8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 200 саяын хахууль авсан этгээдийг саатуулж, Усанд живж байсан 6 хүний амийг аварсан өдөр

2016-07-18 18:14:00
 

Эрхэм уншигч та бүхэн минь сайхан наадав уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийгэм, улс төрийн  амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Та бүхэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэл дээрх мэдээллүүдийг онцлон хүргэж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-ийн айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ долоодугаар сарын 17-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэгвэл түүний айлчлал өнөөдөр өндөрлөж, тэрээр нутаг буцлаа. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд хоёр тал 20 орчим хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Мөн Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхан хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Үргэлжлүүлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд Монгол-Солонгосын аж, ахуй нэгжүүдийн Бизнес форумд оролцсоноор түүний айлчлал өндөрлөлөө.

 МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэнгүй

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, аймгуудын засаг дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэв. Өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны дарга нар болон Засгийн газрын бүтцийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч дээрх асуудлыг хэлэлцэлгүй хуралдаан өндөрлөлөө.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун удахгүй Отгонтэнгэр хайрханы тахилгад явах тул түүнээс өмнө Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Тэгэхээр МАН-ын удирдах зөвлөл маргааш дахин хуралдаж, Байнгын хороодын дарга болон Засгийн газрын бүтцийг хэлэлцэх бололтой.  Дашрамд дуулагахад, энэ сарын 20-ны дотор багтаж Засгийн газрын сайд нарын томилгооны асуудал УИХ-аар эцсийн байдлаар хэлэлцэгдэх ёстой гэдгийг эх сурвалжууд онцолж байна. 

Усанд живж байсан 6 хүний амийг аварчээ

Сэлэнгэ мөрөн, Орхон голд завьт эргүүл хийж яваад усанд живж байсан 6 хүний амийг аварчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх аврах ангийн бие бүрэлдэхүүн баяр наадмын амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11-17-ны өдрүүдэд Завьт эргүүл хийж байхдаа шуурхай ажиллаж усанд живж байсан 6 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Түүнчлэн энэ өдрүүдэд усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж 101 тээврийн хэрэгсэл, 293 том хүн, 168 хүүхэд нийт 463 иргэнд сэрэмжлүүлэх материал тараажээ.

Байгалийн гамшигт үзэгдлээс болж орон гэргүй болсон хүмүүсийн тоо нэмэгджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт энэ сарын 10-ны өдөр 17:00-17:30 цагийн хооронд хүчтэй аадар бороо, мөндөр үргэлжлэн орсны улмаас гамшгийн хэмжээнд хүрсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, үерийн улмаас дөрвөн настай хүү амиа алдаж, Өлгий сумын таван багийн нутаг дэвсгэрт орших 160 гаруй айл үерт автаж, 105 байшин нурсан гамшигт үзэгдэл болсон.  Тэгвэл уг гамшигт үзэгдлээс болж  орон гэргүй болсон айл өрхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж.  Тодруулбал, айлын хашаа байшин нурж нэмэгдсээр 110 гарсан бол орон гэргүй болсон хүмүүсийн тоо 1250-д хүрсэн байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд болон ахмадуудад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж эхэлжээ. Одоо Өлгий сумын хэмжээнд халдваргүйжилтын ажил хийгдэж, Засгийн газраас илгээсэн тусламжийн цувааг хүлээж авах үргэлжилж байгаа юм байна. Тус суманд Улсын Онцгой Комиссоос шинээр 70 гэр, 700 гаруй хүний 10 хоногийн хүнс, нэмэлтээр ариутгалын бодис зэргийг хүргээд байгаа билээ. 

Наадмын үзүүр түрүүний бөхчүүдийг 2 өрөө байраар шагналаа

Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхчүүдийн барилдаан болон сурын харваанд амжилттай оролцсон “Алдар” спорт хорооны баг тамирчдыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн баяр наадмаар “Алдар” спорт хорооны тамирчин Монгол улсын манлай заан Ч.Санжаадамба 10 даван түрүүлэн Монгол улсын аварга цол, Монгол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва үзүүрлэж Монгол улсын арслан цол хүртсэн билээ. Наадмын үзүүр түрүүний бөхчүүдийг Батлан хамгаалахын яамнаас 2 өрөө байрны батламж мөнгөн аягаар шагнаж урамшууллаа. Мөн шинээр харцага цол хүртсэн Б.Бат-өлзий, Х.Гантулга нарыг “Дайчин алдар” цол тэмдгээр тус тус шагнасан юм. Дашрамд дуулгахад, одоогоос 31 жилийн өмнө “Алдар” спорт хорооны хоёр бөх үзүүр түрүү булаалдаж байсан бол өнөө жил дахин тунаж үлдсэн энэ аж. 

Сэрэмжлүүлэг: Наадмын үеэр 17 хүн усанд осолдож амиа алджээ

Баяр наадмын амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Алдархаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар сум, Төв аймгийн Лүн сум, Ховд аймгийн Булган сум, нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт усны ослоор 17 иргэн амь насаа алдсан байна. Үүний 7 хүүхэд, 10 насанд хүрэгсэд аж. Одоогоор Онцгой байдлын албаны албан хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа аж. Иймд, иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Манай өсвөрийн тамирчид нийт оноогоор 5-д эрэмбэлэгджээ

ОХУ-ын Саха Якутскт "Азийн хүүхдүүд" олон улсын спортын 6-р их наадам энэ сарын 5-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг наадамд  манай улсаас  сагсан бөмбөг, бокс, волейбол, жүдо, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, буудлага, самбо, чөлөөт бөх, байт харваа, таэквондо, уран сайхны гимнастик, шатар, даам, якут харайлт зэрэг 19 төрөлд 200 орчим өсвөрийн тамирчид хүч сорисон юм. Тэмцээнд нийт 43 орны залуус оролцсон байна. Манай тамирчид 14 алт, 9 мөнгө, 25 хүрэл гээд нийт 48 медаль хүртсэн  байна.  Нийт багийн амжилтыг эрэмбэлэхэд манай улс тавдугаар байрт бичигджээ.

Хардалтаас болж хутгалж амь насыг нь хөнөөжээ

БЗД-ийн 24-р хороо  "Жаргалантын ..-р гудамжинд хутгалуулсан хүн байна" гэсэн мэдээллийг энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад БЗД-ийн 13-р хороонд суух 33 настай эрэгтэй О-г Жаргалантын ..-р гудамжны задгай тоотод суух 44 настай эрэгтэй П нь согтуурсан үедээ эхнэртэйгээ хардан маргаж цээжний зүүн хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон байжээ.  Одоогоор сэжигтнийг хориж, хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.  

200 гаруй сая төгрөгийн хахууль авч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ

Их хэмжээний хахууль авч, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Б-нь БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан байна. Тэрээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б,Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байна. Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Сэжигтнээс бэлэн мөнгө болон бусад нотлох баримтыг Цагдаагийн байгууллагын алба хаагчид хураан авч АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 

“Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн тань ажил үйлсэд амжилт хүсье.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ardiin nam
gazariin namaa ehelvee.araggvi dee etsg n ergeed irsen wm chin
2016/07/18 202.9.42.3
ZOCHIN
AVAAD UGCH CHADDAGGUI ULSUU?
2016/07/18 150.129.143.236
ZOCHIN
us ueriin ayulaas hunii ami avarch baigaa ontsgoihond talarhaya. TEHDEE TEDNII ZURGIIG HARAAD URUVDUV. US SURUUD HEDEN ZALUU NEG MUU REZINEN ZAVI SELUURDEED BAIGAA BOLOLTOI. BAGA OVORIIN MOTORT ZAVI A
2016/07/18 150.129.143.236
zochin
aimaar avilga abdag yum bishuu gazriin albaniihan
2016/07/18 139.5.217.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment