Одоогоос хоёр жилийн өмнө 45 настай эмэгтэй Б-г Баянгол дүүргийн нэгэн дулааны худагт хамт амьдардаг байсан Г, Ц, Ц нарын гурван эрэгтэй амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2014 онд гарсан билээ. Тухайн үед гэмт этгээдүүд архидан согтуурсан байсан бөгөөд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж танхайн сэдэлтээр бүлэглэн зодож гавал тархинд нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хөнөөсөн. Улмаар уг хэргийг нуун далдлах зорилгоор шуудайнд хийж, ойролцоох өөр нэг дулааны худагт хийж, дээрээс нь шороо агсаж, булсан. Тэгвэл дээрх хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 01-ний өдөр хянан хэлэлцлээ. Ингээд шүүх хуралдаанаас шүүгдэгч Г, Ц нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 20 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Шүүгдэгч Ц-г шүүхээс "онц аюултай гэмт хэрэгтэн"-ээр тооцож ийнхүү шийдвэрлэсэн байна.
Хүний амь хөнөөж, газарт булсан этгээдүүдийг ялаллаа
2016-07-08 12:29:00