасах саналаар ард түмэндээ "бэлэг" барилаа. Та бүхэн эрх барьж байх 1996-2000 оны хооронд цалин тэтгэврийг хугацаандаа ч тавьж чадахгүй эдийн засгийг хямралд хүргэсэн. Түүнээс хойших Засгийн газруудын цалин нэмсэн байдалд дүгнэлт хийж үзэхэд анхаарал татах тоо гарч байна. Тухайлбал, цалинг Н.Энхбаярын Засгийн газар 95 хувь, Ц.Элбэгдоржийн Засгийн газар 7.5 хувь, М.Энхболдын Засгийн газар 141 хувь, С.Баярын Засгийн газар 20 хувь, С.Батболдын Засгийн газар 100 хувь, Н.Алтанхуягийн Засгийн газар 7 хувиар нэмсэн байна. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар 10-30 хувиар хасах санал дэвшүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж, хүлээн авах боломжгүй гэдгээ дахин мэдэгдье. Энэ бүгдийг дүгнэж үзэхэд МАН 2000 оноос засаг барьсан 10 жилийн хугацаанд цалинг 356.6 хувиар нэмсэн байна. Харин АН 2000 оноос хойш 5 жил засаг барихдаа цалинг 14.5 хувиар нэмж, 10-30 хувиар хасах санал дэвшүүлэв. МАН-ынхан цалинг нэмдэг, АН-ынхан хасдаг байж болохгүй ээ. Эсвэл МАН бүх л боломжоо дайчлан ард түмний цалин, тэтгэврийг нэмж байхад, АН-ынхан ёс төдий нэмдэг байж таарахгүй ээ. Ард түмэндээ, цалин тэтгэврийг жил бүр нэмнэ гэсэн сонгуулийн амлалтаа, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол ядаж хасахгүй байхыг эрх баригчдаас хүсье. Үлдэж байгаа хугацаанд амлалтдаа хүрч тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж бас санал болгоё.

 

Бид хямралын буруутныг хайж шүүмжлээд суусангүй. Хямрал хүндрэлийг даван туулахын тулд, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зорилгоор улсын нэгдсэн төсвийн урсгал зардлаас 50 орчим тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтаас 150 гаруй тэрбум төгрөгийг хасах саналыг боловсруулан хүргүүлсэн. Үүнд гадаад дотоод, томилолт, хоол унаа, утасны төлбөр, сургалт семинарын зардлыг хасч төрийн данхайсан бүтцийг цомхон болгох, бүх шатны орлогч даргын орон тоог цомхотгох, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ, ажлын албаны орон тоо, бүтцийг 2011 оны түвшинд оруулах, төрийн өмчийн мэдэлд ашиглаж буй нийт автомашины 20 хувь буюу 1083 жип автомашиныг худалдан борлуулах замаар төсөвт орлого төвлөрүүлэх зэрэг саналууд багтаж байна. Бидний санал, заавар зөвлөгөөг хүлээн авч төсөвтөө тусгавал 2016 онд улсын төсөв сайжран батлагдана. Эдийн засаг, нийгэмд ч эерэг өөрчлөлтүүд гарна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төсвийг хасах танахаас гадна зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх хэдэн санал гаргалаа. Энэ нь Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэлд шаардлагатай 4,5 тэрбум, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх 4,8 тэрбум, эрдэм шинжилгээний байгууллагуудын урсгал зардалд 1.8 тэрбум, нийслэлийн цэвэрлэх байгууламжийн 6 тэрбум төгрөгийг төсөвт тусгах санал гаргаж байна.

 

Бид Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрыг нэгтгэж Үндэсний орлогын газар шинээр байгуулахыг дэмжихгүй. Бас Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдье.

 

4. Төсвийн хөрөнгө оруулалт: Төр нь хувийн хэвшлээ дэмжин тэтгэдэг биш дампууруулдаг боллоо


Монгол Улсын төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл туйлын хангалтгүй байна. Тухайлбал, энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилт 800 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, гүйцэтгэл 40 хувьтай байна. Төсвийн ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд төр санхүүжилтийг цаг тухайд нь олгохгүй байгаагаас бизнес эрхлэгчид өр, зээл, татварын дарамтад орох асуудал хэвийн үзэгдэл болон хувирлаа. Иргэд, бизнес эрхлэгчдийнхээ төрд итгэх итгэлийг бодлогоор сулруулж байна. Бас төрийн хариуцлагагүй байдал нь банк, санхүүгийн салбарыг ч эрсдэлд орууллаа. Төр нь хувийн хэвшлээ дэмжин тэтгэдэг биш татаж унагадаг, дампууруулдаг боллоо.

 

Засгийн газар өмнөх онуудын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бүрэн шийдвэрлээгүй, зарим санхүүжилтийг 2016 оны төсөвт огт суулгаагүй мөртлөө 127,9 тэрбум төгрөгийг шинээр эхлэх 112 төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан нь туйлын их анхаарал татаж байна. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтын бодлогогүй болсны тод жишээ юм. Бас сонгууль угтсан шоу, тууз хайчлахад зориулсан төсөв гэдэг нь харагдаж байна.

 


5.Засгийн газрын өр зээл: Монгол хүн бүрт 14 сая төгрөгийн өр ногдож байна

"Өр зээл", "бонд" гэсэн үг монголчуудын үгийн санд хамгийн их хэрэглэгддэг боллоо. Бид өр зээл гэсэн үгийг түүхэнд байгаагүй хэмжээнд ашиглаж эхэллээ. Өрийн дарамт нь биднийг ч, бизнес эрхлэгчдийг ч, ард түмний санаа бодлыг ч ихээхэн зовоох боллоо. Харин эрх баригчид та бүхэн л санаа зовох зүйлгүй өр, зээлийн хэмжээг нэмэх гэж улайран зүтгэдэг хэвээр байна. Ийм бодлогын үр дүнд Монгол Улсын нийт гадаад өр 21,7 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 182 хувьтай тэнцүү боллоо.  Энэ нь Монгол Улсын нэг иргэнд 14 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг юм.


Монголчууд бид ирэх 2016 онд 962,4 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээнд өгөхөөр боллоо. Зөвхөн зээлийн хүүнд ганцхан жил өгч байгаа энэ мөнгөөр 100.000 айлыг приус маркийн автомашинаар хангаж болно. Эсвэл 24.000 төрийн албан хаагчийг орон сууцаар хангахад хүрэлцэнэ. Энэхүү хөрөнгөөр 1000 цэцэрлэг барьж өнөөгийн нийгмийн тулгамдсан томоохон асуудлыг бүрэн шийдвэрлэх байлаа. Ингэж тооцвол ямар хэмжээний мөнгийг жил бүр гадаад дотоод зээлийнхээ хүүнд өгөхөд хүрч байгаа нь хялбархан ойлгогдоно.

Өнөөдөр эрх баригчдын алдаатай, буруу бодлогын үрээр олон мянган аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, тэдгээрийн аж ахуйн нэгжийн ажиллагсад болон төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, тэтгэвэр авагчид бүгдээрээ арилжааны банк болон бусдад цалингийн, тэтгэврийн, моргэйжийн гэх мэт олон төрлийн зээлийн өрөнд орж, өр зээлээр амьдралаа залгуулахад хүрч байна. Өнөөгийн байдлаар иргэд арилжааны банкинд ипотекийн 1,6 их наяд, цалин тэтгэвэр, хэрэглээний зээлийн 2,2 их наяд, нийт 3,8 их наяд төгрөгийн зээлийн өртэй байна. Энэ нь 2012 оны жилийн эцсийн үзүүлэлтээс ипотекийн зээлийн өр 80 хувиар, цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл 2,0 дахин өссөн үзүүлэлт юм.


2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө илүү өндөр хөгжилтэй улс орон, баталгаатай ажлын байр, хангалттай цалин хөлстэй сайн сайхан амьдралыг мөрөөдөж санал өгсөн ард иргэдийн итгэл, найдварыг хөсөрдүүлж иргэн бүрээ өрийн дарамтад оруулаад байна.

Монголчууд бид өр зээлэнд баригдаж, цалингаа хасуулж, ажлаасаа халагдаж, компаниа дампууруулж, шударга ёсыг мөрөөдөж суумааргүй байна. Харин "ХҮН ШИГ АМЬДАРЧ, УЛС ШИГ ХӨГЖМӨӨР БАЙНА". 

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ

Шийдлийн Засгийн газар 2016 оны эдийн засгийн өсөлтийг 4,1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдал, өрийн хэмжээг тооцон УИХ-аар хэлэлцүүлж байна. Гэтэл Олон улсын валютын сан ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувь гэж тооцжээ. Тооцоолол ингэж их хол зөрж байна. Тооцоолол, төлөвлөлтийг үндэслэлтэй, зөв зүйтэй хийж чадахгүй байгаа учраас л улс орны эдийн засаг хямарлаа. Ирэх жил ч гэсэн эдийн засаг улам гүнзгий хямарч, ард түмэн бүсээ илүү ихээр чангалах хэрэгтэй болж байгааг 2016 оны төсөв харуулж байна.

Өнгөрсөн гурван жилийн турш "буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээсэн" Засгийн газар ирэх жил ч түүхээ давтахаар байна. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг Таныг эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн, төрийн мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан, хариуцлагагүй, хөөсөрсөн төсөв өргөн мэдүүлсэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Засгийн газарт улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чадамж, бодлого байхгүй болох нь нотлогдож байна. Шийдлийн Засгийн газар улс орноо улам хямруулах, ард түмнээ улам ядууруулах, өр зээлийг улам нэмэх уриатай юм шиг ажиллах боллоо. Энэ байдалд УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлт хийж ажиллана. 

Эдийн засгаа уналтаас гаргах, аврах ажиллагааг эхлүүлэхийн тулд 2016 оны нэгдсэн төсвийн орлого, зарлагыг бодитой тооцож алдагдлыг тэг хувьтай батлахыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ЗӨВЛӨЖ байна.      

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл