8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна

2016-07-10 13:20:00

Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд 10:00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаал хийнэ

Монголчууд өнөөдөр Төрийн далбааны өдрийг найм дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдоржнар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхлээд байгаа билээ. 

Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС-ийн 2000 гаруй алба хаагчид оролцож, цэргийн сүр хүч, бахархал, омогшлыг олон нийтэд дэлгэн харуулах юм. Цэргийн ёслолын жагсаалын командлагчаар ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат ажиллах байгаа аж.

Харин Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж, тугчаар ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар  туг хамгаалагчаар ЗХЖШ-ын  Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, агаарын цэргийн штабын дарга, хурандаа Н.Батбаяр нар ажиллах юм байна.

Төрийн далбааны хүндэтгэлийн ёслолын ажиллагаа өнөөдөр 10.00 цагт Эзэн Чингис хааны нэрэмжит төв талбайд эхлэх бөгөөд ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд болон УИХ, ЗГ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, батлан хамгаалахын атташе нар, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Манай улсаас гадна дэлхийн олон орнуудын Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, Канад Улс хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, Европын холбоо тавдугаар сарын 9, Итали Улс нэгдүгээр сарын 7-нд “Төрийн далбааны өдөр”-өө тэмдэглэдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment