Баяр наадам болон АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар ЗЦГ өнөөдөр мэдээллээ. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр буюу энэ сарын 14-17-нд Яармагийн болон Богд уулын арын замыг 08.00-20.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтад хамруулах болсон байна. АСЕМ-ын үеэр 5000 мянга орчим төлөөлөгч Улаанбаатар хотноо ирнэ. Зочдын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалтын үндсэн бүс дээр энэ хоёр маршрутыг нэмж байгаа хэмээн ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат хэллээ.
“АСЕМ-ын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн тоог тэгш, сондгойгоор нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. Долдугаар сарын 14, 16-нд сондгой, 15-16-нд тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм. Мөн дугаарын хязгаарлалттай бүсэд 10 тонноос дээш ачааны машин хөдөлгөөнд оролцохыг хориглосон. АСЕМ-ын өдрүүдэд Нарантуул, Бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Дүнжингарав, Сандей, Өгөөмөр, Шөнийн зах ажиллахгүй гэлээ.
Наадмаар нийт 7600 автомашинд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нэвтрэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт тусгай зөвшөөрөл зорчигч тээврийн хэрэгслээ дараах зогсоолд байрлуулах учиртай. Үүнд,
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байруулах юм.
“Г”, “Шар-Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” компанийн талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” компанийн зогсоолд байрлах юм.
Хүй долоо худагт:
“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
“Г”, цэнхэр “М”, ногоон “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд эхний уулзвараар баруун гар тийш эргэж , үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлана.
Улаан, цэнхэр өнгө бүхий “М”, ногоон “Ү” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт, “Шар-Ү” зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх юм.
Зөвшөөрөл аваагүй иргэд Дүнжингарав болон Мишээл экспо төвийн зогсоолд автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой аж.