Хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт энэ сарын 9-12-ны өдөр үндэсний их баяр наадамд уралдах морь, унаач хүүхдүүдийг бүртгэж эхлэхээр болжээ. Унаач хүүхдээ бүртгүүлэхдээ уяачид хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн дэвтрийн дугаар, эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг, ослын даатгалын баталгаа, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг авчрах юм байна. Энэ жил хүүхдийн даатгалыг "Монгол", "Практикал", "Миг", "Соёмбо", "Монре", "Хаан", "Ард", "Бодь", "Мөнх", "Номин", "Тэнгэр" зэрэг 11 компани хийх аж. Даатгалаас гадна хуульд заасанчлан долоогоос дээш насын хүүхдийг уралдуулах бөгөөд уралдааны үед унаач хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлэхийг мэргэжлийн байгууллагаас шаардаж буй. Түүнчлэн морь уралдах цагийн хуваарийг баримтлан товлосон хугацаанд нь ирсэн байх ёстой аж. Ямар нэг шалтгаанаар мориноос унасан хүүхдийг тухайн уралдаанд дахин хурдан морь унуулахгүй байх юм байна. Бас хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй гэдгийг анхаарууллаа.
Унаач хүүхдүүдийг маргааш бүртгэнэ
2016-07-08 09:39:00