“Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна” хэмээн 140 гаруй иргэнийг залилсан хэрэг гарчээ. Тодруулбал, Э.К.Пүрэвсүрэн гэгч өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Японы “М&U Глобал” компанийн албан ёсны төлөөлөгч “Gala tour” компани Монголоос тус улс руу нэг жил зургаан сарын хугацаатай гэрээт ажилчин гаргана хэмээн аман зар тараажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газартай ажиллах хүч гаргах албан ёсны гэрээ байгуулсан гэх мэдээлэл цацсан байна. Ингэснээр өнгөрсөн тавдугаар сарыг хүртэл нийт 140 гаруй иргэнээс “Мөнгөө тушаавал Япон улсад очиж, ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах асуудал бүгд хуулийн дагуу шийдэгдэнэ” хэмээн 1-4.5 сая төгрөг хураан авсан байна. Мөн хүн бүрийг япон хэлний 21 хоногийн бэлтгэлд 300 мянган төгрөгийн төлбөртэйгээр хамруулжээ. Өнөөдрийн байдлаар дээрх иргэдээс нэг нь ч Япон руу гараагүй бөгөөд эхний ээлжид 26 хүнийг аяллын гурван сарын визээр Элчингийн ярилцлагад оруулсан ч бүгд хар тамга даруулсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Япон руу гэрээгээр гаргана гэж 140 гаруй иргэнийг залилсан хэрэг гарчээ
2016-08-12 17:22:17