8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Засгийн газар 16 сайдтай байхаар болж, "Сандэй"-д гал тавьсан гэх сэжигтэнүүдэд яллах дүгнэлт үйлдсэн өдөр

2016-07-19 18:50:00

Өнөөдөр зуны адаг сарын шинийн 15-ны өдөр. Наадмын маргааш намар ч гэж үг байдаг. Алтан шаргал намар айлчлан ирж, их ажлын өдрүүдтэй золгох гэж байна. Сонгууль, наадам, АСЕМ гэсэн завгүй өдрүүд үргэлжилсэн ч амралт баяр наадмын үйл ажиллагаа дуусаагүй байна. Дэлгэр монголчууд минь дэнж хотойтол сайхан наадлаа. Харин үүний хажуугаар харамсалтай мэдээлэл, үйл явдалууд ч их гарлаа. Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Он гарсаар өдийг хүртэл усны ослын золгүй тохиолдол 12 аймгийн 28 сум, нийслэлийн гурван  дүүрэгт бүртгэгдэж, нийт 48 хүн амиа алдсан харамсалтай тоо гарч байна. Тэдний 12 нь хүүхэд байсан бол насанд хүрсэн 36 хүн байсан харамсалтай мэдээлэл байна. Цаашид ч олон хоног үргэлжлэн халах төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Харин одоо та бүхэндээ орой болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар өргөн мэдүүллээ

Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барвсан байна. Тодруулбал, шинэ засгийн газар 13 яам, 17 сайдтай байх аж. 
Үүнд:
1.    Монгол Улсын Ерөнхий сайд
2.    Монгол Улсын Шадар сайд
3.    Монгол Улсын сайд
4.    Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
5.    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
6.    Гадаад харилцааны сайд
7.    Сангийн сайд
8.    Хууль зүй, дотоод хэргийн сайд
9.    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
10.    Батлан хамгаалахын сайд
11.    Барилга хот байгуулалтын сайд
12.    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
13.    Зам тээврийн сайд
14.    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
15.    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
16.    Эрчим хүчний сайд
17.    Эрүүл мэндийн сайд


Шинэ Засгийн газрын яамд нь
Байгаль орчин аялал жуулчлалын яам
Гадаад харилцааны яам
Сангийн яам
Хууль зүй дотоод хэргийн яам
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Батлан хамгаалах яам
Боловсрол, соёл, ШУ-ны яам
Зам тээврийн яам
Уул, уурхайн яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Эрчим хүчний яам
Эрүүл мэндийн яам байх аж. 

МАН-ын засаглал ба АН-ын ирээдүй

УИХ-ын сонгууль, Үндэсний их баяр наадам, АСЕМ гээд түүхэнд тодоос тод  тэмдэглэгдэн үлдэх чухал үйл ажиллагаануудыг энэ сард манай улс маш амжилттай зохион байгууллаа. Харин одоо Засгийн газрын дотоод ажил үлдэж, эрхэм гишүүд ч ажилдаа шамдан орж байна. Эхний ээлжинд МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгээ мэдэгдсэн. Тус намынхан сонгуульд оролцохдоо Мэргэжлийн Засгийн газар байгуулна” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мэргэжлийн гэдэг үгийг энгийнээр ойлговол “давхар дээлгүй” байх тухай хэмээн ойлгосон. Гэтэл үүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сайдаасаа эхлээд шат шатандаа мэргэжлийн хүн ажиллуулахыг мэргэжлийн Засгийн газар гэнэ” хэмээн томьёолсон. Өөрөөр хэлбэл,МАН-ын эрх барьж байгаа энэ удаагийн Засгийн газар давхар дээлнээс татгалзахгүй гэдгийн тайлбарлаж хэлсэн. 


Үүний сургаар засгийн газрын сайдын төлөөх тэмцэл аль хэдийн эхэлсэн сурагтай. Тэд бизнес, залуус, 50-иас дээш насныхан хэмээн ангилан дайнаа эхлүүлсэн сурагтай. Тэд эрх мэдлийн төлөө ингэж тэмцэж эхлэх юм бол АН шиг хөнжил дотроо хөлөө жийлцэж байсан цаг хугацаатай ялгагдахгүй болно. 
Эхний урьдчилсан таамгаар Засгийн газрын бүтэц 11-13 яам, дэд сайдтай байх хувилбар яригдаж байгаа аж. Мөн түүнийг удирдах сайд нарын нэрс ч яригдаж эхэлжээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам - Б.Саранчимэг 

Гадаад хэргийн яам - Д.Цогтбаатар/Г.Занданшатар
Сангийн яам - Ч.Хүрэлбаатар/Б.Чойжилсүрэн
Хууль зүйн яам - Ц.Нямдорж
Батлан хамгаалахын яам- Ж.Энхбаяр
Барилга, хот байгуулалтын яам - О.Одбаяр /Алтай холдинг/ 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам - Ё.Отгонбаяр
Зам, тээврийн яам - Л.Энх-Амгалан 

Уул уурхайн яам - Ц.Даваасүрэн Эрчим хүчний яам - А.Тлейхан

Эрүүл мэнд, спортын яам – Ж.Цолмон нарын нэрс эхнээсээ  яригдаж эхэллээ. 

Хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарчээ

Хүний хөгжлийн санд 63.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 17.6 тэрбум төгрөгөөр дутуу байжээ. Тус сангаас хүүхдийн мөнгөнд 143.5 тэрбум төгрөгийг олгоод байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөсөн зардал 91.8 хувийн буюу 802.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөний санхүүжилт тасраад байгаа юм.

Аймгуудын Засаг дарга нарын нэр тодорлоо

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж аймгуудын засаг дарга нарыг урьдчилсан байдлаар тодруулсан байна.

 Архангай – Ц.Мөнхнасан

Баян-Өлгий – А.Гиламхан

Баянхонгор – Г.Батжаргал

Дорнод – М.Бадамсүрэн

Орхон – Д.Батлуг

Өвөрхангай – Г.Ганболд

Өмнөговь – Н.Наранбаатар

Сэлэнгэ – Ш.Оргил

Увс – Д.Батсайхан

Ховд – Д.Галсандондог

Хөвсгөл – Л.Ганболд

Хэнтий – Н.Ганбямба

Төв - Батжаргал нарыг нэр тодорч эхэлсэн байна.

"Сандэй"-д гал тавьсан гэх сэжигтэнүүдэд яллах дүгнэлт үйлджээ

Өнгөрсөн оны аравдугаар сард Сандэй худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан.  Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сард хүлээн авсан байна. 

Уг хэрэгт нэр бүхий 112 иргэн хохирогчоор тогтоогдсон бөгөөд шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулахаар тов гарчээ. 

Тарвага агнах, худалдаалах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа

ЗӨСҮТ нь өчигдрөөс улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалт хийж эхэллээ. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2,000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.

Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад  идэвхтэй хамрахыг МХЕГ-аас анхааруулж байна. Түүнчлэн иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байнаТарваган тахлын эсрэг  вакцинд зургаагаас дээш насныхан хамрах юм. Дархлаажуулалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Буугаар оролдож байгаад сум алдан дүү нь энджээ

 

Хөвсгөл аймагт бага насны хүүхэд буун суманд оногдож амиа алдсан золгүй хэрэг гарсан байна. Энэ сарын 16-ны өдөр тус аймгийн Түнэл сумын Ёлгос гэх газарт зургаан настай хүү буугаар оролдож байгаад сум алдсан байна. Энэ үед ойролцоо байсан гурван настай эмэгтэй дүү М нь тухайн суманд оногдож амиа алджээ.

Р.Пүрэвдагва: Би шударга л барилдсан

Шинэхэн  арслан Р.Пүрэвдагва энэ жилийн улсын  баяр наадмын  наймын даваанд Улсын арслан П.Бүрэнтөгстэй барилдах үед газарт хэнийх нь өвдөг тохой түрүүлж хүрсэн бэ гэх маргааныг наадамчдын дунд өрнүүлсэн юм. Хөлийн цэц тэднийг “хайнцсан” хэмээн үзэж дахин барилдуулах шийдвэр гаргасан билээ. Гэвч Улсын арслан П.Бүрэнтөгс өөрийгөө давсан хэмээж, барилдахаас татгалзаж наадамчдыг багагүй хугацаанд чилээсэн. Ингээд хаялцах барьцнаас барилдаан эхлэхэд Р.Пүрэвдагва тэр чигтээ дайрсаар П.Бүрэнтөгсийг хаясан юм. Харин энэ талаар Арслан Р.Пүрэвдагва “Би шударга л барилдсан. Эхний барилдаан дээр хайнцаж, хоёр дахь барилдаан дээр би давсан. Үндэсний бөхийн дүрэм журам, хөлийн цэцүүдийн шийдвэрийг дагаж барилдсан даа” хэмээн хэлсэн байна. 

Хүний амь аврахын тулд дамнуурга дээр өвчтнөө хэвтүүлэн голоор гарчээ

Наадмын эл өдрүүдэд эмнэлгийн эмч ажилтнууд, онцгой байдлын алба хаагч цагдаагийн албан хаагчид албаны бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Иргэд амарч зугаалсан эл өдрүүдэд эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Нийслэлд төдийгүй орон нутагт ч ачаалал нэмэгдэж, яаралтай түргэн тусламжийн дуудлага байнга шахуу ирдэг байна.

Тэгвэл энэ сарын 14-нд Өвөрхангай аймгийн эмч нар хүний амь аврахын тулд дамнуурга дээр өвчтнөө хэвтүүлэн голоор гарч машинд суулган авч явжээ.

Энэ талаар цахим хуудсанд нэгэн иргэн сэтгэгдэл бичиж зургийг нь оруулжээ. Тэрбээр "Хүний аминий төлөө манай эмч мэргэжилтнүүд үертэй голоор хүнээ дамжилаад гарсан байна. Дарга нар нисдэг тэргээр үнэг агнаад зугаалж байхад эмнэлэгийнхэн үнэхээр хэцүү нөхцөлд ажиллах юмдаа. ӨВ-БОЭТ-н эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж байна. Та нартаа амжилт хүсье" гэж бичжээ.

Таны маргаашийн ажилд амжилт хүсэе. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл