8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАРХИНДАА ТАРИА ЯАЖ УРГУУЛАХААС УРГАЦЫН ХУВЬ ЗАЯА ШИЙДЭГДЭНЭ

2016-04-15 03:00:00

ХХААЯ-наас санаачлан жил бүрийн хавар тариаланчдыг цуглуулдаг томоохон уулзалт бол “Тариаланчдын улсын зөвлөгөөн”. Газар тариалангийн салбарт хөдөлмөр зүтгэл алдар гавъяагаа үнэлүүлсэн үе үеийн хашир туршлагатай ахмадуудаас эхлээд шинэ цагийн нэр нь тодорч яваа  хөдөлмөрч, дайчин агрономич, тариаланчид энэ салбарт мэргэшсэн эрдэмтэн, судлаачдыг хамруулсан уг арга хэмжээ энэ удаа  уламжлал ёсоор Улаанбаатар хотод бус газар тариалангийн бүс нутаг болох Дархан уул аймагт боллоо.  


Энэ жил ургацаа хэрхэн үр өгөөжтэй авах, түүнчлэн ирэх жилийнхээ тарианы өнгө,  цаг агаарын байдал,шинэ дэвшилтэт технологийн ололт зэрэгээ хэлэлцэж,ахмад тариаланчдынхаа  зөвлөгөө, туршлагыг сонсож, өөрсдийнхөө өмнө тулгараад буй асуудлын гогцоог тодорхой хэмжээгээр шийдэлцэж чаддаг гээд олон талын үр өгөөжтэй  тус зөвлөгөөнд газар тариалан эрхэлдэг бүс нутгуудын 500 гаруй төлөөлөгч оролцсон юм. ЗГ-ын 2016 оны 42-р тогтоолоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр"-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Хөгжлийн банк”-наас гаргахаар шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох болжээ.Үүнээс эхний ээлжинд хаврын тариалалтанд зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатайгаар 12,5 %-ийн хүүтэй  олгох болсонд   тариаланчид сэтгэл өндөр байлаа.

Учир нь өнгөрсөн жилийн ган гачигт багагүй хохирол амсч, тариагаа олигтой хурааж чадаагүйн дээр санхүүгийн бэрхшээл ихтэй  байгаа тэдний хувьд эргэлтийн хөрөнгөд зориулагдах энэхүү зээл нь олгогдсон  хугацаанаасаа найман сарын дараа төлөлт явагдах нөхцөлтэй нь энэ хавар зургаан сард тариагаа тариад ирэх намар хурааж авах том боломж,цаг үеэ олсон дэмжлэг боллоо гэж үзэж буй юм.Мөн өнгөрсөн жил тариаланчид тонн бордоог 980000 төгрөгөөр авч байсан бол ХХААЯ-наас тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хөнгөлөлт үзүүлж,  тонн бордоог 400000 төгрөгөөр өгөх болсноос гадна  үр, буудайны  урамшууллын мөнгө гэж тонн тутамд 50000 төгрөг өгөхөөр болсон нь үрийн будаа, бордоо авах   урьдчилгааны 30%-ийг төлөхөд  нь нэмэр болох нь ээ хэмээн тэд олзуурхцгааж байлаа. Энэ зөвлөгөөнөөс тариаланчдын хүлээдэг гол зүйл бол тариагаа тарихад анхаарах мэргэжлийн хүний зөвлөгөө авах, санал бодлоо солилцох явдал. Байгаль дэлхийн зан аашинд захирагддаг хэдий ч,монгол түмнээ эх орны үйлдвэрийн улаан буудай, гурил, төмс,хүнсний ногоогоор хангах их үйлсэд нөр их хөдөлмөр зүтгэлээрээ ажлаа нугалдаг тариаланчдын хувьд өмнөх жилийн гашуун туршлага,  цаг агаарын байдлыг шинжсэнээр нь бол энэ жилийн тариалалт хүндрэлтэй нөхцлийг давж болзошгүй хэмээн хаширлаж байгаа нь зөвлөгөөний явцаас харагдаж байлаа. 

Түүнчлэн тариалалтыг  хөнгөвчлөх, цаг агаарын янз бүрийн өөрчлөлтөд тохирсон  сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар санаа бодлоо хуваалцсан юм.Хөдөлмөрийн баатар, тариаланч н.Нацагдоржийн хэлснээр бол тариалалтын хамгийн гол хүчин зүйл тариагаа  эхлээд тархиндаа яаж ургуулахад байдаг аж. Тэрбээр  газар тариаланг мэргэжлийн түвшинд ,мэргэжлийн үйлдвэрлэлийн хэмжээнд явуулахад агрономи, инженерийн цаашлаад орчин үеийн шинэ техникийг эзэмших техникчдийнхээ мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх шаардлага  зайлшгүй хэрэгтэй байгааг анхааруулаад авсан. Энэ хаврын тариалалтын хамгийн тохиромжтой үеийг олон жил тариа тарьсан хашир буурлууд өөр өөрийнхөөрөө товлож байлаа.Гавьяат агрономич Г.Даваадоржийн зөвлөснөөр бол Төв, Сэлэнгэ,Булган, Хөвсгөлийн бүс нутагт өнгөрсөн намар бороо хангалттай орсон учраас нөөц чийг сайтай гэж үзэж өмнөх жилээс 10 хоногийн наана, зүүн тийшээгээ чийг багатайг  нь бодож зуны бороо угтуулж,10 хоногийн хойно тарьж болох аж.Харин ШУ-ны гавьяат зүтгэлтэн Ж.Мижиддорж энэ жилийн тариалалтын хугацааг 5 сарын 5-20-ны хооронд гэж үзэж байна.Түүний үзэж буйгаар бол энэ жил өвөлдөө цасархаг,намартаа харьцангуй их чийг унасан учраас чийг хаалт хийхгүйгээр шууд  тарих  нь зохистой аж.Тэрбээр сүүлийн үед цаг уурын өөрчлөлтөөс болоод уулын ар өвөр талд тариа хоёр өөр ургах,эсвэл жаахан назгайраад 6 сар дөхүүлж тарьснаас намартаа болц нь гүйцээгүй байдаг зэргээс тарих хугацааг сайн тааруулах чухлыг онцолж байсан. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс болж хөрсний элэгдэл эрчимтэй явагдаж байгааг бодлогын төвшинд авч үзэх цаг болсныг, мөн дулаарал ихэссэн зэрэг цаг уурын өөрчлөлтийн нөхцөлд тохирсон шинэ сортуудаар тариалах хэрэгцээ гарч ирж буйг дурдаж байлаа.  Зөвлөгөөний үеэр тариаланчидтай уулзаж санаа бодлыг нь хуваалцахад тэд ийн ярьж байна.

Хямралтай байгаа ч төр засаг тариаланчдынхаа магнайг тэнийлгэх  олон алхмыг хийж байна

    Өвөрхангай аймгийн тариаланчдын холбооны салбар зөвлөлийн дарга Д.Лхагвабуд: Өнөөдөр Дархан хотод монголын тариаланчдын том зөвлөгөөнд Өвөрхангай аймгаа төлөөлөн оролцож байна.Газар тариаланд 30 гаруй жил ажиллаж байна.Сүүлийн жилүүдэд газар тариалангийн байдал төрөөс явуулж байгаа дэмжлэгүүдийн хүрээнд сайжрах төлөвтэй байгаа.Өнгөрсөн жил цаг агаарын хэцүү байдлаас болж нэлээд ургац алдсан.Гэсэн хэдий ч төр засгаас энэ алдагдлыг нөхөх гэж дэлхийн эдийн засаг хямарч байгаа хүнд үед багагүй ажлуудыг хийж байна.Мэдээж эдийн засаг хүнд байгааг тариаланчид ойлгож байгаа байх.Ийм хүнд үед  “Хөгжлийн банк”-наас тариаланчдаа дэмжиж, хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох гэж байгаа нь сайшаалтай. Сүүлийн үед  газар тариалангийн үр, талбайн үржил шим ерөнхийдөө тааруу болж буй нь санаа зовоож байна.Тариалангийн гол бүс Сэлэнгийн районы уулархаг газрын сайхан хүрэн хөрсүүд ч олон жилийн тариалалтын улмаас бас л хэцүү байдалтай  байгаа. Ийм үед бордоог хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх болсон нь нүдээ олсон шийдвэр. Бордоог гаднаас   авахгүйгээр үйлдвэрлэдэг болсон байна. Үзэсгэлэн дээр 2-3 бордооны  компаниуд танилцуулгаа өгсөн.Энэ хүнд хэцүү үед үр,буудайн  урамшууллыг олгож байгаа нь тариаланчдад том урам.Энэ нь төрөөс явуулж буй бордооны болон хөрсний үржил шимийг сайжруулах бодлого гэж ойлгож байгаа.Байгаль эх дэлхийтэйгээ харьцаж түүгээрээ маш их өгөөжийг авдаг учраас тариаланч хүн оюунлаг сайхан сэтгэлтэй, янз бүрийн сөрөг  зүйл боддоггүйгээрээ онцлог.Өнөөдөр миний хувьд сэтгэл өндөр байна.Үзэсгэлэнг үзэж байхад техникийн  олон үр өгөөжтэй  шинэчлэлийг тариаланчид хийсэн байна.Боломжтой бол тариаланчид хөнгөлөлттэй нөхцлөөр энэ олон сайхан техникийг  хэрэглэж болох нөхцлийг бүрдүүлсэн бодлогууд түрүүчээсээ хэрэгжиж  байна.Гар аргаар хийсэн үүл хуримтлуулж, бороо оруулах төхөөрөмж  тариаланчдын хамгийн хэрэгцээтэй зүйл . Том техникүүдээс “Челлинжр”-ийн,”Инсато”-гийн гээд  олон техникүүд  тэг элдэншүүлэг хийхэд  хамгийн их хэрэгцээтэй. Хөрсөө хөдөлгөхгүй тариалалтаа явуулах чадвараараа.

Энэ жил тариалалтын хугацааг нарийн тооцоолох хэрэгтэй

    ХАА-н ШУ-ны доктор,профессор, гавьяат агрономич, академич Б.Дорж: Энэ  жил хаврын тариалалт бусад үеийг бодвол нэлээд онцлог.Өнгөрсөн жил ургац алдсан бол, энэ жил цаг агаарын нөхцөл сайнгүй  гэсэн яриа их байна. Тариаланчдын сэтгэл хоёр дахь удаагаа ургац алдах юм бол дахиад үйлдвэрлэл явуулах боломж гарахгүй санхүүгийн хувьд уналтын байдалд орох нь гэсэн санаа зовсон хүнд нөхцөлд хаврын тариалалт хийгдэх гэж байна. Гэхдээ хэвлэл мэдээллээр мөн  хүмүүсийн яриагаар ямар ч байсан тариагаа тарья гэхдээ азаа үзэж биш өнгөрсөн жилийнх шиг нөхцөл бүрдлээ гэхэд э илүү хэмжээний ургац хураан авах арга замыг олъё гэсэн байдлаар ярьж байна. Миний  хувьд мэргэжлийн хүний нүдээр харахад, өнгөрсөн жилийн алдаанаасаа суралцаж, энэ удаа илүү хураах нь зүй гэж бодож байна.Өнгөрсөн  жилийн  хаврын тариалалтаар хөрс харьцангуй чийгтэй байсан.6 сарын дундаас 7 сарын дунд үе хүртэл 30 хоног, 30 хэмийг давж халсан.Энэ нь өнгөрсөн хугацаанд ер тохиолдож байгаагүй.53 жил газар тариаланд ажилласан миний хувьд  тэгж их олон өдөр халж байхыг үзээгүй.Цаг уурчид ч бас надтай санал нийлж байгаагаас гамшиг болсон  гэж бодож байна.Гэвч өнгөрсөн жил боломжийн ургац авсан газар ч байна.Энэ жил тарилтын хугацааг нарийн тооцоолох хэрэгтэй.Миний бодлоор хугацааг хойшлуулж, бороо хэр орох, халалт ямархуу байх зэргийг харгалзаж  тарих хэрэгтэй.Дараагийн гарц бол үрээ жаахан гүнд нь тэгээд хэмжээг нь багасгаж тарих нь зүйтэй  болов уу.Хөрс нь чийгтэй хэдий ч хог ургамал ихтэй байдаг.Тариагаа тарихын өмнө хог ургамлыг  хөрсөө хөдөлгөхгүйгээр устгах хэрэгтэй.Хөдөлгөх л юм бол чийгээ алдах аюултай.

Том жимс тарих бодлого хэрэгтэй

   Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал: Тариаланчдын энэ удаагийн зөвлөгөөн өвөрмөц боллоо. Тариаланчдын хүлээдэг зүйл бол тухайн жилийн тариа будаагаа тарихад хэрхэн анхаарах талаар мэргэжлийн төвшинд зөвлөгөө авах нөгөө талаар төрөөс барьж буй бодлого ,хаврын тариалалтыг явуулахад үзүүлж буй дэмжлэг туслалцаа юу байна,мэргэжлийн байгууллагууд технологио яаж мөрдөх вэ, байгаль цаг уурын нөхцөл ямар байна зэргээр мэдлэг мэдээллээ солилцох явдал байдаг.Мөн   туршлагатай хөдөлмөрийн баатар ахмадууд маань  газар тариаланд дөнгөж хөл тавьж буй залуучууд ялангуяа технологи дээр  юуг   анхаарах  тал дээр тодорхой зөвлөмж зөвлөгөө өглөө.Тариаланчид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилаа. Өнөөдөр зөвхөн улаан буудай төмс хүнсний ногоо бус бусад таримлуудыг  тарих тал дээр анхаарах шаардлага гарч байна. Жишээ нь жимс, жимсгэнэ .Бид жилд 16-22000 тонн жимс, жимсгэнэ бутладаг .Тэгэхээр манай байгаль цаг уурын нөхцөлд тохирсон жимс,жимсгэний сортыг тарих боломж байна гэсэн үг. Энэ жил гэхэд 6000 орчим га-д чацаргана тарьсан байгаа. Манайд импортоор орж ирж буй жимсний 70% нь алим,чавга түүгээр хийсэн бүтээгдэхүүн буюу том жимсний бүтээгдэхүүн байдаг.Тэгэхээр  чацарганаас гадна том жимс тарих бодлогыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай.Бордоог олон янзаар хийж туршиж байна л даа. Гэхдээ хөрсний ядуурал их, шимт бодис нь алдагдаж байна. Тэгэхээр бордооны асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгааг анхаарахгүй байх аргагүй. Ялангуяа хүнсний ногоо, жимс, жимсгэнэ бага таримлыг аль болох органик буюу химийн бус бордоогоор  экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж гадаад дотоодын том зах зээлд өрсөлдөх  чадвартай болно.              

Бороо оруулдаг төхөөрөмж 10-12 сая төгрөгийн үнэтэй

Зөвлөгөөнд үр өгөөж дагуулсан үйл ажиллагаа нь “Хаврын тариалалтын техник технологи” үзэсгэлэн байлаа. ХХААЯамны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр  газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлог үйлдвэрлэлийн цар хүрээтэй тохирсон дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх нь чухал хэмээн онцолсон. Ялангуяа хүнд шалгуурт их ажлын ард гардаг амаргүй албатай тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх ,богино хугацаанд ихийг хийхэд туслах энэхүү үзэсгэлэнгийн олон дэвшилтэт шинэ техник технологи тэнд цугласан олны нүдийг хужирлаж байлаа.

Тус үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник,сэлбэг, тоног төхөөрөмж, үр бордоо, ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг,энэ чиглэлээр бизнес эрхэлдэг 20  гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээрээ оролцсон. Үүний хажуугаар мэргэжлийн хүрээлэн төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сорт технологийг танилцуулж байлаа. Үзэсгэлэнд тавигдсан техникүүдээс “Инсадо” нэртэй диллер компанийн тэг илдэншүүлэгтэй технологит илүү тохирсон үрлэх төхөөрөмжийг тариаланчид илүүтэй сонирхож байсан.

Уг технологи нь газрын хөрсний боловсруулалтыг олон дахин явж хагалах шаардлагагүй  үрлэг болоод улдах, бутлах, бордох зэрэг технологийг нэг явалтаар гүйцэтгэдэгээрээ онцлог аж. Анхны хөрөнгө оруулалтын зардал өндөртэй ч технологийн давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй, урсгал зардлыг хэмнэх ашигтай,чадавхийн хувьд бүтээмж өндөртэй,их хэмжээний талбайд боловсруулалт хийх, тариалалт хийх чадвартай юм байна.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс бас нэгэн сонирхууштай нь төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах,бүтээмжийг дээшлүүлэх шаардлага, ногоочдын хэрэгцээнд тохирсон  жижиг оврын тоног төхөөрөмжүүд байлаа.Эл төхөөрөмжүүд бага хэмжээний талбайд юм уу  өрхийн тариалан эрхэлдэг хүмүүст эрэлт ихтэй байдаг байна. Хаврын тариалалтаар тариаланчдад голдуу зүтгэх хүчний тракторууд шаардлагатай байдаг.Энэ хэрэгцээнд зориулсан 15-500 морины хүчтэй тракторуудыг ч бас тэнд сонирхуулахаар тавьсан байлаа. Тэдэн дунд өрхийн аж ахуйд хэрэгцээтэй хүүхдийн тоглоом шиг жижигхэн трактор хүртэл харагдана лээ.Мөн” Вагнер Ази” компанийн өөрөө явагч хор цацагч олны анхаарлыг ихэд татсан.30,5 га газар хор цацах чадвартай энэхүү төхөөрөмж бүтээмж сайтайгаас гадна хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа бүрэн хангагдсан юм байна. Тэнд тавигдсан онцгой төхөөрөмжүүдээс  хамгийн их сонирхол татсан нь бороо оруулдаг пуужин хошуу.ХХАА-н сайд Р.Бурмаа зөвлөгөөнд оролцох үедээ эл төхөөрөмжийг ихэд сонирхож харагдсан. “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Б.Галтайхүү бороо оруулдаг төхөөрөмжийг нь илүүтэй сонирхож байсан тариаланчдад  ийн тайлбарлаж байна.

 Онол нь агаар мандалд үүлэн давхарга гэж бий.Мөн гүний усны давхарга гэж байдаг. Энэ хоёр давхрагын хооронд хүчдэл үүснэ. Энэ хүчдэл цөлжилтөөс , мод, ургамал байхгүйгээс мөн атомын энергийн  туршилтуудаас үүсдэг гэдэг онолыг  1897 онд Вилхелм Райх хэмээх австри хүн нээсэн.Казакстанд байдаг атомын энергийг туршдаг туршилтын газар бий.Энэ нь манай баруун хойноос салхилдаг салхины дээр байгаа.Атомын энергиэс гардаг тэрхүү хүчдэл нь агаарын хүчдэлийг бий болгодог.Энэ хүчдэл бий болсноор тэнгэр газрын хоорондын бороо орох бүх  тогтолцоог өөрчилж байна гэсэн үг.Тэгэхээр монголын хувьд энэ тогтолцоо хүчдэл маш өндөр.Вилхелм Райхын онолыг алжир хүн дэлхийн  Бразил, Парагвай,Сахарын цөл,Эмират,Канад,Египет,Иран зэрэг 10-аад оронд туршсан.

 

Энэ хүн 2004 онд  Сахарын хэн ч тоохгүй цөлд худаг гаргаад  төхөөрөмжийг ашиглаад, өнөөдрийг хүрэх хугацаанд  тэнд бүхэл  бүтэн нуурыг мөн ногоон баян бүрдийг бий болгосон.Тэнд" Бовегезол" нэртэй 400 мянган хүнтэй хотыг энэ хүний бүтээсэн зүйлийн төлөө Алжирын Засгийн газар нь байгуулж өгсөн.Түүгээр ч зогсохгүй  энэ хүний гавьяагаар Алжир улс түүхэндээ анх удаагаа үр тариа экспортлодог болсон. Өмнө нь үр тариагаар өөрийн хэрэгцээг хангадаггүй байсан орон . Бид энэ мэдээллийг судлаж үзээд,  Монголдоо  хэрэгжүүлэхээр шийдэж 2012 онд энэ алжир хүнийг урьж авчраад, төхөөрөмжийг  угсарч, суурилуулсан.Материалынх нь ихэнхийг монголоосоо цуглуулсан байгаа.

Ганцхан уян төмөр нь байхгүй байсан учраас гаднаас авч ирсэн.Усан сан нь байнга усаа хөдөлгөж байх ёстой.Усаар сөрөг хүчдэл сороод ,гарснаар үүл бий болж бороо орно гэдэг онолыг батласан.2012 оны 4 сарын 12-нд  Улаанбаатраас 20 км-ийн зайтай Бэлхийн аманд анх удаагаа эл төхөөрөмжийг  ажиллуулахад Монголын Үндэсний Телевиз  зураг авсан байгаа. Тэнд мод үржүүлгийн газартай. Өнгөрсөн жил гэхэд бид тэр хавийн орчныг  бороогоор дутаагүй.

-Ямар хэмжээний зайд бороо оруулах хүчин чадалтай вэ?

50-100 км радиус дотор бороо оруулах хүчин чадалтай.

-Энэ төхөөрөмжийн үнэ нь хэд бол ?

-Ойролцоогоор 10-12 сая төгрөг.

-Өөрсдөө угсарч өгөх үү?

-Бид энэ төхөөрөмжийг зааврын дагуу угсарч өгнө.ХХААЯ-нд хандаж  хэрэгтэй газар нь угсарч өгье, хөдөө аж ахуй газар тариаландаа ашиглъя гэсэн хүсэлт тавьж олон түмэндээ анх удаагаа танилцуулж байгаа.Энэ төхөөрөмж сөрөг хүчдэлийг сороод, уян трубануудаараа дамжуулаад  эцэст нь байдаг урсгал уснууд руу орох ёстой.Тэр урсгал ус нь дөрвөн талаасаа газардуулагчтай. Газардуулагч нь зэс утсаар газар доор орсон байгаа.Энэ үед  ус нь ионжсон байдаг. Ионжсон ус буцаад гарах ёстой.Ийнхүү сөрөг хүчдэлийг сордог гэсэн үг. 

- Бороо хэр хурдан орох вэ?

Бид энэ төхөөрөмжөө үзэсгэлэнд тавихын  урд өдөр асаахад ,маргааш  өглөө нь Улаанбаатарт бороо орсон. Битүү үүлтэй байж байгаад, цас бороо холилдож орсон байгаа.Ерөнхийдөө зургаан цагийн дараа бороо орно доо. 

 -Өнгөрсөн жил гангийн үеэр та нар хаана байсан бэ.Энэ технологио ашиглаж болоогүй юм уу?

-Улаанбаатарт байсан.Тэр үед туршилтын үе шатандаа байсан.Сайн судлаж туршиж байж амьдралд хэрэгжүүлэх ёстой учраас  өнгөрсөн жилийн гангийн үеэр олны хэрэгцээнд ашиглаж амжаагүй.

-Уг төхөөрөмжөөр  бороо оруулаад,  дараа нь зөөвөрлөх  зориулалттай юм шиг байна.

 -Төхөөрөмжөө зөөвөрлөх зориулалтаар бид чиргүүл дээр байрлуулсан байгаа.

 -Худагаа бараадуулж   усан сан  хийх туршлагаасаа хуваалцахгүй юу?

Усан санг хямд зардлаар хийх арга байна.Жишээ нь бид газар ухаж байгаад гялгар уут дэвсээд ус дүүргэсэн. Бас тоосгоор  3 метрийн диаметртай бөөрөнхий хэлбэрийн бассейн хийж ашигласан байгаа.

-Түрээс маягаар хэрэглэх боломжтой юу?

-Түрээсээр хэрэглэх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment