8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 3 дэд сайдыг томилож, 94 настай эмээг дээрэмдсэн өдөр

2016-08-10 18:22:00

Эрхэм уншигч танд бороотой өдрийн мэнд хүргэе. Нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр тойм” булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн  авч уншина уу. Өнөөдөр дараах мэдээ, мэдээллүүдийг онцолж байна.

Өнөөдөр Засгийн газар хуралдаж 3 дэд сайдыг томилно

Монгол Улсын Засгийн газрын хуулийн 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж. Үүний дагуу Засгийн газрын хуралдаан өнөөдөр хуралдана. Засгийн газар бүрэлдсэнээс хойш хоёр удаа хуралдсан энэ удаагийх нь 3 дахь нь. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг ярилцлах бөгөөд үлдсэн гурван дэд сайдыг томилж магадгүй бөгөөд хамтад нь агентлагуудын дарга нарыг томилно гэсэн ч яриа гараад байна. Тодруубал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдад “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг нарыг томилно гэсэн таамаг гарчээ. Харин Барилга хот байгуулалтын дэд сайдад Зүүний хүчний холбооноос татахаар болоод байгаа сурагтай байгаа гэнэ.  

Гадаад харилцааны дэд сайдад нэр нь яригдаж буй Б.Батцэцэг нь НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,  Ж.Сауле НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн юм. Энэ хоёрыг улс төрийн хүрээнийхэн  М.Энхболдын хүн ч гэж ярьдаг. Үлдсэн Барилга хот байгуулалтын дэд сайдын суудлыг Зүүний хүчний холбоо буюу У.Хүрэлсүхийн фракцид ногдуулахаар тооцоо гаргаад байгаа нь Зүүний хүчний холбоог гомдоохгүй хэмээн үзэж байгаа ч гэсэн мэдээлэл байна. Мөн дэд сайд нарын асуудлыг хэлэлцэхээс гадна агентлагуудын дарга нарыг томилно гэсэн ч яриа байна.

НӨАТ-ын азтан болсон эсэхээ утсаараа мэдэж болно

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш 314 мянган өрх, 634 мянган ААН баримтаа тогтмол бүртгүүлж байна. Нэг удаагийн сугалааны тохирлоор 7000-8000 хүн азтан болдог ч 4000-5000 иргэн урамшууллаа авалгүй өнгөрдөг аж. Иймд сугалаанд хожсон иргэдийн системд бүртгэлтэй утасны дугаар руу мэссэж илгээдэг болохоор төлөвлөжээ. Ингэснээр иргэд заавал системд хандалгүйгээр азтан болсноо мэдэх боломжтой болох юм байна.

Ер нь сүүлийн үед буцаан олголтын хэмжээ буурсан нь худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зарим ААН-үүд стандартын бус кассын төхөөрөмж ашигласантай холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан кассын систем нийлүүлэгчдэд батламж олгох ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлж байгаа юм байна.

Төрийн албан хаагчдын эмнэлэг шинэ нэгдсэн эмнэлэг болж үйл ажиллагаа нь жигдэрчээ

-Шинэ эмнэлэг, шинэ үйлчилгээ, шинэ боломж-

Хуучин нэрээрээ Төрийн албан хаагчдын эмнэлэг, шинэ нэрээрээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар буюу албан ёсны нэршил нь”Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2” гэгдэх болсон шинэхэн нэгдсэн эмнэлгээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Эмнэлгийг үйл ажиллагаа жигдэрчээ

Манай улсын улсын эмнэлгүүдийн нийтлэг дүр төрхөөс шал өөр, бүх зүйл нь шинээр гэрэлтэн гялалзсан, цэмцгэр энэ орчин бол ”Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2. Өнгөрсөн дөрвөн жилд Хууль зүйн яамны харъяа байгууллагын ажилтнууд суудаг оффис, шүүх болгоно гэхчлэн нэлээд саад тотгорыг даван туулж, цаг хугацаа алдсаны эцэст эмнэлэг хэвээрээ үлдэж, өдгөө ашиглалтад оруулчихсан байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд нээлтээ хийснээсээ хойш өнөөдрийг хүрэхэд үйл ажиллагаа нь жигдэрчээ.

“Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2”-ын эрхлэгч Ч.Оюунгэрэл бидэнд эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа.

Өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд Засгийн газраас 323 тогтоол гаргаж энэхүү эмнэлгийг бүхэлд нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар болгожээ. Өөрөөр хэлбэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн санаачилсан “Нэг жигүүр хоёр эмнэлэг” төслийн хүрээнд тус эмнэлэг концессийн гэрээгээр салбар эмнэлгээ болгожээ.

Одоогоор 13 кабинеттэй бөгөөд үзлэгийн 10, оношилгооны гурван кабинет ажиллаж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Өнөөдөр манай тамирчид дараах хуваарийн дагуу өрсөлдөнө

ЖҮДО БӨХ
 
22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Л.Отгонбаатар, Ц.Наранжаргал нар дээрх жинд өрсөлдөнө.

БОКС

23:00 цагт: 56 кг-ийн жинд Э.Цэндбаатар, 69 кг-ийн жинд Б.Түвшинбат нар тулалдана.

ХҮНДИЙН ӨРГӨЛТ

03:30 цагт: Эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жингийн тэмцээнд залуучуудын ДАШТ-ийн алт, мөнгөн медальт М.Анхцэцэг өрсөлдөнө.

Үер бууж 13 айл усанд автаж, далан сэтэрчээ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын зургадугаар багийн 13 айл өрх усанд автаж үер буусан байна. Мөн далан сэтэрч тэр хавийн айлууд усанд автсан талаарх мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашин, байгууллага аж ахуй нэгж, орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварлаж байгаа юм байна.

Нэгдүгээр ангид элсүүлэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардлагатай

Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангийнхныг элсүүлэхдээ нийслэлийн Боловсролын газрын Удирдлагын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн зохион байгуулах юм. Бүртгэлийг орон даяар энэ сарын 22-26-нд явуулах бөгөөд зургаан настай 27.629 хүүхэд бий. Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд орно гэсэн үг. Хамран сургах тойргийн хүүхдүүддээ сургуулиуд ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй бүртгэх ёстой.

Харин асран хамгаалагчид хүүхдийнхээ 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээг өөрийн иргэний үнэмлэхний хамт хуулбарлаж, эх хувиар нь авч очих юм. Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа шаардах аж. Энэ жилээс ийм бичиг баримт нэхэх болсон нь эцэг эхчүүд нэр хүндтэй сургуулиад оруулах гэж хуурамч материал бүрдүүлэгтэй холбоотой гэнэ.

3 дэд сайдыг томиллоо

Засгийн газрын хуралдаан 15:00 цагт эхэлж гурван дэд сайд болон агентлагийн дарга нарын томилгоог хэлэлцэж дууслаа.  Өнөөдрийн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар н.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар н.Лхамсүрэн  нарыг томиллоо. Мөн Татварын ерөнхий газрын даргаар Л.Зоригийг, Үндэсний хөгжлийн газрын даргаар Б.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Ц.Ням-Осор нарыг томилсон байна.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Р.Содхүүг, Биеийн тамир, спортын газрын даргаар Ц.Шаваржамцыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Б.Баатарцогтыг, МХЕГ-ын даргаар н.Цагаанхүүг,  ХХҮЕГ-ын даргаар н.Нямдавааг томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

Усанд урссан хүнийг хайх ажил үргэлжилж байна

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороо үргэлжлэн орсон борооны улмаас иргэд ус, шаварт суух нь ихэсчээ. Мөн энэ төрлийн дуудлага ОБЕГ-т тасралтгүй ирж байгааг албаныхан онцолж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн нутаг дэвсгэр Тамирын голоор гарч байсан автомашин голд сууж улмаар нэг хүн усанд урсчээ. Тухайн иргэнийг онцгой байдлын алба хаагчид хайж ажиллагааг зохион байгуулан хайж байна. Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын Харганатын-Ам гэдэг газар УАЗ-469 загварын улсын дугаартай  автомашин, Халиун сумын Улаан хаданд Land-200 загварын автомашин шаварт суусан дуудлага өчигдөр иржээ. Аймгийн онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, гол, шаварт суусан автомашинуудыг татан гаргасан байна. Тиймээс иргэд амралт, аялал зугаалгаар явах үедээ гол ус гатлахдаа болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Ч.Санжаадамба цолны найраа хийх өдрөө товлолоо

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай амгийн Хашаат сумын харьяатЧ.Санжаадамба арав даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ. Аварга Ч.Санжаадамбын цолны  хүндэтгэлийн наадам энэ сарын 14-нд болох юм байна. Тэрбээр аварга цолны  хүндэтгэлийн наадмаа Хашаат сумандаа хийхээр болсон байна. Тус наадмаар хүчит бөхийн барилдаан, их нас, соёолон, шүдлэн насны морьд уралдах аж.

Б.Чойжилсүрэн: Улс цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн

Сангийн сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэрбээр Монгол Улс цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрээд байгааг онцоллоо. Тодруулбал, манай улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүссэн талаар тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ онцоллоо. Энэ онд баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байгаа гэнэ. Мөн Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцжээ. 

Сурах бичгийг зорилтот бүлгийн сурагчдад үнэ төлбөргүй хүргэнэ

Энэ хичээлийн шинэ жилд  ЕБС-ийн сурах бичгийг шинээр хэвлэхгүй байгаа билээ. Тиймээс хуучин сурах бичгийг нөхөн хангах ажилдаа орсон байна. Өнөөдрийн байдлаар 1-7 дугаар ангийн нөхөн хангалтын сурах бичиг хэвлэгдэж бүрэн дуусжээ. Мөн 8-9-р ангийн сурах бичгийг хэвлэх ажил одоогоор явагдаж байгаа юм байна. Ахлах ангийнхан буюу 9-12-р ангийнхны сурах бичгүүд хангалттай хүрэлцээтэй байгаа учраас нөхөн хангалт хийхгүй юм байна. Түүнчлэн сурах бичгүүдийг боловсролын газраар дамжуулан сургуулиудад хүргэсний дараа зорилтот бүлгийн сурагчдад үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ. Сурах бичгийн үнийн хувьд хамгийн хямд нь 800 төгрөг, тал нь 4500 төгрөг үнэтэй худалдаалагдах юм байна. Дундаж үнэтэй сурах бичгийг 2700 орчим төгрөгөөр борлуулна. 

94 настай эмээг дээрэмдсэн хэрэг гарчээ

Өнгөрсөн  нэгдүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 74 настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Тэгвэл өчигдөр ийм төрлийн гэмт хэрэг дахин гарсан байна. Тодруулбал, БЗД-19 “Цайзын ... тоотод хажуу айлын эмээ ээмгээ дээрэмдүүлсэн байна“ гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад тус тоотод оршин суух 94 настай М-ийг дээрэмдсэн байжээ. Эмээг үүдний амбаартаа сууж байхад нь цагаан өнгийн фудболка, хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн өмд, цайвар өнгийн масктай, 170-180см орчим өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд баруун шанаанд нь цохиж, ээмгийг дээрэмдэж зугтсан аж. Тус хэрэгт тодорхой оршин суух хаяггүй А-г холбогдуулан шалгаж байгаа юм байна. 

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
"Монголын нэг өдөр
3 дэд сайд 94 настай эмээг дээрэмдсэн өдөр
2016/08/10 31.18.50.45
  • Recent
  • Most Read
  • Most Comment