8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Тэрбумтан Жек Ма илтгэл тавьж, Г.Маралмаа 23 жилийн ял авсан өдөр

2016-07-27 18:53:00

Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно. Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш гэсэн Жек Магийн илтгэлээс иш татлаа. Үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Барилгын салбарынхан "Гамин" Болороог эсэргүүцлээ

Хэдхэн хоногийн өмнө Барилга, хот байгуулалтын сайдад "Сөүл" группын ерөнхийлөгч олноо “Гамин” Болороо нэрээр алдаршсан Г.Өнөрболорыг нэр дэвшүүлсэн. Энэхүү үйл явдал олон нийт төдийгүй намынхан сөрөг хүчнийхэн түүнийг эсэргүүцээд байгаа. Түүнийг АТГ-аас Нэр дэвшигч Г.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна. Иймд Г.Өнөрболорыг сайдад томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Үүнээс гадна нэр дэвшигч төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй гэдгийг олон нийт эсэргүүцэж байгаа юм. Гэвч тэрбээр энэ олон эсэргүүцэлийг үл анзааран төрийн ордноор эргэлдэх болсон. Хэсэг бүлэг хүмүүс Г.Өнөрболорын сурталчилгааг хийж барилгын салбарт мэргэжлийн хүн хэрэгтэй хэмээн ярьж байгаа ч салбарын хүмүүс түүнийг эсэргүүцээд эхэлсэн байна. Барилга угсралтын 5 компанийн нэгдэл болох Үндэсний Бүтээн Байгуулалтын корпораци болон Монголын барилгын инженер, архитекторуудаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт санал хүргүүлсэн байна.

Шинээр дөрвөн сайдын нэр яригдаж эхэллээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үлдсэн дөрвөн сайдаа тодруулна гэсэн мэдээлэл байна. Өмнө нь Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг эргүүлэн татсан билээ. Эдгээр хүмүүс сайдад нэр дэвшүүлсэний дараагаар олон нийт эрс эсэргүүцсэн учраас эргүүлэн татсан билээ. Шинээр дөрвөн сайдад  Эрчим хүчний сайдад Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Т.Гантулга, Барилга, хот байгуулалтын сайдад Д.Амарбаясгалан нарын нэр яригдаж эхэлсэн байна. 

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Н.Номтойбаярыг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа.

Энэхүү захирамжаар Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан байна. Үүнд:

1.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат

2.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

3.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж

4.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус тус хариуцах юм байна. 

Г.Маралмаа 23 жилийн ял авч, Т.Цогтыг цагаатгажээ

Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд шүүх хурал боллоо. Уг хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 25 жилийн ял тус бүрт нь оноогоод байсан билээ. 

Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурал болж шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгасан байна. Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаажээ.

850 энхийг сахиулагч Өмнөд Суданыг зорино

Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн албан хаагч БНӨСУ-ыгзорих гэж байна.  Өнөөдөр энхийг сахиулагчид Монгол цэргийн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар  сүлдэндээхүндэтгэл үзүүлэв. Энхийг сахиулах багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллагын 700 гаруй алба хаагчид мөн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхийХХЕГ,ЦЕГ, ТЕГ,ОБЕГ,ШШГЕГ,ХСИС-ийн 100 гаруй алба хаагч багтжээ. Мөн 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.

Автобуснаас буугаад машинд мөргүүлж амиа алджээ

 

Увс аймаг руу явж байсан шуудангийн автобус Архангай аймгийн Тариат сумын “Залаат” гэх газар зогсч түр амрах үеэр нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, энэ  хэрэг өчигдөр гарсан бөгөөд зорчигчийг буух үед “Маяти” маркийн машин зөрж өнгөрөх үед мөргүүлж амь насаа алджээ.  Автобуснаас хоёр хүн буусан бөгөөд нэгийнх нь бие зүгээр аж. Нас барсан хүн нь Увс аймгийн иргэн 44 настай эрэгтэй байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment