8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Манай шатарчид медаль хүртэж, Зам тээврийн ноцтой осол гарч 7 хүн амиа алдсан өдөр

2016-08-08 18:22:00

Эв нэгдлийн  бэлэгдэл Олип эхэлсэн шинэ 7 хоногийн мэнд. Таван тивийн шилдэг тамирчид нэгэн дээвэр дор нэгдэж, манай дэлхийн 7 тэрбум хүн зөвхөн тэдний төлөө суудлаасаа өндөлзөн уухайлах дуутай эдгээр өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу.

 

Манай шатарчид 7 медаль хүртжээ

Дэлхийн залуучуудын оюуны спортын наадамын энэ сарын 7-нд шатрын тэмцээний түргэн төрөл амжилттай болж өндөрлөлөө. Уг төрөлд манай улсын шатарчид амжилттай оролцжээ. Тодруулбал, 20 хүртэлх насны нээлттэй ангилалд ОУШХМ Э.Баасансүрэн мөнгөн медаль, 16 хүртэлх насанд оролцсон Х.Болд мөнгөн медаль, ОУШХМ Ц.Бат-Эрдэнэ шагналт 5-р байрт тус тус шалгарсан байна. Мөн 14 хүртэлх насны нээлттэй ангилалд О.Өлзийхишигжаргал хүрэл мeдаль, 12 хүртэлх насны нээлттэй ангилалд Э.Амгалантэнгис мөнгөн мeдаль, Б.Анар, Э.Баттамир нар шагналт 5, 6 байрт, 12 хүртэлх насны охидын ангилалд М.Тэргэл алтан медаль, Ш.Даваажаргал мөнгөн, Ж.Мичид хүрэл медаль, Б.Энхсаран шагналт 6-р байр эзэлжээ.

Сайд нарыг хөрөнгөө мэдүүлэхийг анхаарууллаа

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй. Иймд УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдын дэд сайдууд дээрх хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэхийг анхааруулж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар  тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан яам, агентлаг болон татан буугдсан агентлагуудын мэдүүлэг гаргагчидтай холбоотой шилжилт хөдөлгөөн, томилгоотой холбоотой асуудалд тус газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.

"Шорон" болох гэж байсан эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

УИх-ын гишүүн асан Х.Тэмүүжин 2012 онд Хууль зүйн сайдын албыг хашиж байхдаа орчин үеийн шийдлээр барьсан Монгол Улсын цорын ганц эмнэлгийн барилгыг шоронжсон оффис болгох харалган шийдвэр гаргаж байсан билээ. 

80 гаруй жилийн түүхтэй Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга хуучирч муудсан тул Засгийн газрын шийдвэрээр шинэ барилгын ажлыг эхлүүлж 2012 оны сүүлчээр эхний ээлж болох А корпусыг ашиглалтад өгөх гэж байсан үед  Х.Тэмүүжин сайд ийн шийдвэр гаргаж олон хүний дургүйцэлийг хүргээд байсан. Харин одоо таньд дуулгах сайн мэдээлэл байна. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр төсөл” Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт амжилттай хэрэгжиж эдүгээ тус эмнэлгийг эмнэлгийн зориулалтаар нь ажиллуулж эхэлжээ. 
Нэг хэсэг улстөрчдийн ашиг сонирхлын золиос болж, хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулчихаад байсан нь эвдэрч хэмхрэн олон хүний харууслыг төрүүлсэн ч энэхүү эмнэлэг эцсийн эцэст эмнэлгээрээ үлджээ. Энэхүү таатай мэдээлэл хүмүүст тэр бүр хүрээгүй. 
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төсөл санаачилснаа уг эмнэлэгт хэрэгжүүлэхээр болж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй өмнөх Засгийн газраас тус менежментийн багт барилгыг хариуцуулж өгөх шийдвэр гаргахдаа наймдугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхийг үүрэг болгосон. Үүрэг хүлээсэн ёсоороо Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн 260 ор бүхий шинэ нэгдсэн эмнэлгийн эхний хэсгийг ашиглалтад оруулан ажиллуулж эхэлжээ. 
Эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт бүх төрөлжсөн тасгуудтай бөгөөд Монгол Улсын иргэдэд эрх тэгш үйлчилгээ үзүүлнэ. 
Улсын нэгдүгээр  төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг 3,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө татан, барилгыг дуусгах ажлыг зохион байгуулжээ. 
Засгийн газраас олгосон бүрэн эрхийг алдахгүй биелүүлж, хүний нөөцийн багийнхаа туршлага, ур чадварыг ашиглан тэргүүний технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ барилга байгууламж бүхий шинэ нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд олон хүн талархах биз ээ. 
Одоо уг эмнэлэгт улстөрчдийн ашиг сонирхол ахин амилж, эргээд оффис, шорон болгоно гэж дайрахгүй л бол монголчууд нэг шинэ нэгдсэн эмнэлэгтэй болж байна. 
Төрийн тусгай албан хаагчдын хэмээн тодотгон нэрлэж заншсан уг эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд ажиллаж эхэлсэн үйл явдлын эргэн тойронд манай сайт дэлгэрэнгүй сурвалжлага, ярилцлагыг уншигчдадаа цувралаар хүргэнэ. 

Ц.Эрдэнэцэцэг

Борооны улмаас орон нутгийн авто замд эвдрэл үүсчээ

Орон нутгийн автозамд үүссэн эвдрэл гэмтлийн нөхцөл байдлын талаарх Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээ. Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний усархаг борооны улмаас үер бууж Арвайхээр-Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замын 118 дахь км-т /Шаргын бригадын ар/ төмөр бетон гүүрийн дамжих хавтан, дэр бетон хөндийрч зорчих хэсгээр автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул тэмдэг тэмдэглэгээ хийж түр зам гаргасан байна. Мөн Баянхонгор-Арвайхээр чиглэлийн автозамын 2 км-т далан хөвөө эвдэрч зам дээгүүр шороо хайрга урсан авто замын хөдөлгөөн хаагдсаныг, Баянхонгор-Шаргалжуутын чиглэлийн авто замын Бумбатын давааны авто замын эвдрэлийг засах арга хэмжээ авчээ. Түүнчлэн Завхан аймаг Солонготын даваа орчим замын нөхцөл шавар ихтэй байгаа юм байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой тул үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Арслан Р.Пүрэвдагва Даншгийн Аварга цол хүртлээ

“Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадамд энэ сарын 6-7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Хүчит 255 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Аварга цол хүртсэн юм. Харин Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн Даншгийн Заан цолны болзол хангалаа. “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадмын үзсэн иргэд "Улсын арслан Р.Пүрэвдагва энэ жил бэлтгэл сайтай байгаагаа харууллаа хэмээн ярих хүн ж, цолоо ахиулж, өнгөтэй байгаагаа харуулж Даншгийн аварга боллоо" хэмээн ярих аж. 

"ДАНШИГ-2015" НААДМЫН ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД:

  • Даншгийн арслан /Түрүүлсэн/: Р.Пүрэвдагва /Улсын арслан/

  • Даншгийн заан /Үзүүрлэсэн/: Б.Гончигдамба /Улсын гарьд/

  • Даншгийн начин: Ц.Содномдорж /Улсын харцага/, Б.Пүрэвсайхан /Улсын начин/, Э.Энхбат /Улсын начин/, Бо.Батжаргал /Улсын начин, О.Хангай /Аймгийн арслан/, Д.Амарсайхан /Аймгийн арслан/

 Их аварга Д.Дагвадорж бухимдлаа ийнхүү илэрхийлэв

Монгол Улс “Рио-2016” олимпод анх удаа хамгийн олон буюу 43 тамирчнаа сойж байгаа билээ. Одоогоор жүдо, байт харваа, буудлагын төрлийн тамирчдын тэмцээн ид үргэлжилж байна. Манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, дэлхийн аварга М.Уранцэцэг нар тэмцээнээ дуусгаж, хараахан медаль хүртэж чадаагүй. Ингэснээр спорт сонирхогчид өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, зарим нь цахим ертөнцөөр шүүмжилсэн юм. Тэгвэл тамирчдаа шүүмжилж, урмыг нь хугалж байгаа хүмүүст хандан Д.Дагвадорж аварга сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Та нарын шүлс нэг өдрийнх, тэдний хөлс 1000 өдрийнх. Олон юм битгий хуцаж бай” гэж бухимдлаа хатуухан илэрхийлсэн байна. 

Хэт халсаны улмаас ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдрөөс хойш нийт нутгаар агаарын хэм 35-аас дээш гарч хэт халсан билээ. Ийнхүү хэт халснаас үүдэн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл ихэссэн байна. Тэгвэл хамгийн сүүлд хэт халалтын улмаас нэгэн иргэн ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 100 айлын гудамжинд явж байсан 44 настай Б гэх эрэгтэй газар дээрээ ухаан алдан унаж, улмаар баруун шанаагаа зулгалан эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус иргэнийг одоогоор ГССҮТ-ийн Гавал, тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Сэрэмжлүүлэг: Үер усны аюулаас болгоомжил

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Хоёр хоногийн өмнө залилан хийсэн эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Хоёр хоногийн өмнө дэлгүүрийн худалдагч нараас мөнгө залилан авсан эмэгтэйг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Мөн тэрбээр иргэдийг хуурч мэхэлж АТМ-нээс нь мөнгө авахуулж залилан хийдэг аж. Тэрбээр “Би картгүй явж байна. Таны ХААН банкны дансаар дамжуулж мөнгөө аваад өгье. Миний мобейл банкинд мөнгө байна. Таны руу шилжүүлчихье” гээд мөнгө шилжүүлж, гүйлгээ амжилттай хийгдлээ гэж гарч ирдэг байна. Харин дэлгүүрийн худалдагчийн картыг авч гараад АТМ-ээс мөнгөө авах нэрийдлээр буцаагаад өөрийнхөө цахим карт руу шилжүүлчихээд таны дансанд мөнгө ороогүй байна. Мөнгө байхгүй юм бишүү” гэж хэлээд залилдаг юм байна. Тиймээс ард иргэдийг дээрх байдлаар худлаа хэлж яваа эмэгтэйд залилуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна

Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдрийг Монголын Аавуудын баяр болгон тэмдэглэж байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж. Харин Англи, Франц, Бельги зэрэг улс орнууд тавдугаар сарын 19-нд “Аавуудын баярын өдөр”-ийг тэмдэглэдэг аж.

Увс аймагт үер бууж 10 айл урсаж, 500 гэр усанд автжээ

Өчигдөр Увс аймгийн төв  Улаангомд 10 минут үргэлжлэн орсон аадар бороон улмаас иргэд багагүй хохирол гарсан байна. Тодруулбал, ойрхон зуурсан орсон хүчтэй аадар борооны улмаас үертэй холбоотой 150 дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Ирсэн дуудлага мэдээлээс үзэхэд байрны фудволд ус дүүрсэн, 10 айлын гэр урссан, 500 айл усанд автсан,  20 албан газар аж ахуй нэгж усанд автсан, Гашууны голд нэг фургон машин урссан аж. Мөн  тэр хавийн ногооны талбай бүрэн усанд автсан,цагаан хаалганы ойр хавийн айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. 

Тарвага боож идсэний дараа тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрчээ

22 товчоогоор 10 гаруй тарваганы мах оруулж ирэхийг завдсан хэрэг гарсаныг олж илрүүлжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Төв аймгийн харьяат иргэн найзуудтайгаа тарвага боож идсэний дараа тарваган тахал өвчний шинж илэрчээ. Улмаар тус иргэнийг тусгаарлагдан эмчилж байгаа гэнэ. Түүнчлэн хамт явсан найзуудыг нь шинжилгээнд хамруулжээ. 

Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас 24 цагийн эргүүл цэг ажиллуулж байгаа аж. Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байна.  Иймээс иргэдийг тарвага агнахгүй байх, тарваганы мах худалдан авахгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна. 

Зам тээврийн ноцтой осол гарч 7 хүн газар дээрээ нас баржээ

Өнгөрсөн баасан гаригт Хүй долоон худгийн замд зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, тус замд T.Prius, T.Landcruiser маркийн машин мөргөлдөж 7 хүн газар дээрээ нас баржээ. Мөн таван хүн гэмтжээ. Тэдний дөрөв нь том хүн, гурав нь хүүхэд байсан гэдгийг эх сурвалж мэдээллэсэн юм. Тус осол тухайн өдрийн 20.00 цагийн орчимд гарсан байна. Тэд даншиг наадамд оролцоод буцаж байжээ

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл