8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Франц улсын иргэн амь насаа алдаж, осолдсон вагоны талаар тайлбар хийсэн өдөр

2016-07-26 19:00:00

Цагийн сайхан зуны эхэнд

Газрын сайхан хангайн нуруунд

Хөхөө шувуу урьхнаа донгодох үес

Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад

Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ

Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад

Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш

Эрийн гурван наадам монголын манлай баясгалан

Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу

Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна

Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ

Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ

Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.Д.Нацагдоржийн шүлэгнээс иш татлаа. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Өнөөдрийн сонин содон мэдээлэлээс онцлон хүргэж байна. 

Баривчлах сануулга

-Түүнийг яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай-

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардуулсан байна. Өчигдөр зарлан дуудах хуудас гардуулсанаар нийтдээ АТГ-аас зургаан удаа өгч байгаа юм. 

Намбарын Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

“Орчлон” констракшны барьж байсан барилгаас Франц улсын иргэн унаж амь насаа алджээ

Энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх худалдааны төвийн баруун талын “Орчлон” констракшны барьж буй есөн давхар орон сууцны барилгын өргөгч цамхаг дээрээс Франц улсын иргэн 48 настай эрэгтэй B.T унаж осолдсон байна. Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Олимпын наадмын үеэр тамирчдад олон тооны бэлгэвчийг тараана

Хүн төрөлхтний спортын аугаа их  баяр наадам тун удахгүй  Бразилийн Рио де Жанейро хотноо эхлэх гэж байна. Энэ удаагийн олимпын наадамд оролцох тамирчидад нэгэн сонирхолтой зүйлийг тараах юм байна. Тамирчидыг Олимпын хотхонд ирмэгц нь урьд өмнөх олимпын наадмын үеэр тарааж байгаагүй олон тооны бэлгэвчийг тараах гэнэ.

Энэхүү бэлгэвчийг дэлхий даяар тархаад байгаа зика вирусээс сэргийлэх зорилготой юм байна. Олимпын тосгонд байрлах тамирчдад нийт 450 мянган бэлгэвчийг /тамирчин бүрт 42 ширхэг/ тарааж өгөх гэнэ.

Азийн тэрбумтан Жек Магийн залууст өгсөн зөвөлгөө

Хятадын тэрбумтан “Alibaba”-ийн эзэн Жек Ма  Их аварга Д.Дагвадоржийн урилгаар Монголд ажиллаж, амрахаар ирсэн бөгөөд дөрөв хоног саатахаар төлөвлөөд байгаа. Энд байх хугацаандаа тэрбээр технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц унших юм байна. Монгол залууст зориулсан лекц энэ сарын 27-нд "Шинэ Монгол" технологийн дээд сургуулийн байранд болох ажээ.Тэрбээр өмнө нь Өмнөд Солонгост болсон нэгэн уулзалт дээр залуу үеийнхэнд хандаж дараах зөвлөгөө өгчээ. 

Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.

20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.

25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац. 

30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана.Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно.

Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.

30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал.

30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.

30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.

40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.

50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.

60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас хэмээн зөвлөсөн байна. 

Зургаагаас дээш насныханд вакцин хийнэ

Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтод өвчин маш их гарч байгаа. Үүнээс урьдчилан сэргийлж, Зооноз өвчин судлалын үндэсний төв” улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг хийж байгаа юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас уриаллаа.

Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандах шаардлагатай юм байна. Дархлаажуулалт энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

171 микро автобусыг үйлчилгээнээс хасна

Микро автобусыг ирэх сарын 1-нээс үйлчилгээнээс халахаар болсон. Өөрөөр хэлбэл, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гаргажээ.

Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх ажээ.

Осолдсон вагоны замыг 7.8 сая төгрөгөөр засч дууссан байна

Өнгөрсөн баасан гаригийн шөнө  “Дархан-1”, “Дархан-2” өртөөний 14-р замд ачааны галт тэрэг онхолдсон ноцтой хэрэг гарсан. Уг ослын улмаас нэг ч хүний амь нас эрсдээгүй талаар мэдээлэл өмнө нь хүргэсэн билээ. Уг осолтой холбоотойгоор  УБТЗ-ын удирдах газраас мэдээлэл хийлээ. Ослын урьдчилсан  шалтгааныг бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрсөнөөс үүдэн уг осол гарсан хэмээн үзэж байгаа аж. Одоогоор осолдсон галт тэрэг болон 40 орчим метр эвдэрсэн замыг 7.8 сая төгрөгөөр засч дууссан бөгөөд одоо ямар ч асуудал байхгүй гэдгийг онцлов.  Зүтгүүрийн толгой хэсэг болон эхний таван вагон эргэлтэд багтаж гарсан ч зургаа дахь вагон замаасаа гарснаар араасаа татагдан галт тэрэг осолджээ.

Таны маргаашийн ажилд амжилт хүсэе. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл