8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ жолоо баривал 7-30 хоног баривчилна

2016-08-05 12:26:36

1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө.  Харин есдүгээр сарын 1-нээс хойш  тус хуулийн шинэчилсэн найруулгаар замын хөдөлгөөний журмыг зохицуулна. Шинэчилсэн найруулгад ямар ямар заалтууд багтсаныг танилцуулж байна.

27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

27.2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлснийдоод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

27.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /384 мянгаас 768 мянган төгрөгөөр/  торгож,  7-30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.

27.4. Давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

ЭРХЭЭ ХАСУУЛСАН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРИВАЛ 192 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

26.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

26.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.

ЯДАРСАН ҮЕДЭЭ ЖОЛОО БАРИВАЛ 48 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

28.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

28.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

ДУГААРАА ДАЛДЛАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ 384 МЯНГАН 
ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА

31.1. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

31.2. Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээд ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

31.3. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /960 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

БҮРЭН БУС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ 
48 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА

32.2. Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

АЛБАНЫ ОНЦГОЙ МАШИНУУДАД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨГҮЙ БОЛ 
19 МЯНГА 200 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

33.2. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах албаны, цагдаагийн албаны гэх мэт/ тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

УРСГАЛ СӨРСӨН ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ 6 САРААС 1 ЖИЛИЙН 
ХУГАЦААГААР ХАСНА

40.2. Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

ЯВГАН ЗОРЧИГЧИЙН ДАВУУ ЭРХИЙГ ЭДЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ 
9600 ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА

44.1. Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

ЯВГАН ЗОРЧИГЧ ДҮРЭМ ЗӨРЧВӨЛ 19 МЯНГА 200  ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА

54.4. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл