8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Жамбалжав: Намайг сайд болгоод өгөөч гэж өвдөг сөхрөн гуйж Н. Энхбаярын эмч хийж, сайдын шагнал авсан ч юм биш

2015-12-07 15:19:00

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, таныг Эрүүл мэндийн сайдад Л.Жамбалжавыг  нэр дэвшүүлсэн билээ. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.  Тэгвэл энэ талаар Л.Жамбалжав өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр “Нэг үгээр хэлэхэд болдог юм болдогооро болж байх шиг. Асуудлын гол нь миний сайд болсон, болоогүйд биш өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбар улстөрчдийн тоглоом наадгай болж байгаад оршино. Эрүүл мэндийн салбарыг эцсийн эцэст түүнд ажиллаж байгаа салбарын 39-40 мянган хүн элгээр нь хэвтүүлээгүй, элгээр нь хэвтүүлэх ч үгүй. Энэ олон мянган эмч ажилчид амьдралд нь хангалтгүй хэдхэн бор төгрөгөөр амьдарч өдөр шөнөгүй ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа юм. Монголын эмч нар дэлхийн хэмжээний анагаах ухааны ололтыг нэвтрүүлж тархи, зүрх амьдралын чухал эрхтний мэс заслыг амжилттай хийж, хүний биеийн эд эрхтнийг шилжүүлэн суулгаж үхлийн байдалд орсон гэмтэгсдийн амийг аварч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна.   

Эмч нарт маань тэр болгон улс төр хөөгөөд явах зав зай ч алга, төр засагтаа итгэж түмэн олондоо туслах гэсэн сэтгэлээр ажилласаар байдаг. Эрүүл мэндийн салбарын уруудал доройтол, зах зээлийн нийгэмтэйгээ хөл нийлүүлж чадахгүй удаашралтай байгаа нь ганц нэг нэр бүхий сайдуудтай холбоотой ч юм биш, тэр дундаа ганцхан МАХН-тай холбоотой ч байгаа биш. Энэ нь өнөөгийн засаг төрөө бүрдүүлж байгаа тогтолцоо улс төрийн томилгоо нэрээр албан тушаалын хувиарлалтыг далдуур тохиролцоотойгоор хийж байгаатай холбоотой. Энэ тохиролцоо нь салбарын эрх ашигаа бодохоос илүү хувь хүмүүс албан тушаалтан хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, түүнд үйлчилж байгаатай холбоотой. Тиймээс ч албан тушаалын наймаа хийж салбартаа таарах тохирохгүй хүмүүсийг өрөөсгөлөөр сонгож албан тушаалд тавьсанаас болж нэг талдаа албан тушаалд тавигдсан хүнээ алж нөгөө талдаа салбарын ажлыг унагааж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаар ажилласан зарим хүмүүс, хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүд албан тушаалтанууд хувь хүний хувьд тийм муу өөдгүй шунахай авлигач хүмүүс байсан юм уу, үгүй. Тэд ажил амьдралынхаа төлөө тэмцэж эх орондоо чадах чинээгээрээ зүтгэж ажиллаж байсан жирийн хүмүүс. Тэдний тохироогүй албан тушаал тогтолцооны гажиг, хоосон улстөржилт алж байна шүү дээ.

Намайг сайд болгоод өгөөч гэж өвдөг сөхрөн гуйж Намбарын Энхбаярын хувийн эмч хийж, сайдын суудал руу дэвших хариу шагнал авсан ч юм биш” хэмээсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment