8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Отгондалай Олимпийн хүрэл медаль хүртэж, самар түүж явсан хоёр иргэн амиа алдсан өдөр

2016-08-15 19:00:00

Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны XXXI олимп арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр монголын боксын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх баярт өдөр тохиож байна. Тодруулбал, Боксын төрлийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд мөнгөн медалийн төлөө  манай тамирчин Д.Отгондалай   Францын боксчин Софьян Үмиятай тулалдсан. Улмаар Францын боксчинд ялагдаж, "Рио 2016" олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн түүхэн өдөр боллоо.  
 Д.Отгондалай шүүлтэд сэтгэл дундуур байгаагаа  илэрхийлж  "Монголын ард түмэн намайг яаж тоглосныг харсан байх аа" хэмээн уйлсан нь монголын ард түмний нүдэнд баяр харууслын нулимс мэлтэлзүүллээ. Ийн  Доржнямбуугийн Отгондалай Олимпийн хүрэл медаль хүртлээ. 

Олимпийн хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай гэж хэн бэ


Рио-2016 олимпийн наадмын боксын 60кг-ын хагас шигшээд шалгарч медалийн болзол хангаад байсан ОУХМ Азийн наадмын аварга, Ази тивийн аваргаДоржнямбуугийн Отгондалай ОЛИМПИЙН ХҮРЭЛ медальтан боллоо. Ийнхүү манай улс медалийнхаа тоог нэгээр нэмж чадлаа. 


Манай улсаас 60 кг-д Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын Софьян Умиатай тоглохоор үлдээд байсан. Хоёр боксчны хувьд хүрэл медалийн болзол хангаад байсан. Тоглолт 3:0 онооны харьцаагаар Францын Софьян Умиагийн ялалтаар өндөрлөж, манай улсын тамирчин Ази тивийн аварга Доржнямбуугийн Отгондалай ОЛИМПИЙН ХҮРЭЛ медаль хүртлээ.  Монголын боксчид ийнхүү Бээжин, Лондон, Рио-де-Жанейрогийн олимп дараалан эх орондоо медаль авчирлаа. Ийнхүү медалийн буухиаг үргэжлүүлсэн Доржнямбуугийн Отгондалайн талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.

Түүний хувьд анх 15 настайгаасаа эхлэн боксын спортоор хичээллэж эхэлсэн түүхтэй. Харин Д.Отгондалай 60 кг-ын жинд тасралтгүй 10 жил тоглож байна. 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсчээ. Гэхдээ энэ тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байж. Харин сарын 1500 төгрөгийн төлбөрөө олохын тулд аргагүйн эрхэнд ээждээ хэлсэн байна. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтөй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад “Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ. Ингээд Д.Отгондалай тэр жилээ “Олимпийн гараа” хэмээх хүүхдийн боксын тэмцээнд амжилттай оролцож, ирээдүйн олимпийн медалтан гараагаа эхэлсэн түүхтэй. Түүний мөрөн дээр нэгэн онцгой шивээс бий, түүнийг хүмүүс могой юм уу гэж асуух нь бий. Энэ шивээсийг 2008 онд боксын Ж.Отгонбаяртай хамт  ижилхэн шивээс хийлгэе гэж ярилцаад каталоги харж байгаадуйгаржин монгол бичгээр бокс гэдэг үгийг бээлийний хэлбэртэйгээр шивүүлж байжээ. Түүний хувьд үзэл баримтлалдаа үнэн ч ийм л ясны тамирчин.Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Г.Отгонцэцэгийг Казкастаны ард түмэн баатрын ёсоор угтан авлаа

Жүдо бөхийн 48 кг-ын жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдсан Монгол улсын тамирчин  Г.Отгонцэцэг олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. Энэ нь түүний жүдогийн замналын оргил амжилт юм. Казахстан төдийгүй Монгол түмнийг баярлуулсан Г.Отгонцэцэг өнгөрсөн шөнө эх орондоо очсон байна. Бахдан амжилт гарган тив дэлхийд нэрээ цуурайтуулж чадсанГ.Отгонцэцэгийг хэвлэл мэдээлэлийнхэн, ар гэрийнхэн, хөгжөөн дэмжигчид амьд цэцгийн баглаа барин угтжээ. Г.Отгонцэцэгийн хүрэл медаль “Рио-2016”-гийн Казкастаны багийн анхны медаль байсан бөгөөд тамирчдын медалийн салхийг амжилттай хагалж чадсан Г.Отгонцэцэгийг Казкастаны ард түмэн баатрын ёсоор угтан авлаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Төрийн албан хаагчдын цалинг буруулж, зардлыг багасгана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Сангийн сайд хэд хоногийн өмнө улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрхүү мэдээллээс болж Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, ам.долларын ханш өсч, сөрөг үр дагавар бий боллоо хэмээн Ардчилсан намынхан тайлбарлаж буй.  Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар эдийн засаг, төсөв санхүүгийн байдлыг үнэн зөвөөр мэдээлсэн. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлагатай байна.  Ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголтой хамт эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулж оруулж ирнэ гэдгээ хэллээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газар ажилласан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэдгийг онцолсон юм. Эдийн засгийг хэрхэн сэргээх талаар сэтгүүлчдийн асуусан асуултад “Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг буруулж, төрийн албаны зардлыг багасгана” гэж  мэдэгдсэн байна. 

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно

Хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудлаар "Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой" гэсэн мэдэгдэлийг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  хийлээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхлэх шийдвэр гараад  байсан. Энэ дагуу өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдийг хамруулахаар болоод байсан. Гэсэн ч оны эхнээс энэ шийдвэр хэрэгжээгүй аж. Тэгвэл хүүхдийн мөнгө урьдных шигээ биш зорилтот бүлэгт өгөх нь тодорхой боллоо. 

Өндөр өртгөөр системээ шинэчилсэн болохоор АТМ-ын шимтгэлийг нэмсэн гэжээ

Арилжааны банкуудын татаас хэрээс хэтэрч буйд иргэд байнга гомдоллодог. ХААН банк л гэхэд АТМ-аас мөнгө авах бүрт харилцагчдаасаа 100, баримт хэвлэхэд 50, дотоодын бусад банкны картаар зарлага гаргахад 500, үлдэгдэл шалгахад 100 төгрөг гэхчлэн шимтгэл авдаг. Энэ нь харьцангуй өндөр шимтгэл үзэх хүн ч бий.  Тэгвэл тус банк саяхнаас АТМ-ын бэлэн мөнгөний шимтгэлээ нэмэгдүүлжээ. Тодруулбал, өмнө нь АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 100 төгрөг байсан бол өдгөө 100 мянга хүртэлх зарлагад 150, 101 мянгаас дээш бол 200 төгрөгийн татаас авдаг болсон байна. Учрыг ХААН банкны мэдээллийн ажилтнаас лавлахад “Манайх хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байна. Өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан. Бусад үнэ тариф бол өөрчлөгдөөгүй” гэжээ. 

Манай улсын чөлөөт бөхийн тамирчдын хуваарь

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ баг “Рио-2016” олимпийн наадамд 10 жинд буюу эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно. Монголын цагаар энэ сарын 17-21-нд 10:00-01:00 цагт урьдчилсан болон хагас шигшээ барилдаан, 04:00-07:00 цаг хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол болно.

Наймдугаар сарын 17-нд 
58кг - П.Орхон
69кг - О.Насанбурмаа

Наймдугаар сарын 18-нд 
53кг - Э.Сумъяа
63кг - С.Батцэцэг

Наймдугаар сарын 19-нд 
57кг - Э.Бэхбаяр
74кг - П.Өнөрбат

Наймдугаар сарын 20-нд 
86кг - О.Үйтүмэн 
125кг – Ж.Чулуунбат

Наймдугаар сарын 21-нд 
65кг - Г.Мандахнаран 
97кг – Д.Хүдэрбулга нар барилдана. 

Самар түүж явсан хоёр иргэн модноос унаж амиа алджээ

Хуш модны самрыг хуульд зааснаар аравдугаар сарын 15-наас хойш түүж бэлтгэхийг зөвшөөрдөг. Гэтэл сар гаруйн өмнөөс иргэд хууль зөрчин самар бэлтгэж, улмаар гэмтэж бэртэх, амиа алдах тохиолдол гарсаар байна. Өнгөрөгч амралтын өдөр хоёр иргэн самрын модноос унаж, амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Яргайтын зусланд самар түүхээр модонд авирсан 40 настай Б гэх эрэгтэй хөл алдан унаж, амиа алджээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Бурхантын аманд самар түүхээр модонд авирч байсан 36 настай Ё гэх эрэгтэй 8 метр өндрөөс унаж нас барсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хууль зөрчин түүхий самар түүхгүй байхыг анхаарууллаа. 

Хот хоорондын нийтийн тээврийн автобуснуудад техникийн үзлэг хийж байна

Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобуснуудыг техникийн үзлэгт оруулах ажлыг эхлүүлсэн байна. Автотээврийн үндэсний төвөөс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилготойгоор тэдгээр автобуснуудыг наймдугаар сардаа багтаан техникийн хяналтын үзлэгт бүрэн оруулахаар болжээ. Хот хоорондын тээвэрт 1287 автобус үйлчилгээ эрхэлдэг байна.

Техникийн үзлэгт бүрэн хамруулснаар аюулгүй байдлыг давхар хангана гэж үзэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Urgen
3 saya hvn chini ami amidralaa zalguulah gej muu tur zasgaas bolj vheed duusahnee yandaa haramsaltai bna
2016/08/15 202.9.40.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment