8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 32 дахь Засаг дарга ажлаа хүлээн авлаа

2016-07-07 14:20:55

НИТХ-ын 2016 оны  анхдугаар хуралдаан өчигдөр болж Нийслэлийн Засаг даргад Су.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны энэ сарын 6-ний өдөр захирамж гаргаж, Су.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэхь даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс  тамгаа гардаж авлаа.Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан бөгөөд Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн өнөөгийн байдлын мэдээ болон өнөө жил нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр, “Дарга нарын эрх мэдэл, үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг  бид нэг цэгт төвлөрүүлсэн нь нийслэлийн иргэдийн хамгийн их талархал хүлээн авсан ажил болсон. Тиймээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг  цаашид үргэлжүүлж улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай“ гэсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөт, “Сайн хашаа” хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжүүлэхийг хүсээд, НЗДТГазар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагчдад  баяр хүргэж, талархал илэрхийллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл