8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 12 давхраас үсэрсэн охиныг хагалгаанд оруулж, Дөрвөн сайдын нэр тодорсон өдөр

2016-07-28 19:00:00

Өнөөдөр 2016 оны 7 сарын 28-ны өдөр. Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар ямар үйл явдал болж байсан талаар сонирхолтой мэдээлэл хүргэх байна. Ингээд энэ өдөр түүхийн хуудаснаа 
1954-Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес нар мэндлэв. 
1794-М.Робеспьер, Луи Антуан Сен Жюст тэргүүтэй Францын хувьсгалын удирдагчдыг цаазаар авчээ. 
1821-Перу улс Испанийн ноёрхлоос салж, тусгаар тогтнолоо зарлав. 
1834-Киевийн их сургуулийн нээлт болжээ.
1851-Нарны бүтэн хиртэлтийн гэрэл зургийг анх удаа авчээ. 
1878-Варна хотыг Османы эзэнт гүрний харьяанаас оросууд чөлөөлөв. 
1914-Австри-Унгарын эзэнт гүрэн Сербид дайн зарласнаар Дэлхийн I дайн эхлэв. 
1916-Английн боомтоор хар тамхи нэвтрүүлэхийг хоригложээ. 
1928-Амстердам хотод зуны олимпын наадмын нээлт болов. 
1957-Дэлхийн оюутан залуучуудын их наадам Москвад болжээ. 
1980-Перу улс Үндсэн хуулиа баталжээ. 
1992-Афганистаны телевизээр эмэгтэй хүн гаргахыг хориглосон байна. 
 1995-Энэтхэгийн Бомбей хотын нэрийг Мумбай болгон өөрчилж байсан түүхтэй. Энэ өдөр түүхийн хуудаснаа мэдээлэл сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо та бүхэндээ шинэ сонин содон бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Дарга нар зөвлөхгүй ажиллаж, албандаа жижиг оврын машин хэрэглэнэ 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өчигдөр  анхдугаар хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар ямар ямар шийдвэр гаргасаныг тоймлон хүргэе.

Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана

УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр  13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан байна.

Мөн Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлоготой холбогдуулан  яамдын Бодлого, төлөвлөлтийн  газарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн яамны газар, хэлтэс нь орлогч даргагүй байх, татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтлоо.

Зөвлөхгүй ажиллаж, албандаа жижиг оврын машин хэрэглэнэ

УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталлаа. Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллана.Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Дөрвөн сайдын нэр тодорлоо

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдын нэрийг тодрууллаа. Өмнө нь Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг эргүүлэн татсан билээ. Эдгээр хүмүүс сайдад нэр дэвшүүлсэний дараагаар олон нийт эрс эсэргүүцсэн учраас эргүүлэн татсан билээ. Шинээр дөрвөн сайдад Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/ , Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/ , Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. 

12 давхраас үсэрсэн охиныг хагалгаанд оруулах гэж байна

 

Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн охин 12 давхраас үсэрч, амиа хорлохыг завдсан үйлдэл гарсан талаар мэдэлэл хүргэсэн билээ.  Амиа хорлохыг завдсан охин 15-16 орчим настай бөгөөд СБД-ийн 11-р хорооны “Хангай” хотхоны 502 тоот байрны 12 давхрын дээвэр дээрээс үсэрсэн байна. Онцгой байдлын аврах албаныхан иргэдийн өгсөн мэдээллийн дагуу ослын газарт шуурхай ажиллаж, анхны тусламжийг яаралтай үзүүлснээр охины амийг аварсан байна. Одоогоор охины хоёр хөл, нуруу хүнд гэмтсэн тул яаралтай хагалгаанд оруулахаар ажиллаж байна.

“Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв

..Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй олон жилийн бизнест нь гэнэтийн саад уул мэт урд нь босоод ирсэнд уурсаж байгаа нь энэ. “Эрдэнэт” хэмээх шавхраагүй их баялгаар түнтийж бүдүүрсэн дэлгээтэй хэтэвчинд хуруу шургуулан олз хамах эрхгүй болсонд хорсон байж дэвсэлж байгаа нь үнэндээ өнөө цагийн Монголын нэг цөхрөл, доройтол юм.

ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд зохих журмынх нь дагуу худалдсан. Ийн аварга үйлдвэр бүхэлдээ Монголынх, манайх, биднийх болсон. Гэвч онцгой энэ үйл явдал болохтой зэрэгцээд түүхэн хэлцлийн утгыг өөрчилж, улгүй сэрдэх төлөвлөгөөт ажил өрнөж эхлэв. Сонсох бүү хэл, бичихээс залхмаар мөнөөх л “...төрийн өмчийг луйвардлаа, ард түмнийг төөрөгдүүллээ” гэх холбоо үгс цахим ертөнцөөр ёс мэт нисэж харагдана.

Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэр Монголоор овоглосон корпораци, бүр тодорхой хэлбэл монгол хүний мэдэлд очсонд дургүйцэх шалтгаан бий гэж үү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай 329 сая төгрөг олгоно

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй даван туулах ажлын хүрээнд улсын нөөцөөс гаргасан гэр, хүнс, бараа, материал, тэдгээрийг тээвэрлэн хүргэсэн тээврийн  зардал болон Баян-Өлгий аймагт ажилласан Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт, нислэгийн зардалд шаардах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай нийт 329 сая 512 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, Улсын нөөц сангаас олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.

Гамшгийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим  хүн  гамшигт нэрвэгдэж, 100 гаруй орон байр, эд хөрөнгө усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын тушаалаар шуурхай ажлын хэсгийг 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт томилон ажиллуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үеийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс нийт 126.2 тонн бараа, материалыг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэн хүргэж, иргэдэд хуваарилан олгоод байна. 

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөх эсэхийг шинэ Засгийн газар шийднэ

Энэ жил хүүхдийн халамжид 144 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл энэ мөнгийг эхний зургаан сард олгоод дууссан байна. Энэ сарын хүүхдийн мөнгийг өгөх санхүүжилт дууссан гэсэн үг. Гэвч удахгүй төсвийн тодотгол хийж шинэ Засгийн газар хүүхдүүдэд мөнгө өгөх эсэхийг шийдэх юм байна. Гэхдээ хэзээ санхүүжилтийг нь шийдэж, хэдэн сараас өгч эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

Алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнана

 

Монголын Жүдо бөхийн холбоо өчигдөр  Бразилийн Рио Де Жанейро хотноо оролцох баг тамирчиддаа үдэн гаргаж өглөө.  "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдын эхний ээлж өнөөдөр 11.00 цагт эх орноосоо мордоно.Тамирчдыг үдэх ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж, баг тамирчиддаа амжилт хүслээ. Энэ үеэр  МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм.Тэрээр өөрийн тэргүүлдэг "Макс" групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment