8o
Улаанбаатар хот
mobile menu

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт эхэллээ

2016-07-15 11:18:17

Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж буй Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт төр засгийн тэргүүд, хүндэт төлөөлөгчдийг Монголын сайхан оронд Та бүхнийг тавтай морилон саатахыг хүсээд "АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн, түнш байгууллагын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид – тус бүрийн зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл өргөе. Та бүхнийг манай улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Монголын ард түмэн, төр засаг нэн талархан хүлээн авч байна" гэв. 

Мөн "Монгол Улс бол Ази, Европ тивийн дунд нь оршдог өвөрмөц байршилтай орон. Бөмбөрцөгийн энэ их хоёр тивийг уулзуулж, холбож ирсэн түүхтэй, уламжлалтай улс. Европ Азийн энэ удаагийн дээд түвшний уулзалт нь “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийг хэлэлцэх гэж байна. Бас ийм хэлэлцүүлэг өрөнөж буй нь олон зуунаас улбаатай юм.

Найман зууны өмнө Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн элчүүд уулздаг байсан. Тэд хоёр тивийн улсуудын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, шашин хоорондыг ойлголцлыг бий болгох, худалдааны чөлөөт, аюулгүй байдлыг хангах, шинэ мэдлэг ололтоо солилцох, шуудан холбооны өртөө сүлжээ байгуулах талаар ярилцдаг байжээ. Энэ тухай түүхийн эх сурвалжуудад тодорхой өгүүлсэн байдаг.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авах нь Монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрөгч 2 жилийн хугацаанд АСЕМ-ын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүү, эд материал, хүний нөөц, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан улс орон, байгууллага, хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна. Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байгаа юм. Мөн дээд түвшний энэхүү арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно. Гишүүн орон, түнш байгууллагыг төлөөлсөн ажлын хэсэг, албаны хүмүүс дээрхийн бэлтгэлийг сайн хангаж ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэе.

Ази Европын энэ удаагийн 11 дэх уулзалтын үр дүнгээр “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлөвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох нь гарцаагүй. Мөн эндээс гарсан тодорхой шийдэл, хэлцлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон дараагийн ажлуудын дүр зургууд тодорно гэж итгэж байна. Талууд ч энэхүү уулзалтад хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгчээр оролцоно хэмээн найдаж байгаагаа Ази Европын дээд түвшний уулзалтыг даргалагчийн хувьд онцлон хэлье.

Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа юм. Ази Европ тивийн дээд хэмжээний энэхүү 11 дэх удаагийн уулзалтын агуулга ч бидний хамтын байгууллага - АСЕМ-ын өнгөрсөн 20 жилээ дүгнэх, ирээдүйн 20 жилээ төсөөлөхөд чиглэж байна. Монгол Улсын хувьд ч энэ жил түүхт ойнууд тохиож байгаа. Монголын төр улс үүсэн байгуулагдсаны болон Их Монгол Улсыг тунхагласны тэгш ойг бид тэмдэглэж байна.

АСЕМ-ын уулзалт нь манай Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхцаж, бас үргэлжлэл нь болон өрнөж байгаагаараа билэгдэлтэй юм. Монголчуудын баяр наадамтай цуг энх амгалан ирдэг гэж эрт цагт ярилцдаг байсан. Манай үндэсний наадам бол Монголчуудын их түүх, амар амгалан хосгүй өв соёл, уламжлал заншил, бахархал цэнгэл, өнөөгийн хөгжил цэцэглэлийн өвөрмөц хослол байдгаараа онцлог юм. Та бүхэнд бид наадам бэлдсэн байгаа. Тэнгэр болгоож таалалд тань нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд бид АСЕМ-ын энэхүү дээд түвшний уулзалтыг Монгол газар шороон дээр бүтэн зуунд тохиох чухал үйл явдал гэж үзэж байгаа. Бас Та бүхнийг хүсэн хүлээж хичээнгүйлэн бэлдсэн. Монгол бол хүн нь зочломтгой, байгаль нь тансаг, үндэснийхээ түүх ололтоор бахархдаг, өрнүүн хүсэл тэмүүлэлтэй, нээлттэй, найрсаг улс. Эрхэм дээд зочид гийчид Та бүхнийг Монгол Улсад тавтай морилон саатахыг дахин урья.

Ийнхүү Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэлж байгааг баяртайгаар тунхаглан зарлая" гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсний дараа Европын Холбоонцы Европын зөвлөл Ерөнхийлөгч Доналд Туск, Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Шинэ Зеланд Гадаад хэргийн сайд Мaррей Маккалли нар үг хэллээ. 

Нээлтийн арга хэмжээ дууссаны дараа АСЕМ-ын дөрвөн үндсэн хурал болох Ази-Европын Парламетчдын уулзалт, Ази-Европын залуучуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалт, Ази-Европын түмний түмний уулзалтын төлөөлөгчид хурал тус бүрээс гарсан дүгнэлтийг Дээд түвшний уулзалтад танилцуулж байна. 

Дээд түвшний уулзалтын Нэгдүгээр нэгдсэн хуралдаан "Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь", Хоёрдугаар салбар хуралдаан "АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо" сэдвээр явагдах юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл