8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ДОХ-ын шинэ тохиолдолд бүртгэгдэж, Ам.доллар 2200 төгрөгт хүрсэн өдөр

2016-08-12 18:12:00

Эрхэм уншигч та бүхэндээ ажлын сүүлийн өдрийн мэндийг хүргэе. Өнгөрч буй 7 хоногт төлөвлөсөн ажлаа амжуулсан гэдэг итгэлтэй байна. Өдөр бүр энэ цаг мөчид бид та бүхэнтэйгээ учирдаг билээ. Өнөөдөр ч  үүний дагуу улс, эх орны нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр тойм” булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу.

Цас их унаж, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйг анхаарууллаа

Онцгой Байдлын Ерөнхий Газраас үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан​ мэргэжилтэн Ч.Туяа ирэх жилийн өвлийн цаг агаарын нөхцөл байдлын талаар онцолж мэдээлэл хүргэсэн юм. Тэрбээр  "2016-2017 оны өвөл цас их унаж, их хүйтрэлт болж өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй. Энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллага одооноос анхааруулж байна. Энэ зуны хувьд нийт нутгийн 80 гаруй хувьд зуншлага сайн байгаа ч хадлангийн газар,талбай усанд автсан, тухайн газарт элс, шороо ихээр хуримтлагдсан. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилд тайвширч хандаж болохгүй" гэдгийг санууллаа. 

Он гарсаар 31 хүүхэд, насанд хүрсэн 62 хүн усанд осолдож амиа алджээ

Хөдөө орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг дагууд бууж суурьшсанаас үерийн усанд автах тохиолдол их байгаа ажээ. Энэ он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 93 хүн /хүүхэд-31, насанд хүрэгсэд-62/ амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг морь болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж олон хүн амь насаа алджээ. Мөн "намар болж, жимс боловсорч гүйцэж байгаа улирал тул орон нутгийн иргэд самар, жимс түүхээр явах нь ихэсч байна. Гэтэл цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдруүдэд дуу цахилгаантай бороо орох тухай мэдээг ирүүлж байгаа. Иймд нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээг зохион байгуулахгүй бол иргэд аюулт үзэгдэп, осолд өртөх явдал нэмэгдэж байгааг" ОБЕГ-аас анхаарууллаа.

С.Өлзиймаа: Буруу дадал зуршлаас үүдэж шүдний гажиг үүсч, давхарлаж ургадаг

Сүүлийн жилүүдэд манай улсад шүдний өвчлөл ихэссэн талаар энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ явуулдаг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Тэр тусмаа шүдний өвлөл нь бага насны хүүхдийн дунд илүү өндөр байгаа аж. Үүний гол шалтгаан нь чихэрлэг бүтээгдэхүүн их хэрэглэдэг, шүдээ зөв угааж хэвшээгүй, амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй аж. Ингээд бага насны хүүхдүүдийн шүдний өвчлөл болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар “Degfin” эмнэлгийн шүдний эмч С.Өлзиймаатай ярилцлаа.

-Бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл ихэссэн гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Яагаад шүдний өвчлөл хүүхдүүдийн дунд их байгаа талаар яриагаа эхэлье?

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байна. Энэ нь олон шалтгаантай. Идэж буй хоол хүнс, шүд угаалт буруу байх,  янз бүрийн буруу дадал зуршилтай холбоотой. Тиймээс нэн тэргүүнд хүүхдийн сүүн шүд ургаж гарч ирсэн тэр цаг мөчөөс хойш тогтмол угааж, арчилж хэвших хэрэгтэй. Зориулалтын оо, сойзоор цэвэрлэж байх ёстой. Шүдэнд дээр тогтсон өнгөрийг цэвэрлэж байх ёстой. Шүлсээ хаяж чаддаг болох хүртэл нь эцэг, эхчүүд өөрсдөө цэвэрлэж өгөх ч байх шаардлагатай. Бага насны хүүхдийн шүдний арчилгааны талаар ном, сонин хэвлэл, бичсэнээр хүүхдийг нэг нас хүрсэнээс нь хойш байнга тогтмол эмчийн үзлэгт хамруулж заавар зөвлөгөө авч байх хэрэгтэй гэж бичсэн байдаг л даа. Эцэг, эхчүүд цэвэрлэх нэг өөр, мэргэжлийн эмчид хандаж заавар зөвлөгөө авч түүнийг дагуу угааж цэвэрлэвэл илүү үр дүнтэй. Бага насны хүүхдүүд хамгийн багадаа 3 сар, удлаа гээд 6 сарын дотор заавал нэг удаа эмчид үзүүлж байх ёстой.

-Ямар өвчлөл их байна вэ?

-Шүд цоорох, хорхойтох, буйл үрэвссэн тохиолдол их байна. Шүдээ үзүүлэхгүй явсаар байгаад нэг л мэдэхэд цоорсон, хорхойтож, буйл нь үрэвсэж хавагнасан хойно нь манайхан ирдэг. Үүнээс үүдэн өвдсөн шүдийг авахаас өөр аргагүй болдог. Эрт шүд авахуулах нь хор уршигтай.  Түүнээс гадна шүдний гажигтай хүүхдүүд их болсон байна. 

-Шүдний гажиг гэж юу вэ. Гажиг үүсэх нөхцөл шалтгаан юу байна вэ?

-Шүдний гажиг гэдгийг энгийн үгээр тайлбарлавал шүд зөв байрлалд, хэлбэртэй ургахгүй байгааг нь гажиг гэж хэлдэг. Нэг үгээр хэлбэл шүд тэгш бус хэмтэй ургаж байгаа, ургасан байхыг шүдний гажиг.  Харин шүд авахуулаад шүдгүй болох, түүнээс үүдэн зайтай болохыг шүдний согог гэдэг. Шүдний гажиг ихэссэн нь идэж, хэрэглэж буй хоол хүнстэй шууд холбоотой. Яагаад гэвэл бидний ээж, аав, эмээ өвөөгийн үеийн хүмүүсийн дунд шүдний гажиг гэдэг зүйл бараг байгаагүй. 1000-д нэг тохиолдог байсан байх. Их ховор байсан. Тухайн үед хатуу ааруул идэх, мэрэх, махыг шүдээрээ зулгааж идэх, зажлуулр шаардсан хоол, хүнс хэрэглэдэг байсан. Гэтэл өнөөдөр яаж байна эцэг, эхчүүд хатуу юм идэж болохгүй гэдэг. Хүүхдүүд ч өөрсдөө талхны булан идэхгүй, боов боорцог идэх гэхээр дандаа зөөлөн зүйл хэрэглэдэг. Алимныг хэрчиж эсвэл нухаж идэж байна.  Энэ нь ам болон шүд, эрүүний эргэн тойронд байгаа булчингуудийг бага ажлуулж байгаа юмИнгэхээр шүдний тэгш бус хэм алдагдахад хүрдэг. Нэг үгээр хэлбэл шүдний зуулт муудсанаас болж булчингууд нь сулардаг. Тэр булчингууд ажиллаж ясаа цожроож зөв хөгжиж, хэлбэрт ороход нь тусалж өгдөг. Махыг зажилж идэх нь багассан аманд ороод хайлахад бэлэн болгож идэж байна. Энэ нь буруу зажлуур шаардсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн буруу дадал зуршлаас үүдэж шүдний гажиг үүсч, давхарлаж ургадаг. Тухайлбал, гараа амандаа хийж шүдээрээ оролцох, хуруугаа хөхөх нь гажиг үүсгэдэг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Б.Бямбадорж: Шинэ нэгдсэн эмнэлэгтэй болсноор эрүүл мэндийн салбарын чанар бүхэлдээ сайжирна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, профессор, анагаах ухааны доктор, удирдахуйн ухааны магистр Б.Бямбадоржтой ярилцлаа.

Бидний яриа Төрийн тусгай албан хаагчдын гэх хуучин нэрээр нь хүмүүсийн сайн мэддэг, одоо харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг амбулаторийн зориулалтаар ажиллуулж байгаа шинэ эмнэлгийн талаар өрнөлөө.

-Төрийн ордны баруун талд байдаг Төрийн тусгай албан хаагчдын гэх тодотголтой эмнэлэг ашиглалтад оржээ. Өчигдөр бид тус эмнэлгээс сурвалжлага хийж уншигчдадаа хүргэсэн. Сарын өмнө ажиллаж эхэлсэн гэхэд үйлчилгээ, үйл ажиллагаа нь жигдрээд сайхан болж байна билээ. Танай эмнэлгийн салбар, амбулаторийн зориулалтаар ажиллуулж байгаа гэсэн.

Таниас энэ эмнэлэг цаашид үйл ажиллагаагаа хэрхэн, яаж явуулах вэ гэдгийг лавламаар байна?

-Манай эмч мэргэжилтнүүдийн баг нэлээд эрт эмнэлгийнхээ хүчин чадлыг харгалзаад салбар эмнэлэг, амбулатори ажиллуулахаар төсөл санаачилсан байсан. Яагаад гэвэл өнөөдөр манай төв эмнэлэг 1985 онд манай улс хэчнээн  мянган хүн амтай байсан, тэр хүмүүст үйлчлэх хүчин чадлаар ажиллаж байгаа.  Гэтэл өнөөдөр үйлчлүүлэгчийн эрэлт ямар болсон билээ. Энэ мэтчилэн олон хүчин зүйлүүдийн улмаас бид төв эмнэлгийнхээ салбар амбулатори ажиллуулахаар төсөл хийсэн байсан. Багануур дүүргийн эмнэлгийг сонирхоход арай холдсон. Иймэрхүү ажлаа бид салбар яамандаа танилцуулж байдаг. Тэр шугмаараа бидний ажлыг Засгийн газар ойлгож дэмжсэн. Манай эмч нарын "Нэг эмнэлэг хоёр жигүүр" төсөл энэ замаар Төрийн тусгай албан хаагчдын буюу одоо шинэ ашиглалтад оруулж байгаа нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж байна. Шинэ эмнэлэг "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатори 2" гэсэн нэртэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Өмнөх Засгийн газар "Танай эмнэлгийн энэ  төслийг дэмжье. Энэ эмнэлгийг танай салбар амбулатори болгоё" гэсэн. Эрх зүй нь ингэж зохицуулагдсан. Зургадугаар сарын 13-нд Засгийн газрын тогтоол гарсан. Уг нь үүнээс өмнө төсөл хэрэгжиж эхэлсэн бол цаг хугацааны хувьд өнөөдөр арай их зүйл амжуулчихсан байх байлаа. Гэхдээ оройтож эхэлсэн ч нэг, хоёрдугаар давхраа ашиглалтад оруулж үйл ажиллагаа нь жигдрээр ирлээ. Иргэд үзлэг оношлогооны үр дүнг шууд мэдэрч байна. Хүмүүст хүрч байгаа. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

1 ам.доллар 2200 төгрөгтэй  тэнцлээ

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш огцом өссөөр байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1 нэг ам.доллар 2200 төгрөгт хүрлээ. Тодруулбал, “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцэж байна. Ам.доллар ханш ингэж огцом өссөж байхад Засгийн газар, төв банк яаралтай арга хэмжээ авахгүй бол ханшаа ч алдаж мэдэхээр байгаа юм. Хэрэв ханшаа алдвал эдийн засагт аюул нүүрлэнэ. Тиймээс ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар доллар олох ажилдаа орохыг эдийн засагчид сануулсаар байгаа билээ.

Улсын хэмжээнд ДОХ-ын 213 тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн зургадугаар сард  ХДХВ/ДОХ-ын тохиолдол хоёр илэрчээ. Энэхүү хоёр тохиолдол нь Улаанбаатар хотод илэрсэн байна. Уг хоёр тохиолдол илэрсэнээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 213 болсон байна. Ингээд ХДХВ/ДОХ-ын халдвараас хэрхэн сэргийлэх талаар хүргэе. 

Халдвараас хэрхэн сэргийлэх вэ ?

  • Та бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэснээр энэхүү өвчнөөс сэргийлж чадна.

  • Аман секс хийх үед бэлгэвч хэрэглэх.

  • Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.

  • Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх.

“Доён” Болдыг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэжээ

 Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр Туул голын эрэг дээр “Доён” хочит Болд гэгч этгээд бусадтай архидан согтуурч байх үедээ “Макаров" маркийн гap буугаар ойр хавьд голын эргээр салхинд гарч байсан иргэд рүү 20-30 гаруй удаа буудаж танхайрсан хэрэг гарсан билээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж “Доён” Болдыг саатуулсан билээ. Тодруулбал энэ хэргийг шалгаж байх хугацаанд Болд нь оргон зайлж хаана байгаа нь тодорхойгүй байсан аж. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж энэ сарын 06-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлан сэжигтнээр татаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид цагдан хорьжээ. Харин одоогоор хэргийн шалгалтын ажиллагааг хийж байгаа юм байна.  Одоогоор “Доён” Болдод Эрүүгийн хуулийн 181.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. юм. Эрүүгийн хуулийн 181 танхайрах гэсэн зүйл бөгөөд 181.2 нь хүндэрүүлсэн нөхцөл гэж заасан байдаг юм байна. 

Оюутан цэргүүд тангараг өргөж, жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Чингисийн талбайд “Оюутан цэрэг”-үүд тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр болоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын БХЯ, ЗХЖШ, БХИС-ийн удирдлагууд, БСШУЯ-ны холбогдох удирдлагууд, Монголын оюутны холбоо, их дээд сургуулийн захирлууд, оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Энэ жилийн хувьд тус хөтөлбөрт хөдөө, орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилт тавьж, нийслэлээс гадна Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгийн их, дээд сургуулийн оюутнууд аймаг дээрээ “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдсан аж. Түүнчлэн “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтад Улаанбаатар хотод Батлан хамгаалахын их сургуулийн “Сургалт-дадлагын төв”-д 741 оюутан, Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд баруун 5 аймгийн 150 оюутан, Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд 95 оюутан бүрэн хамрагдаж, цэргийн тангараг өргөж нийт 1000 гаруй оюутан цэрэг тангараг өргөсөн юм. 

Д.Дагвадорж: Япон шүүгчийн буруу шүүлтийг уучилж болохгүй

Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг жинд Рио-гийн татамид гарч барилдсан билээ. Тэрбээр "А" хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой учраа таарсан. Кубийн бөх юүко үнэлгээгээр ялснаар аварга Н.Түвшинбаяр тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Уг барилдааныг Японы шүүгч Акинобу Осака шүүсэн ч манай монголчуудын хувьд шүүлтэд алдаа гаргасан гэж үзэн, цахим ертөнцөөр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. Тэдний нэг нь Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж юм. Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан дараахь мэдээллийг хийсэн байна. “Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! уучилж болохгүй. Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэжээ. Мөн тэрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна" хэмээжээ. Мөн Рио-д жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумъяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа аж.

Голд осолд иргэний цогцсыг олжээ

Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн төвийн чанх урд Тамирын голоор авто машинтайгаа гарч байгаад нэг иргэн усанд урссан алга болсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл  уг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  Аймгийн төвөөс баруун зүгт 80 км-т УАЗ-469 загварын автомашин голд суусан дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 20:25 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын хүлээн авч Эрэн хайх аврах баг бүрдүүлэн очсон байна. Улмаар автомашинд байсан иргэн Г /33 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/, Н /54 настай, эрэгтэй/, П /52 настай, эрэгтэй/ нарыг голын эрэг дээр гаргаж, уссанд урссан А-г /49 настай, эрэгтэй/ эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. 

Тоймоо хүлээн авч уншсан танд баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sooeeo
za ter shuugch ajillaa hiisen bizdee Dabgaag chin yapon elegtei gej bodosn chin ugui yumuu hehe
2016/08/12 213.162.68.27
munuu
Mongoliin tuluu duugarch baigaa avarga
2016/08/12 150.129.141.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment