Хэдхэн хоногийн өмнө монголчууд чухал улс төрийн сонголтоо хийсэн билээ. Энэ сонгууль нэлээд онцлогтой болсон бөгөөд, нотой ноцтой бичлэгүүд ч нэлээд цацагдлаа. Мөн үүнээс гадна сонгуулийн өдөр нэр дэвшигчид болон түүний туслахууд мөнгө тараасан гэсэн гомдол нэлээд хэд гарч цагдаагийн байгууллага шалгаж байгаа. УИХ-ын 11 дүгээр тойрог Говь-Алтай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Амгаланбаатарын шадар туслах Эрдэнэбилэг бусдад мөнгө тарааж байгаад баригдсан. Хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд шилжүүлээд байсан. Мөн Баянхонгор аймагт нэр дэвшигч Д.Ганбатын туслах Цэндсүрэн мөнгө тараасан үйлдлээрээ хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзсэн учраас шүүхэд шилжүүлээд байсан. Мөн үүнээс гадна мөнгө тараасан гэдгээс өөр буюу Сонгуулийн сурталчилгаа дууссан үед нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, О.Цолмон нар бие даасан нэвтрүүлэгт оролцсон нь мөн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзээд байсан. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар гүтгэсэн гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдээлэл санал хураалтыг өдөр гарч байсан. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд сонгуулийн өдөр иргэдэд мөнгө тарааснаас үүдэн нэгэн золгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, тухайн өдөр Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд сумын төвөөс алслагдсан иргэдийг машинаар зөөж санал өгүүлсэн байна. Энэ үйл явдлаас болж, хорвоод мэндлээд 20 гаруй хонож байсан бяцхан нярай амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Увс аймгийн Түргэн суманд оршин суух С.Отгонтуяа өнгөрсөн сарын 03-нд хүүтэй болжээ. Тухайн өдөр гэртээ хүүхэдтэйгээ унтаж байсан С.Отгонтуяаг нөхөртэйгээ явж саналаа өг, 100 мянган төгрөг өгнө хэмээн Ч.Хүрэлбаатарын шадар туслах хэлсэн байна. Нялх хүүхэдтэй учраас жийп машинтай авч явуулна хэмээн хэлсэн аж. Гэвч үнэн хэрэгтээ нярай хүүхэдтэй шинэ төрсөн нярайг цөөхөн хүнтэй жийп автомашинд суулгаагүй бөгөөд хүн ихтэй микро автобусанд суулган 260 гаруй км замыг туулж санал өгүүлсэн байна. Хүн ихтэй микро автобусанд явсан нярай амьсгалын дутагдалд орж, Увс аймгийн эмнэлэгт хүргэгдэн Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн ч сонгуулийн маргааш буюу 7 сарын 01-ны өдөр нас баржээ. Өмнө нь УИХ-ын 15 тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор иргэн бүрт 100 мянга төгрөг тараасан баримт дэлгэгдэж байсан. Тэд иргэдийн саналыг авах зорилгоор Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө тараасан гэдэг нь нэгэнт батлагдаж, мөнгө тараах ажлыг нь гүйцэтгэсэн долоон хүн шүүхээс ял авсан.
Тус хэрэгтэй холбогдуулан УИХ-ын байнгын хорооны рефрент, төрийн жинхэнэ албан хаагч байсан Ш.Чинбатыг “Хархираа” амралтын газраас баривчлан хорьсон.
Харин Эрүүгийн хуу¬лийн нэгдүгээр зүйлийн 821 дүгээр зүйл. Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн бүлгийн 821. 1-д “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 821.2-д “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгө болон бусад хор уршиг учирсан бол 16-25 жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа. Гэтэл нэг удаа бус энэ хэрэг хоёр удаагийн сонгууль дээр давтагдлаа. Зөөлөн суудалд тухлах гэсэн улс төрчийн суудлаас суухын тулд тэд дүрэм журмыг уландаа гишгэж, хаан мэтээр авирладаг нь харагдаж байгаа юм. Энэ удаад мөн л ийм хэрэг гарч хохирогч цагдаагийн байгууллагад хандсан байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн байх эрхтэй юу. Түүний зөөлөн суудлын золиос нь нялх нярай байх ёстой гэж үү.