8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.БАТСУУРЬ: ТАРИАЛАНЧ ХҮНД ХАВРЫН НЭГ ӨДӨР НАМРЫН АРВАН ӨДӨРТЭЙ ТЭНЦДЭГ

2016-04-25 00:00:00

Булган аймгийн “Хонгор Агро Булган”компаний гүйцэтгэх захирал ХАА-н тэргүүний ажилтан алтан гадас одонт Н. Батсуурьтай ярилцлаа

 Саяхан болсон “ Тариаланчдын улсын зөвлөгөөнөөр ямар далайцтай асуудал шийдэв?

Хаврын тариалалт эхлэхийн өмнө МУ-д газар  тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, тариаланч, мэргэжлийн хүмүүсийг хамруулсан том зөвлөгөөн Дархан хотод болсон.Энэ үеэр зохион байгуулсан  үзэсгэлэнд Монгол оронд хэрэглэгдэж байгаагаас гадна  сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи мөн үр болон химийн бордоо гээд  бидэнд шаардлагатай бүхий л зүйл тэнд тавигдсан байсан.Энэ нь аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээтэй бүхнийг сонгож авах таатай боломж.ХХААЯ-наас тариаланчдын зөвлөгөөнийг  жил бүр  зохион байгуулдаг нь тэр жилийн тариалах тарианы өнгө болон цаг агаарын мэдээний талаар  хоорондоо харилцан ярилцаж туршлага солилцох,техникийн ололт шинэчлэлтийн талаар зөвлөлдөх боломжийг бүрдүүлж байгаа нь тариалалт эхлэхийн өмнөх өргөн далайцтай чухал ажил.

Энэ зөвлөгөөнөөс хаврын тариалалтыг хэзээ эхлэвэл боломжтой гэж үзэж байгаа вэ. Өнгөрсөн жилийн гашуун сургамжийг  давтагдах вий гэсэн болгоомжлол их байх шиг байна? 

Энэ жилийн хувьд хаврын тариалалтаас ирэх намрын тариа хураалтанд ямар ургац авах вэ гэдэг нь өнгөрсөн жилийн хийж гүйцэтгэсэн уриншийн байдлаас ихээхэн шалтгаална.Хаврын нэг өдөр гэдэг намрын 10 өдөртэй тэнцдэг.Өнгөрсөн өвөл манай нутгаар цас ихтэй байлаа.Эрт хавар болсон хэдий ч цаснаас авсан  хөрсний чийг  хангалттай байгаа.4 сарын эхээр манай нутагт багагүй хэмжээний буюу 30-40 см-ийн цас орлоо.Хаврын тариалалтын угтвар чийгийн хувьд хангалттай. Өнгөрсөн жил монгол улсын хэмжээнд ган болсон.Гэхдээ нийт нутгийг хамраагүй. Манай тэр хавьд алаг цоог бороо орсноос болж, Сэлэнгэ аймаг болон Эгийн голын сав нутаг дагасан тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд боломжийн ургац авсан.Энэ аз бидэнд ч бас  таарсан.Олон жил тариа тарьсан,ахмад тариаланчдын үгийг сонсоод, прогнозыг нь харлаа. Хөдөлмөрийн баатар Мардаан гуайн хэлж байгаагаар бол техник, технологио бүрэн хангаад, болж өгвөл 5 сарын 20-25-ны хооронд  маш богино хугацаанд тариагаа таривал хэрэгтэй хамгийн чухал цаг үе юм байна.Гэхдээ өнгөрсөн жилийн давтамж байж болзошгүй нь тариаланчдын санаа бодол, цаг уурчдын мэдээллээс харагдаж байна.Тэгэхээр тариалалтын цаг үеийн таатай боломж 5 сарын 10-20-ны хооронд болоод  байна.Өнгөрсөн жил бид 5 сарын 7-8 гэхэд тариалж эхлээд, 28 хавьцаа дууссан. Тэгэхэд 26-27-ны хооронд тарьсан талбайн ургац түрүүлж тарьснаасаа илүү сайхан ургасан.Тэгэхээр чийгийг угтуулж тарьсан арга зөв болсон. Энэ жилийн хувьд хаврын тариалалтыг зөв оновчтой,сайн хийхийг зорьж байгаа.Байгаль дэлхий тэр бүр хатуурхахгүй, боломжийн хур чийгээ өгөх байх гэж бодож байна.Хүний хүчин зүйлээс шалтгаалахгүй зүйл бол байгаль цаг уурын асуудал. Үзэсгэлэн дээр гэхэд л чийг  үүсгэх, бороо оруулах гээд  урьд нь үзэж, сонсч байгаагүй төхөөрөмж байна.Хүний хүчин зүйлээс шалтгаалах нэг хүчин зүйл нь орон нутагт малын асуудал байдаг. Энэ өвөл газар тариалангийн шинэчлэсэн хууль гарлаа. Эрчимжсэн мал аж ахуйд шилжих,газар тариалангийн бүс нутгийг тогтоох гээд.Тариан талбайгаас 50 метрт техникийн ажлын талбай байдаг.Малчдын өвөлжөөг тариалангийн бүс нутагт 500 метрээс гадагш байлгах гэсэн нүдээ олсон заалт оруулсан байгаа. Хэрэгжих хэрэгжихгүйг нь орон нутгийн удирдлагууд болон хууль хэрэгжүүлж байгаа албууд,малчид ,тариаланчидтайгаа нийлж эвсч  шийдэх байх.

 Саяхан Засгийн газраас гаргасанм “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр“-т 100 тэрбум төгрөгийн зээлийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсонд тариаланчид сэтгэл өндөр байсан?

Бид өнгөрсөн жил нэг тонн бордоог 980 мянган төгрөгөөр авч байсан. Энэ жил гэхэд импортоор гаднаас орж ирснийг нэг сая 100 мянган төгрөгөөр  авахаар байгаа.Үүнийг ХХААЯ тариалан эрхлэх сангаар дамжуулан хөнгөлөлт үзүүлж нэг тонныг нь 400 төгрөгөөр өгч байна.Энэ нь бидэнд маш том боломж олгож байгаа.Үндсэндээ хоёр дахин бага үнээр өгч байна. Мөн бидний эргэлтийн хөрөнгөнд зориулж 100 тэрбум зээлээр олгоно  гэж байгаа. Ямар ч байсан 50 тэрбум төгрөгийг  Засгийн газраар  батлуулсан нь  олгогдоход бэлэн болж байгаа гэсэн.Арилжааны банкуудаар олгогдох юм билээ. Жилийн 12,5 %-ийн хүүтэй 2 жилийн хугацаатай эхний 8 сардаа төлөлт явагдахгүй гэсэн нөхцөлтэй юм билээ.Үндсэндээ энэ нь 5 сард тариагаа тариад, намар 10 сард тариагаа хурааж аваад борлуулалт хийх боломжийг олгож байгаагаараа маш том дэмжлэг болж байгаа. Үүнд манай тариаланчид сэтгэл өндөр байгаа. Урьд нь ийм байдаггүй байсан.Урамшууллын мөнгө гээд тонн тутамд 50000 төгрөг өгнө гэж байна.Энэ нь цаг  үеэ олсон боломж юм.Яагаад гэхээр  наад зах нь  үрийн будаа,бордоогоо одоо   авах урьдчилгаа 30%-ийг төлөхөд нэмэртэй эдийн засгийн хувьд том боломж. Хэрэв өвөл өгсөн бол бид бас сэлбэг хэрэгсэл авах цалин мөнгө тавих, гээд гацаанд орсон үед бас л нэмэртэй байх байсан. Хаврын тариалалтанд наад зах нь сэлбэг хэрэгсэл авахаас эхлээд асуудал байгаа үед энэ мөнгийг олгож байна.Үүнд бид үнэхээр сэтгэл өндөр байна.

Зээл олгогдож эхлэвэл нэг тариаланчид хэр хэмжээний мөнгө олгогдохоор байна?

Уринш хийсэн талбайгаар юм байна лээ.Уг нь эргэлтийн талбайгаар гэж яригдаж байсан. Энэ талаар тодорхой мэдсэн юм алга. Ямар ч байсан уринш хийсэн талбайн 1 га-д  350 мянган төгрөг гэснээс нь үзэхэд манайх энэ жил 3000 га-д тариална гээд бодоход 1,4 тэрбум төгрөг авах юм билээ.Хэрэв ингэж олгогдвол  хаврын үрийн болон шатахууныхаа урьдчилгаа өгөх боломж бас гарч ирнэ.Аж ахуйн нэгжүүдээс гадна тариа тарьдаг иргэд гээд маш  олон тариалагчид байдаг.  Тэд техник технологи худалдаад авах гэхээр тариалж байгаа талбай нь 400-600 га.  Тэд орчин үеийн өндөр хүчин чадалтай техник авах гэхээр ургацын борлуулалтаараа ч  санхүүгийн хувьд ч тэр бүр боломжгүй байдаг. Гэтэл үтрэмийн машинаас эхлээд  хэрэгцээтэй зүйл их бий. Зээл олгосон нөхцөлд 150 га  талбайтай хүн  150 сая төгрөг  авах боломж харагдаж байна. Энэ мөнгөөр тариаланч хүн нэлээд асуудлаа шийдчихнэ.

Ер нь газар тариалан эрхлэхэд хөрөнгө багагүй урсгаж ард нь гардаг бололтой?     

Нэг тонн будааны өөрийн өртгийг гаргахад элэгдэл хорогдлыг нь хасаад  350-380 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Нөгөө хүчин зүйл нь Булган аймгийн хоёр  сумд тариалан эрхэлдэг манай компани гэхэд суурин газраас дэндүү алслагдсан. Улаанбаатраас  л гэхэд 600 км зайтай хол. Хамгийн ойр нь болох Булган аймгийн “Тариалалтыг дэмжих сан”-гаас  200 км тээвэрлэлт хийхэд хүрдэг.Гэтэл Дархан Сэлэнгийн бүсийнхэн наад зах нь тариалалтын талбай дээрээсээ борлуулалтынхаа цэг хүртэл 50-60 км зайтай.Ер нь бол тээврийн хөлс нь алслагдсан аймаг, суманд хүнд тусдаг. Бас шатахуун өндөр өртөгтэй очдог.Нийслэлд дизель түлш 1590 байхад манай тэнд 1700-1800 байх жишээтэй.Ийм зөрүү байдаг. Гэхдээ  аль юмыг хөнгөвчлүүлж,төр засгаар шийдүүлж байхав.Арай л даварсан хэрэг болох байх.Бидэнд бололцоотой нөхцлүүдийг бүрдүүлж өгч байна. Манай компани Хөвсгөл аймгийн Тариалан ,Булган аймгийн Хутаг-Өндөр,Тэшиг сумд 60 км радиус дотор  тариалалт явуулдаг. 8000 га эргэлтийн талбайтай.

Газар тариалан эрхлэх амаргүй гэдэг нь хүн бүхэнд ойлгогддог мөртлөө их мөнгөний авдар энд байна гэдэг хийсгэлэн бодлоосоо  болоод энэ салбар руу орж эрсдэлд  ордог байдал хааяагүй байх шиг?

Газар тариалан  гэдэг өөрөө асуудалтай салбар л даа.Бид чинь үндсэндээ жилийн дөрвөн улиралд ажилладаг. Хавар тариа хийгээд булчихдаг, намар тариа хураагаад мөнгө олдог гээд нэг хэсэг нь газар тариалан руу их орсон.Өвөл нь засвараа хийхээс эхлээд хавар нь техник засвар хийнэ.Тэгээд хаврын тариалалт  болно.Дуусангуут нь ирэх жилийн тариалалтынхаа зуны эхний боловсруулалтын ажлыг 5 сарын сүүл 6 сарын эхээр хийж эхэлнэ.Манай тариаланчид гэрээсээ хавар 4 сард гараад намар 11 сард орж ирдэг. Энэ хугацаанд ирэн очин байна л даа.Зун нь ирэх жилийнхээ тариалалтын уриншийг   бэлтгэдэг Өөрийнхөө компани дээр авч үзэхэд 4000 га газраа  хоронд явна. Дараа нь боловсруулалтанд явна.Тэгээд технологит ажил байна.Технологит таарсан цаг хугацаа гэж бий.Энэ үед нь хийж амжихгүй бол 8 сард уриншаа дийлэхээ больсон үед   хичнээн хөнгөлөлттэй түлш байгаад, үнэгүй хор байгаад, техник байгаад нэмэргүй.Цаг хугацаа нь өнгөрсөн л бол нэмэргүй.Тиймээс цаг хугацаатай уралдаж байж л элдэншүүлж чадна.Үүнийг зарим  хүмүүс ойлгодоггүй.Хүнд мөртлөө сайхан ажил шүү дээ тариаланчийн ажил.Хавар сайхан хар хөрсөн дээр буюу уринш хийсэн талбай дээр тариагаа тариад түр амсхийгээд байж байтал долоо хоногийн дараа соёолоод гараад ирнэ.

Тэр үеийн мэдрэмж гэвэл? 

Үр нь соёолоод, тариан талбайн тариа  нийтдээ жигд  соёолоод гараад ирвэл тэнд хөдөлмөрлөсөн бүх хүн хийсэн ажлынхаа үр дүнг харж, дотроо баясч байдаг. Тарьсны дараа бутлана. Бутлах үед чийг нь байвал бас нэг сэтгэлийн таашаал авна.Сайхан түрүү нь цутгаад гараад ирвэл илүү сайхан даа.

Тариан түрүү цутгаад гараад ирэх үеийн тариаланчийн сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй байх?

Болц нь гүйцээд  сэтгэлд ханасан түрүү нь гараад ирэхэд  боллоо доо гэж сэтгэл ханаад нэг л сайхан амьсгаа авч тайвшрах шиг болдог.Гэхдээ сэтгэл түгшээх зүйл цөөнгүй.Хавар 6 сарын эхээр сайхан соёолоод бутладаг үе нь болоод байж байтал манай орон нутагт хяруу буудаг. Эрс тэс уур амьсгалтай газар л даа.Энэ шалгуурыг давах хэрэг гарна.Намар хяруу цохидог. Бас л бидний айдаг даваа.Энэ  хоёр эрсдлийг давбал сэтгэл жаахан уужирна.Ингэж л бид чинь байгаль дэлхийдээ залбирч, үр өгөөжийг нь хүртэхийн төлөө явдаг.Цаашлаад  биднээс хамааралгүй ган  гэж хэцүү зүйл байна.Түүнчлэн аадар хүчтэй бороо орох юм уу  мөндөрт цохиулах  аюул байна. Нөгөө нэг хүчин зүйл нь мал гэж дийлддэггүй дайсан байна.Гэхдээ саяын шинэчилсэн хуулиар газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн бус фермерийн мал аж ахуйд шилжинэ гэж байгаа. Малчдыг  фермерийн аж ахуйд шилжүүлэх нь боломжгүй. Энэ нь малыг бэлчээрээр бус таримал ургамлаар тэжээхийг эрчимжсэн мал аж ахуй гээд байгаа. Үүнийг тариаланчид хийж чадна.Бэлчээр тариалан хоёр хэзээ ч зохицохгүй.Тэгээд ч малчид хариуцлага гэдэг юман дээр үнэхээр учир дутагдалтай.Бид нэг кг будааг 800 төгрөгөөр худалдаж авч байна.Тэр будааг 2-3 мкв газар хийчихсэн байхад  тэрийг  малд идүүлээд байж байгаа нь хариуцлага муутайнх гэхээс өөр аргагүй.  Бүр санаатай идүүлдэг хүн ч  бий. Гэхдээ нийт малчид ийм биш л дээ.Газар тариалангийн талбай тойрч буусан цөөн тооны хэдэн малчин бий. Тэдэнтэй  янз бүрийн аргаар үзэж байна.Эцсийн эцэст аль нэг талдаа хүч хэрэглээд, амжилтанд хүрэхгүй.Зохицуулах арга нь төр, малчин, тариаланч гурав зохицох явдал. Бид хоорондоо ярьж зөвлөж байж бие биеэ хүндлэж, ойлгож байж  зөв шийдэлд хүрнэ.Тариан талбай руу мал чинь орлоо гээд  малчнаа торгож шийтгээд байвал   мэдээж таатай байхгүй. Ер нь голдуу  урт хөлийн мал адуу л  тариан талбай руу ороод байдаг. Хариулгын мал биш болохоор дийлдэхгүй тал байдаг.Өнгөрсөн жилээс малчдыг мэргэжлийн болгож дипломжууллаа.Мэргэжил гэдэг чинь юу юм бэ.Мэргэжилдээ эзэн болох ёстой.Жолооч хүн мэргэжлийн үнэмлэхтэй болж байж машин барьдаг.Тэгээд алдаа эндэгдэл гаргавал  хариуцлага  хүлээдэг. Үүнтэй адил малчин хүнд   хариуцлага байх ёстой.

Сүүлийн үед харин ч байгалийг зохицуулдаг болох гээд янз бүрийн дэвшилттэй технологи боловсруулаад байх шиг?

Тийм ээ.Байгалийг зохицуулдаг болоод байна. Үүл буудаад бороо оруулж байна. Мөн мөндрийн үүл гараад ирэхэд мөндрийг задладаг буу гарсан  байна лээ.Шинжлэх ухаан ингэж хурдацтай хөгжиж байхад манайд байгаль цаг уурыг маш нарийн шинжилж байдаг  мэргэжлийн  бүхэл бүтэн баг  хэрэгтэйг цаг үе шаардаж байна.Тэрхүү цаг уурын нарийн шинжээчид өнөөдөр баруунаас  тэдэн метр секундын хурдтайгаар, тийм зузаан үүлтэй  аадар орж ирнэ . Аадрын үүл нь энэ орчинд  буух төлөвтэй байна гээд 2-3 цагийн өмнө тогтоогоод өгөх юм бол тэр хуралдаад байгаа үүл рүү буудаад, мөндрийг ус болгодог ч юм уу саармагжуулдаг гадны технологийн арга барил манайд зайлшгүй хэрэгтэй  байна.

Газар тариаланд бүх насаа зориулсан ахмад тариаланч хэлж байсан. Тариаланч хүн  өнөтэй болно гэж бус ганд бэлтгэж  ургац авдаг гэж байсан?

Тариаланч хүн ган болно гэж тариа тарьдаг,малчин хүн зуд болно гэж өвлийн бэлтгэлээ бэлтгэдэг гэдэг.Энэ нь дээр үеэс өвлөгдөж ирсэн өвөг дээдсийн минь ухаан.Энэ жил л гэхэд ган болохгүй гэх баталгаа алга. Тийм болохоор бид чийг угтуулж тарих уу,одоо байгаа чийгэн дээр нь тарих уу гээд олон талаас нь бодох хэрэгтэй болдог.

Байгалийн араншинг захирч чадахгүйгээсээ болж ургац алдаж байсан тариаланчдын гашуун туршлага цөөнгүй байх. Таны хувьд ...?

 2014 онд  800 га газраа мөндөрт цохиулж байсан. Тэр үед 4000 га газар 60 км-ийн радиус дотор таруу байрласан тулдаа хохирол багатай өнгөрсөн. 800 га газар тарьдаг хүн байлаа гэхэд яг тэр зурваст тэр чигээр нь тарьсан бол нэг ч ширхэг будаагүйгээр балрах байхгүй юу. Тэгэхээр манай талбайнуудын тээвэрлэлт болон бригад хооронд явах зай алслагдсан  ч гэсэн   зарим тариалалтын талбай эрсдлээс  хамгаалагдах байрлалтай байгаа нь давуу тал. Жишээ нь    нэг уулын өврөөс тариа  аваад ард талд нь алдах жишээтэй.

Тарьсан тариагаа хайрлахдаа болдог бол хүүхэд шиг хуччихмаар санагдах уу ?

 Сэтгэл байвал чулуун дээр тариа тарина гэж хөдөлмөрийн баатар Мардаан гуай хэлсэн байдаг.Тариа  тарихад сэтгэл хэрэгтэй.Аливаа ажилд сэтгэлээсээ хандвал үр дүн нь гардаг.Тариа тарина гэдэг нь  хүн болон малын хүнсийг бэлтгэж байгаа том үйл хэрэг л дээ.Стандартад нь тохирсон  будаагаа улсдаа тушаагаад, хүнсний гурил бэлтгэж байна. Хаягдал болон бусад зүйлийг мал аж ахуйд нийлүүлдэг. Тэгэхээр энэ салбар өөрөө их буянтай ажил.Янз бүрийн бэрхшээл гарахад сөхөрмөөр, шантармаар үе байдаг. Энэ бүгдийг  урд жилийн хураасан тариа, олсон амжилтаас гадна ургаад гарч ирж байгаа тэр сайхан тариан түрүүг хараад давдаг байдал бидний сэтгэлд хоногшдог учраас  ухарч няцаж чаддаггүй. Ер нь бол их сайхан ажил. Намар тариа яг хураах болчихсон, тариагаа ангилж хураагаад  анхны тариагаа үтрэм дээр буулгах үеийг үгээр хэлэхийн аргагүй гоё.Хийсэн ажлынхаа үр дүнг харна гэдэг бол сэтгэлийн хамгийн дээд таашаал.

Тариаланч хүний жаргал гэдэг л тэр байх?

Тэгэлгүй яахав.  Би боддог юм. Намар шиг сайхан энерги өгдөг зүйл тариаланчин хүнд байдаггүй болов уу.Будаа тариагаа хураах нь сайхнаас гадна маш их ажил өрнөж, өдөр шөнөгүй ажилладаг улирал бол монголд намар байдаг.Тариаланч тариагаа хураагаад, тариалангийн талбай тоосон дунд юу ч харагдахггүй  завгүй байхад малчин хүн хадлангаа хадаад, айл өрхүүд түлш, түлээгээ бэлтгээд ан амьтан хүртэл ноохой хөеөгөө зөөгөөд бүгд л өвлийнхөө бэлтгэлийг хийгээд завгүй   байдаг үе . Хүн хүч дутаад асуухаар түлшиндээ явсан. Хадлангаа хадаж байгаа гээд олдохгүй. Намар болохоор хөдөө орон нутагт хэн нэгэнтэй уулзахаар сураглавал олддоггүй.  Өөрөөр хэлбэл амьдрал ид буцлаж байдаг үе.

10 жил тариа тарихдаа хамгийн их баярлаж байсан нь хэзээ байв?

 Тариа  бараг алдаж үзээгүй.  Миний хувьд хожуу газар тариалан руу орсон.2005 оноос хойш гэхээр 11 жил болж байна.Энэ хугацаанд манай компани улсын тэргүүний тариаланч хамт олон  цолыг гурван удаа авсан.Их хөдөлмөрч л дөө манай хамт олон.10 жилийн өмнө Хонгорт газраа аваад анхны тариалалтаа хийх гэсэн чинь техникчид нь  олддоггүй.Тэр үед тэндхийн газар тариалан зогссон байсан.Тэнд тариа тарьж байсан тэр нутгийн хүүхдүүд, техникчид Баруухараагийн урд талын зам анги, Улаантолгойд гээд тал тал тийш тараад ажилд орсон байхад нь бүх хүмүүстэй нь уулзаж тариалалтынхаа ажилд оруулсан.Тэгээд “Хонгор” багийн төв дээр хоногт  40 тонн гурил үйлдвэрлэж гаргадаг,60 тонн  будаа тээрэмддэг гурилын үйлдвэр барьсан.Дандаа залуучууд ирж ажиллаад, өнөр өтгөн болж үндсэндээ 100-аад өрх тэнд бий болсон.Одоо 10 жилийн дараа анхны хүүхэд нь 10 нас хүрчихсэн  байна.

Тариалан дагаад ажлын байр бий болж ялангуяа залуу хүмүүст амьдралын баталгааг өгдөг гэж ойлгож болох уу?

Хийж байгаагийнхаа хэрээр авдаг болохоор амьдралд нь нэмэртэй л дээ.Одоо түрүүчээсээ нүүж эхэлж байна.Тэд  маань үр хүүхдийнхээ цэцэрлэг сургуулийг бодохгүй бол болохгүй.

 Тэгэхээр тэдний нийгмийн  асуудлыг нь шийдэхэд бэрхшээл гардаг байх нь?

Төр засаг шийднэ л дээ бас.Төвлөрөл бий болсон тохиолдолд нийгмийн асуудлыг нь бодохоос өөр арга байхгүй.Хамгийн түрүүнд хүүхдийн цэцэрлэг сургуулийн асуудлыг шийдэж өгөх шаардлага гарч ирж байгаа юм.

Өмнөд Солонгост л гэхэд ХАА-н салбарт ажиллаж байгаа залуучууддаа улсаас нь урамшуулал гэж 40 сая вон өгдөг гэж сонсч байсан юм байна.Манайд улс орны зүрх нь гэж болох газар тариалангийн салбарт залуучуудыг татах бодлогууд зайлшгүй хэрэгтэй байх нь ээ?

Тэгэлгүй яах вэ. Энэ нь зайлшгүй байх ёстой асуудлын нэг.Өнөөдрийн байдлаар механикжуулагчдын  ихэнх  50 гарчихсан тэтгэвэртээ гарах болчихоод байна. Залуучууд нь гэхэд 30 гарсан байгаа.Газар тариалангийн техникийг эзэмших, үйлдвэр дээр ажиллаж байгаа мэргэжлийн улсуудыг сургах, залуу халаа бэлтгэх а газар байхгүй. Тиймээс одоо ажиллаж байгаа хүмүүсээрээ дуусах гээд байна.Залгамж халаагаа алдахгүйн тулд ганц нэгээр нь сургаж байгаа нь  байгаа л даа.Саяхан “Хөх баян булаг” компаний захиралтай ярьж байхад тэдний компанийн механикжуулагчдынх нь хүүхдүүд аавыгаа тэтгэвэрт гарахад нь ажлыг залгамжлаад ажиллаж байгаа гэж байсан.Хүүхэд байхаас нь хажуудаа дагуулж, бүх юмаа зааж өгч нэг ёсондоо мэргэжлээ уламжлуулсан байгаа юм. Бидний үед 8-р анги төгссөн хүүхдүүдийг ТМС-д 2 жил сургаад 18 нас хүргэдэг.Өөрөөр хэлбэл мэргэжил эзэмшүүлээд.Тэгээд ЕБС-ийн гэрчилгээ давхар өгдөг байсан.Энэ байдал байхгүй болж байна. Хүн бүр өнөөдөр 12- р анги төгсөх ёстой. Дээд сургуульд орох ёстой гэдэг болж.Улаанбаатар хотын дээд сургууль тоогоо алдсан. Тэндээс гарч ирээд хөдөө аж ахуйд ажиллаж байгаа хүн нэг ч байхгүй гэвэл хилсдэхгүй.Тэгэхээр төр засаг залуучуудаа ажиллуулахын тулд урамшуулал,буцалтгүй тусламжаар хангаж өгөх бодлого хэрэгтэй байна.Ингэхгүй бол 5-10 жилийн дараа тариаланчид,механикжуулагчгүй болно.Хуучин тракторын жолооч гэж байлаа. 80-90-ээд онд механикжуулагч гэлээ. Одоо сүүлийн үеийн боловсронгуй техник гарангуут оператор гэдэг болсон.Ингээд юм хөгжөөд, нэр хаяг нь солигдоод  байдаг.Залуу халаа байхгүй болоход хүрээд байна. Манай  компанид л гэхэд100-гаад залуу  байсан. Өнөөдөр амьдралын шаардлагаар цөөрч байна.Би Хонгор нутагт ажилчиддаа зориулж 10 байшин барьж өгсөн. Мэргэжилтнүүдээ хүртэл байрлуулъя гээд.Сэтгэлгээ нь тийм болсон юм уу ерөөсөө л хөдөө ажиллах сонирхолтой хүн байхгүй болж..Нэг талдаа залуу улс болохоор аргагүй. Тэдэнд чинь дуу хөгжим хэрэгтэй. Үзэх кино, концерт үзвэр хэрэгтэй.Тэр болгонд нь сумын төв рүү зөөгөөд байх хэцүү.

Өөр та бүхний өмнө тулгараад буй бэрхшээл гэвэл?

Зардал их байдаг учраас эргэлтийн хөрөнгөөс гадна техник шинэчлэх асуудал гардаг.Банкны дарамтгүй, хүү багатай урт хугацааны зээл хэрэгтэй байдаг. Гэхдээ  5 жилийн өмнөхтэй харьцуулахад төрөөс энэ тал дээр анхаарч тодорхой алхмууд хийж эхлээд байна. Анх газар тариалан эрхлэхэд байдал газар тэнгэр шиг өөр байсан. Тэр үед Оросын техник гээд гинжит трактортоор ажлаа хийхэд зуны 30 хэмийн халуун дээр кабин доторх 10 хэм нэмэгдэнэ. Тийм халуун орчинд  бүтэн өдөр ажиллахад амаргүй.Одоо хэрэглэж буй техникүүд гадаа ямар ч халуун байсан дотроо сэрүүн пийшинтэй.Намар хүйтэн байлаа гэхэд халуун паартай.Манайх л гэхэд сүүлийн үеийн канадын техникүүдээр ажлаа нугалж байна.Энэ техникүүд ажлын бүтээмж өндөртэй.

Гадны туршлага гээд яриад байдаг.Ачир дээрээ  манайхаас гадныхаас өөр өвөрмөц арга барил шаардагддаг газар тариалантай гэж яриад байна. Юугаараа онцлог вэ?

Тэр нь байгаль цаг уурын онцлогийг хэлээд байгаа хэрэг.Энэ нөхцөл байдалдаа тохирсон технологи шаарддаг.Бид Канадыг, Хятадыг дуурайж болдоггүй.Яг л Монгол орны газар нутагт тохирсон технологийг гаргаж мөрдөх ёстой.Манайх газар тариалан эрхлээд 60 жил болох гэж байна.Энэ нь бусад орнуудтай харьцуулахад бага хугацаа.Хөрш зэргэлдээ орнууд хэдэн зуун жилийн туршлагатай байдаг.Тэр олон жилийн туршлагаараа ургац өндөр авч байна.Тэгэхээр бүс нутагт нь тохирсон тухайлбал сэрүүн бүсэд тохирсон хурдан болцтой, ганд тэсвэртэй сорт тариалах шаардлага гарч ирж байна.Энэ нь бас л төрийн бодлогын хүрээнд тавигдах асуудал болоод байгаа.Ялангуяа хөдөө аж ахуйн  салбарын,тэр дундаа аймгийн ХАА-г удирдах газраас энэ нутагт тийм сорт,хяруу буудаггүй урт намар болдог газар энэ сортыг тарья гээд мэргэжлийн зүгээс чиглүүлэх хэрэгтэй байгаа юм.Хуучин ХАА-н удирдах газар сэлбэг хэрэгслээс эхлээд бүх юм нь байдаг байлаа.Одоо тал тал тийшээ тараад  явснаасаа болж  аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн асуудал болчихоод байна. Газар тариалан  нь манай улсын стратегийн чухал нэг үйлдвэр шүү дээ. Урд, хойд хоёр хөрш хилээ хаавал яах вэ.Бидэнд нөөц гэж байхгүй.

Та   анхнаасаа  газар тариалангийн мэргэжилтэй хүн байсан уу.Амьдралын шаардлагаар энэ салбар руу орсон уу.Газар тариалан руу ороод удаагүй гэсэн болохоор чинь асууж байна л даа?

Энэ салбарт ажиллаад 10 жил болж байна.Аав минь олон  сангийн аж ахуйн даргаар ажилласан. Ингэт толгойн САА-н ,Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйн гээд.Ээж болохоор агротехник мэргэжилтэй хүн.Хавар, намар нь аав,ээжийнхээ барааг хардаггүй байсан.Энэ нь надад удамшсан гэж боддог.Аав, ээж хоёр маань хамгийн сүүлд Булган аймгийн “Ингэт толгой”-н сангийн аж ахуйд  газар тариаланд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.Аав минь намайг дунд сургуульд байхад заавал 10-р анги төгсөөд, дээд сургуульд орох шаардлагагүй гэдэг байлаа. Энэ тариалангийн ажилд оруулах холын бодол нь байсан юм болов уу даа эхлээд жолооч болгож байлаа.Тэгээд би цэрэгт яваад ирэхдээ аавынхаа зөвлөснөөр сургуульд суралгүй үтрэм дээр ажиллъя л гэсэн.Тэр цагаас хойш жолооч хийж байгаад тариа руу орсон доо.Одоо болохоор тэр ид залуу үедээ газар тариалангийн мэргэжлээр сурах байж дээ гэж хожуу бодож байгаа юм.

Ямар үед тэгж бодогддог вэ.Орчин үеийн техник, технологийн болоод мэргэжлийн олон талын мэдлэг шаарддаг болохоор  гэж үү?

.Наад зах нь жолоочоор ажиллаж цаг хугацаа алдалгүй тэр үеэс эхлээд газар тариалангийн ажлыг гардаж хийсэн бол одоо илүү туршлага хуримтлуулах байсан болов уу.Нөгөөтэйгүүр аавын минь жил бүр ажлынхаа явц байдлын тухай, цаг уурын байдал гээд бүгдийг нь хөтлөсөн 20 дэвтэр тэмдэглэл байдаг.Тэр дэвтэр нь   одоо хийж байгаа ажилд минь хэрэг болж байна.Тариаланчийн хөдөлмөр ялангуяа хавар намартаа цаг наргүй ажиллахад хүргэдэг амаргүй хэрнээ амттай ажил.Гэхдээ бид ядарлаа гэж боддоггүй. Хийсэн ажлынхаа үр дүнгээс сэтгэлийн жаргал авч байдаг.

Хүүхдүүдээс чинь таныг залгамжлах хүн одоо харагдаж байна уу?

 Хоёр охин, нэг хүүтэй. Хүү маань ХутагӨндөрт байгаа.Тэнд гэр бүлтэй болсон. Өөрийнх нь сонирхлыг харахад  миний ажлыг хийх төлөвтэй байгаа.

Багаас нь тариан талбай руу хөтөлсөн үү?

Багадаа нэг их мэдэгддэггүй байсан.Сүүлийн үед байнга дагуулж явж байгаа. Сонирхолтой болгохын тулд хөдөлмөрлүүлээд, тэндээс хүртэж байгаа эдийн засгаар  өөрийг нь урамшуулах нь гол зүйл гэж боддог.Түүнээс биш орчин үеийн хүүхдүүдэд яриад ойлгохгүй.Хийсэн хөдөлмөрийнх нь үр дүнг үзүүлээд, урамшуулахаар ер нь энэ ажил руу оръё гэж боддог.   Ерөнхийд нь чиглүүлж юу хийхийг нь хэлж өгөөд газар тариалангийн ажлын зах зухаас алхам алхмаар мэдрүүлээд байгаа.Охидуудын нэг нь дээд сургууль, нэг нь 10-р анги төгсч байна. Хүүдээ энэ ажлыг залгамжлуулна гэж бодож байгаа.

Байгаль дэлхийдээ залбирах, байгалиа хайрлах нь тариаланч хүний зуршил гэмээр байдаг байх. Бас тарьсан тарианыхаа амтыг мэдрэх нь бас л нэг бахархал болов уу ? 

Бид өглөө бүр цайны дээжээ л өргөдөг. Ер нь л идээ бүхнийхээ дээжийг өргөдөг зуршилтай. Пойлноос буугаад явахад тэр газар талхлагдаад үлддэг.Тийм тохиолдолд байнга цэвэрлэдэг. Хогоо асгадаг тусгай цэгтэй.Талбайн соёл гэж тариаланчдад байх ёстой.Энэ нь бичигдээгүй хууль мэт явсаар ирсэн.Хөрсөө хагалахдаа хүртэл тэгшхэн хагалдаг. Муруй саруй хагалвал наад зах нь муухай харагдахаас гадна ургасан ч яг л тэр байдлаараа харагдана. Булган аймагт  газар тариалан үйлдвэрлэж байгаа аймаг сумын иргэд бүгд л нутгийнхаа  ногоо, гурилыг иддэг. Хэзээ ч гадныхыг хэрэглэдэггүй. Айл өрхүүдээр ороход дандаа л орон нутагт үйлдвэрлэсэн гурилын шуудайнууд харагддаг.Нөгөөтэйгүүр цэвэр эрүүл хөрсөнд тарьсан органик бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаа хэрэг шүү дээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл