Яг одоо Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа бага зэрэг хоцорч эхэлсэн бөгөөд Байнгын хороодын гишүүдийг баталлаа. УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд байнгын хороодод хуваарилсан байдлыг танилцуулж дууслаа. Ингээд УИХ-ын байнгын хороодын гишүүдийг хуралд оролцсон гишүүдийн 87.7 хувийн саналаар баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн тус бүр гурван байнгын хороонд харьяалагдаж байгаа. Хуралдаа идэвхтэй оролцоод ажиллаарай. 2012 онд МАН УИХ-д цөөнх байхад бүлэггүй, байнгын хороонд ч харьяалагддаггүй, дуу хоолойгоо хүргэж чаддаггүй байсан. Ийм зовлонг туулж гарсан учраас цөөнхийн бүлгийн гишүүддээ хүндэтгэлтэй хандаж, тус бүр гурван байнгын хороонд харьяалуулсан шүү” гэдгийг тодотголоо. Одоо байнгын хороод тус бүр дарга нараа сонгоно. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөнө.
Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа
2016-07-07 15:48:00