Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт энэ сарын 10-ны өдөр 17:00-17:30 цагийн хооронд хүчтэй аадар бороо, мөндөр үргэлжлэн орсны улмаас гамшгийн хэмжээнд хүрсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, үерийн улмаас дөрвөн настай хүү амиа алдаж, Өлгий сумын таван багийн нутаг дэвсгэрт орших 160 гаруй айл үерт автаж, 105 байшин нурсан гамшигт үзэгдэл болсон. Тэгвэл уг гамшигт үзэгдлээс болж орон гэргүй болсон айл өрхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, айлын хашаа байшин нурж нэмэгдсээр 110 гарсан бол орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1250-д хүрсэн байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд болон ахмадуудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж эхэлжээ. Одоо Өлгий сумын хэмжээнд халдваргүйжилтын ажил хийгдэж, Засгийн газраас илгээсэн тусламжийн цувааг хүлээж авах үргэлжилж байгаа юм байна. Тус суманд Улсын Онцгой Комиссоос шинээр 70 гэр, 700 гаруй хүний 10 хоногийн хүнс, нэмэлтээр ариутгалын бодис зэргийг хүргээд байгаа билээ.
Байгалийн гамшигт үзэгдлээс болж орон гэргүй болсон хүмүүсийн тоо нэмэгджээ
2016-07-18 10:12:00