Хуш модны самрыг хуульд зааснаар аравдугаар сарын 15-наас хойш түүж бэлтгэхийг зөвшөөрдөг. Гэтэл сар гаруйн өмнөөс иргэд хууль зөрчин самар бэлтгэж, улмаар гэмтэж бэртэх, амиа алдах тохиолдол гарсаар байна. Өнгөрөгч амралтын өдөр хоёр иргэн самрын модноос унаж, амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Яргайтын зусланд самар түүхээр модонд авирсан 40 настай Б гэх эрэгтэй хөл алдан унаж, амиа алджээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Бурхантын аманд самар түүхээр модонд авирч байсан 36 настай Ё гэх эрэгтэй 8 метр өндрөөс унаж нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хууль зөрчин түүхий самар түүхгүй байхыг анхаарууллаа.