8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХАА-Н САЙД БОЛГАР УЛСЫН ХҮЛЭМЖИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2016-04-06 10:00:00

 ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэрээ Болгар Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Васил Грудевтэй уулзаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод баригдах хүлэмжийн төслийн талаар санал солилцлоо.

Энэхүү хүлэмж нь Евро стандартад нийцсэн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, услалтын автомат хяналтын системтэй баригдах юм. Мөн Монголын цаг агаарт тохирсон хүлэмжийн нарийн ногоог тариалах боломжийг нээж өгч байгаа юм.  

Дэд сайд Васил Грудев, Хүлэмж барихад Болгарын талын техникийн шаардлага үзүүлэлтүүд хангагдсан, өөрсдийн хууль дүрмийн дагуу ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагад үндэслэн, хоёр талаас хүчин зүтгэл гарган хамтран ажиллах нь зүйтэй хэмээн онцолсон юм. 

ХХАА-н сайд Р.Бурмаа, Хөдөө аж ахуйн салбар дахь Болгарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарал тавин хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын үеэр, хоёр орны төлөөлөгчид жимс, хүнсний ногооны тариалалтад дэмжлэг авах, үрийн шинэчлэл хийх болон лизингийн үйлчилгээнд хамтарч ажиллах, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр оюутнуудыг Болгарт сургах, богино болон урт хугацааны сургалтуудыг явуулах, бизнесийн байгууллагуудын танилцах уулзалт зохион байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл