8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:"Рио 2016"-г зорих тамирчдаа үдэж, Сайд нарын нэрс тодорч эхэлсэн өдөр

2016-07-20 18:28:00

Одоогоос найман жилийн өмнө Даян дэлхийн спортын их баяр наадам-зуны олимпийн ХХIX наадмын жү-до бөхийн төрөлд гарамгай амжилт гарган монгол түмний хайртай хүү Найдангийн ТҮВШИНБАЯР алтан алтан медалийн эзэн болж байсан түүхтэй. Тиймдээ ч бид жил бүрийн 8 дугаар сарын 14-ны өдрийг монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа тамирчидаараа бахархаж, омогшиж өнгөрүүлдэг билээ. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпийн их наадам  хэдхэн хоногийн дараа Бразил улсын Рио дү Жанейро хотноо эхлэх гэж байна. Дэлхийн нийтийн их наадамд манай улсаас анх удаа хамгийн их буюу  50 тамирчин оролцох гэж байна.

Өнөөдөр Рио 2016 Зуны олимпын XXXI, паралимпын XV наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчдаа үдэх ёслол Чингисийн талбайд ёслол төгөлдөр боллоо. Монголынхоо нэрийг өндөрт өргөж, дэлхий дахинаа эрч хүч, эр бяраа гайхуулсан нийт тамирчиддаа амжилт хүсье. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн сонин, содон мэдээлэлээ түгээдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ерөнхийлөгч давхар дээлтэй сайд нарыг дэмжихгүй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хариу албан бичиг илгээсэн байна. Түүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт оруулах төслүүд, нийт 81 хуудас материалтай танилцаад дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалтай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналтай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй.

Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болно.

Гуравдугаарт, Төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна. Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна.

Ийм учраас буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэжээ.

МАН-аас хэдэн гишүүн давхар дээл өмсөх хүсэлтэй байна вэ

МАН-ынхан 2014 оны 4 сарын 10-нд “давхар дээлтэй” сайд нарт бэлэг барьж байсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар сайд нарын "давхар дээл"-ний асуудлыг хэлэлцэхээс өмнө "давхар дээл"-тэй сайд нарын өрөөний үүдэнд сар шинийн "бэлэг" хадаж байсан. Дээрх сануулга бүхий зурагт хуудсыг тэдэнд сөрөг хүчнээс АН-д бэлэглэж байсан. 


Харин энэ удаагийн сонгуулиар  МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж, өмнө хэлж эсэргүүцэж байсан ажлуудаа хийхийг ард түмэн хүлээж байна. “Давхар дээл”-ийг эсэргүүцэж жагсаал цуглаан хүртэл хийж явсан МАН-ынхан энэ удаад сөрөг хүчний зүгээс тавьж байсан хатуу шаардлагаа өөрсөд дээрээ биелүүлж харуулах ёстой. 
МАН-ынхан одоогоос хоёр жилийн өмнө Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж Чингисийн талбайд гурван цагийн турш жагсч байсан юм. Энэ мэтчилэн тэд сөрөг хүчин байхдаа давхар албан тушаал хашихыг эрс эсэргүүцэж байсан. 


Харин өнөөдөр МАН-аас давхар албан тушаал хаших хүсэлтэй цөөнгүй хүн байгаа  бололтой. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Тэрээр өнөөдөрийг хүртэл  давхар албан тушаал хашиж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалаа хараахан өгөөгүй байгаа билээ. Мөн үүнээс гадна  засгийн газарт сайд болохыг ч хүртэл санаархаж яваа нэгэн. Харин Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Л.Чойжилсүрэн нар санаатай байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, У.Хүрэлсүх, С.Бямбацогт нар сайд болох нь тодорхой болжээ

Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өчигдөр өргөн барьсан билээ. Тодруулбал, шинэ засгийн газар 13 яам, 17 сайдтай байхаар өргөн мэдүүлээд байгаа. Энэ долоо хоногийн хамгийн онцлох сэдэв болоод байгаа шинэ сайдуудын нэрийг өнөөдөр тодруулж дуусна. Тэгвэл шинэ сайдуудын нэр эхнээсээ тодорхой болоод эхэлсэн байна. Тодруулбал, Тодруулбал, Шадар сайдад У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн, генсек Ж.Мөнхбат, Сангийн яамыг удирдах хүнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Барилга хот байгуулалтын яамыг УИХ-ын гишүүн асан Д.Дашдорж нар удирдахаар болсон байна

Баабар: С.Эрдэнийг шоронд орсон хойно нь намаараа очиж эргэж байх уу

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурал болсон билээ. Тус хуралдаанаар АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч өчигдөрийн хуралдаан цуцлагдаад байна. АН-ын ҮЗХ-ээр олны анхаарлыг татах олон үйл явдал болсон билээ. Үүний нэг нь  ҮЗХ-ны хуралдааны үеэр  Б.Батбаяр буюу Баабар С.Эрдэнэ рүү хатуухан үг чулуудсан сурагтай. Тэрээр "Та нар С.Эрдэнийг намын дарга болгох гэж байгаа юм уу. Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэж байх уу" гэж хэлжээ.

Гүүрээр нэвтрэхэд цэргүүд тусалж байна

Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Тэрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсан учир наадмын өмнө буюу долдугаар сарын 3-наас хаасан. Улмаар түр гүүр байршуулсан юм. Уг гүүрээр нэвтрэхэд зэвсэгт хүчний албан хаагчид тусалж байгаа аж.

Сургууль, цэцэрлэгийн бүртэл ирэх сарын 22-ноос эхэлнэ

Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулагдахаар болжээ.

2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж.

Таны маргаашийн ажилд амжилт  хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard
Naad hogiin luivarchin Jonhuu battulgiin dald surtalchilgaag avch hayaachee!!! Buzar luivarchin 8 jil uls eh ornii hugjliig boomilj tumur zamaas 580 saya dollar hulgailsan !!!
2016/07/20 68.100.192.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment