8o
Улаанбаатар хот
mobile menu

Өршөөлийн хуульд 4340 хүн хамрагджээ

2015-12-07 16:17:00

Улсын дээд шүүхээс өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Өршөөл үзүүлэх тухай хуульд нийт 4340 хамрагджээ. Тухайлбал Өршөөлийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх /4.1.Гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн дор дурдсан ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ…/ заалтаар 1252 хоригдол өршөөгджээ.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.2 5.1.2. онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг./ дахь зүйл заалтаар 1760 хоригдлын материалыг хэлэлцсэнээр 678 хоригдол шууд суллагджээ. /Ингээд нийтдээ хориход ял эдэлж байсан 1930 хоригдол Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байна.

Тэгвэл хорихоос өөр төрлийн ял эдэлж байсан 312 хүн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ. Үүнийг нарийвчлан дурдвал, хорих ял 119 хүн, албадан ажил хийлгэх 63, баривчлах 130 хүн тус бүр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалтаар анхан шатны шүүхээс 284 хүний эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /7.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно./

УИХ-ын чуулган ээлжит хуралдаанаар өнгөрөгч долоо хоног Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийг баталсан.Уг ажлын хэсэгт ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

 

-Эрүүгийн хууль ирэх оны есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр одоо хоригдож байгаа хүмүүст нөлөөлөх үү. Суллагдах ч юм уу?
-Хууль буцаан хэрэглэх гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр шинэ хууль батлагдсанаар тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ багассан, ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тохиолдолд аль ашигтай хуулийг хэрэглэдэг. 2016 оны есдүгээр сарын 1-ээс дагаж мөрдөөд эхлэхээр одоо ял эдэлж байгаа хүмүүсийн ял хөнгөрөхөөр байвал шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг яаж хэрэглэсэн энэ зарчмын дагуу ялыг хөнгөрүүлж, шинэ хуульд нийцүүлж тэгшитгэнэ. Шинээр батлагдсан хуульд хуулийг буцаан хэрэглэх зарчим өмнөх хуулиудаас арай өөр шинэ агуулгаар томьёологдож тусгагдсан.Өмнөх хуулиудад ялын дээд ба доод хэмжээг багасгасан тохиолдолд түүнд нийцүүлэн хасна гэсэн томьёололтой байсан. Харин шинээр батлагдсан хуульд бол зөвхөн дээд ба доод биш дундаж ял шийтгүүлсэн хүмүүсийг мөн шинэ хуульд нийцүүлэн тэгшитгэх буюу эрх зүйн байдлыг дээрдүүлж ялыг хасах зохицуулалт хийгдэх боломжтой.
 
-Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас Зөрчлийн тухай хууль руу хэдэн зүйл анги шилжих вэ?


-Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль хамтдаа батлагдсан. Өмнө үйлчилж байсан хуулиудад нэг үйлдийг нэгэн зэрэг гэмт хэрэг, зөрчилд тооцох гэх мэтээр давхардлууд байсан. Ийм 36 төрлийн зөрчлийг арилгасан. Түүнээс гадна тодорхой төрлийн гэмт хэргийг зөрчилд хамааруулах, зарим зөрчлийг гэмт хэрэгт хамааруулж хуульчилсан. Тухайлбал, гүтгэх гэмт хэрэг бол шинэ хуулиар зөрчилд хамаарна.
Гэхдээ ямар тохиололд хүний нэр төр, алдар хүндийг үндэслэлгүйгээр гутаасан гэдгийг хоёр төрлөөр авч үзнэ.  Нэгдүгээрт, хууль, шүүхийн байгууллагын өмнө мэдүүлэг үнэн зөвийг мэдүүлэхээ амлаж мэдүүлэг өгөхдөө  хүнийг гэмт хэрэг үйлдсэн талаар зориуд худал мэдүүлвэл гүтгэсэн гэмт хэрэг болно. Нөгөөх нь, сонгуулийн үеэр нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг зориуд гутаасан мэдээ, баримтыг тараасан нь батландсан тохиолдолд гэмт хэрэгт тооцно. Бусад тохиолдолд үүнийг Иргэний хууль эсвэл Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.
 
-Одоо гэмт хэрэгтэн гэж шалгагдаад явж байтал есдүгээр сарын нэгэнд шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хэрэг нь зөрчил болвол хэрхэн шийдвэрлэх вэ?
-Гэмт хэрэг биш болоод зөрчилд хамаарахаар болчихвол Зөрчлийн тухай хуулиараа шийдүүлнэ.
 
-Эрүүгийн хуулиар гэмт хэргийг хэрхэн ангилсан юм бол?


-Хууль боловсруулах төслийн шатанд гэмт хэргийг ангилах, ангилахгүй байх ангилсан тохиолдолд ердийн ба хүнд гэж ангилах  хувилбарууд яригдаж байсан. Яг батлагдахдаа ердийн ба хүнд гэж ангилах заалт хасагдсан. Тэгэхээр ангилал байхгүй гэж ойлгож болно. Агуулгаар нь авах юм бол Эрүүгийн хуулинд 12 төрлийн ялын пароль бий. Үйлдсэн гэмт хэргээс нь хамаараад гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршиг энэ байдлаас шалтгаалаад 12 төрлийн ялын паролиос оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид ангид тусгасан байгаа.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл