8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ОБЕГ-ын удирдлагууд шалгагдаж, Г.Маралмаа давж заалдахаар болсон өдөр

2016-08-01 19:00:00

Шинэ сар, шинэ ажлын долоо хоног эхэлж байна. Энэ сар юу хийж, ямар ажил үйлс бүтээх талаар төлөвлөж амжсан уу. Амжаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Энэ сар танд амжилт авчирна гэдэгт итгэлтэй байна. Дашрамд нэгэн мэдээлэл сонирхуулахад энэ сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих" дэлхийн өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулах аж.  Сүүлийн үед хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллодог эхчүүдийн тоо огцом буурчээ. Тухайлбал, 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь буюу 50 хүрэхгүй хувьтай болж буурсан байна. Энэ нь хүүхдүүдийн дунд өвчлөл тэр дундаа халдварт өвчнөөр өвдөх нь ихэсч буйг мэргэжилтнүүд сануулжээ. Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна. Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг. Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг юм байна гэсэн мэдээлэлийг хүргэж байна. Харин одоо та бүхэн үргэлжлүүлэн өнөөдрийн Монголын нэг өдөр тойм мэдээлэлээ хүлээн авна уу. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Дэд сайдуудын асуудал юу болов

МАН-ын мэргэжлийн засгийн газар өнгөрсөн баасан гаригийн орой хуралдаж сайд нарын томилгоог дуусгасан. Удтал хүлээлт үүсгээд байсан дөрвөн сайд томилогдож, тамгаа гардан авч, ажилдаа ороод байна.  Харин одоо дэд сайдуудын томилгоо хүлээлт үүсгэж байна. Ерөнхий сайдын зүгээс эдийн засгийн хямралаас гарахад тусгай хөтөлбөрөөр ажиллана гэсэн байгаа. Тодруулбал,  Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа. Нэгэнт нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныг  онож, асуудлынхаа цөмийг олж барих нь хамгийн чухал юм. Иймд нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит үнэнийг, төсөв мөнгөний нэгтгэсэн тоо баримтыг удахгүй ард иргэд, УИХ-д танилцуулж тусгай хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж ажиллах болно. Эхний ээлжинд яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг жигдрүүлэх тухай дуулгасан. Харин эх сурвалжийн мэдээллээр дэд сайдуудыг намрын чуулганаар хэлэлцэхээр болж байгаа гэх мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар  зарим хүмүүс өөрсдийн хүсэлтээр дэд сайд болох хүсэлтээ өгөөд байгаа. Тодруулбал, Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл Зам тээврийн яамны дэд сайдад нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн тухайгаа өөрийн нүүр номондоо бичсэн. Тэрбээр "“Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө Зам тээврийн дэд сайдад нэр дэвших саналаа МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүллээ. Намайг дэмжээрэй”  хэмээн дэд сайд болох хүсэлтээ өгсөн талаар жиргэсэн. Харин дараах хүмүүс дэд сайдын албанд очихоор яригдаж эхлээд байгаа юм.Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

ОБЕГ-ын удирдлагуудыг шалгаж эхэлсэн үү

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан байна. Тодруулбал, ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадам, тус газрын Хангалтын хэсгийн даргаар ажиллаж байсан Л.Билэгжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж. Энэ талаар “Өдрийн сонин”-д прокурорын байгууллагын эх сурвалж “Р.Дадам, Л.Билэгжаргал нарыг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байгаа. Тэднийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь үнэн” гэх мэдээлийг өгсөн байна. 

Нэг айлын хоёр хүүхэд усанд осолджээ

 

Сүүлийн өдрүүдэд ихэнхи нутгаар хэт их халж байна. Цаг агаартай холбоотойгоор усанд живж амь насаа алдах тохиолдол тасрахгүй байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, нэг айлын хоёр хүү усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-12 “Төмөр замын Том холбох гэх газрын тогтмол усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад БЗД-12 хороонд суух Т.Э /эр.06н/, Т.Э /эр.09н/ нар живж нас барсан байжээ. Хүүхдүүд тоглож байгаад хөл алдсан бололтой гэдгийг эх сурвалж хэлж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.Он гарсаар 70 гаруй хүн ийнхүү усанд осолдож амиа алдаж байна.

Д.Анарын начин цолыг гурван орон сууцаар мялаалаа

Үндэсний их баяр наадмаар тав давж, Дорнод аймагт сүүлийн 10 жил тасраад байсан улсын цолыг авчирсан шинэхэн начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам тус аймагт боллоо. Түүнийг цолыг мялааж, жижигхэн бэсрэг наадам зохион байгуулсан байна. Тус наадмын үеэр шинэхэн начинаа з байраар шагнасан байна. Тодруулбал,  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Залуус” хорооллын 2 өрөө байр, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотын Хархорин цогцолбор хороололд 2 өрөө байр, Дорнод аймгийн Дашбалбар сумаас Улаанбаатар хотод байрлах 1 өрөө байрыг бэлэглэсэн байна. 

Гадаад паспорт захиалах нь 30 хувиар ихэсчээ

Энэ жил иргэдийн гадаад паспорт захиалга 30.5 хувиар нэмэгдэж, 100 айл дахь Паспортын хэлтсийн ачаалал ихэсчээ. Өнгөрсөн бүтэн жилийн бэлдэцийг энэ оны эхний хагаст л ашиглажээ. Ачаалал ихтэй байгаа учраас бэлдэц дууссан гэсэн мэдээлэл ч мөн гарсан. Гэхдээ бэлдэцийн үлдэгдэл хараахан тасраагүй гэдгийг албаныхан хэллээ. Харин ирэх сарын 10-нд нэмэлт бэлдцийг Германаас авчрах юм байна. Гадаад паспорт захиалга зуны амралт эхлэх үе буюу тавдугаар сараас огцом нэмэгджээ. Иргэд амралтаараа гадаад руу явж аялж, зугаалах, ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэнтэй холбоотой юм байна.

23 жилийн ял сонссон Г.Маралмаа давж заалдана

 

Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 23 жилийн ял сонссон Г.Маралмаа Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ. Тодруулбал Дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Шүүхээс төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь цагаатгасан бол хойд эх Г.Маралмаад 23 жилийн ял оноосон.Тэгвэл анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг Эмэгтэйчүүдийн хорих ангид чанга дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр сонссон Г.Маралмаа дараагийн шатны шүүх хурад буюу Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ сард цаг агаар ямар байх вэ

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 16-21 градус, Говь-Алтай , Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 10-15 градус буюу олон жилийн дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, хоёр гуравдугаар арав хоногийн зарим өдрүүдэд 32-37 градус хүрч халах төлөвтэй.Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.Цаг агаарын дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Танд хэрэгтэй мэдээлэл 

Хэвлийн өөхлөлтийг түргэн хугацаанд хайлуулах шүүс

Хэвлий хэсгээрээ өөхлөх, харвинтай болох нь илүү хурдан байх шиг анзаарагддаг. Энэ хэсгийн өөхлөлтийг түргэн хугацаанд хайлуулж тураах үйлчилгээтэй өргөст хэмхийн шүүс бэлтгэх жорыг санал болгож байна.

Шүүс бэлтгэх орц:

1 ширхэг өргөст хэмх

1 ширхэг лемон

1 туг яншуй

1 хоолны халбага нухсан цагаан гаа

1 хоолны халбага алое вера жүүс

Аяганы тал хэмжээтэй ус

Бүх орцуудаа бүгдийг холигчид хийн шингэн шүүс болтол миксердээд орондоо орохын өмнө уугаарай.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment