Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин суух Б-г 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо бичил хорооллын орчим П гэгч хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Улсын яллагчийн зүгээс Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах үедээ бусдын амийг хохироосон гэж үзэн ялласан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар "аргагүй хамгаалалт" хийсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нар ч шүүгдэгч Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэсэн дүгнэлт гаргаж, үүнийгээ шүүх хуралдааны явцад баталж мэдүүлсэн байна.
Шүүхээр хянан хэлэлцэгдсэн энэ хэргийн талаар хохирогчийн ээж Т.Дуламсүрэн "Өдрийн сонин"-ы 2016 оны 07-р сарын 29-ны өдрийн 172 дугаарт "Миний хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн алуурчинг гэм буруугүй гээд цагаатгалаа" гэсэн ярилцлага өгсөн байх ба хохирогч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй бөгөөд гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх тогтоох хуулийн заалттай юм.