Ерөнхий сайд өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд МАХН-ын санал болгосон Эрүүл мэндийн сайдаас татгалзсан билээ. “Сайд болохын тулд Н.Энхбаярын хувийн эмч нь болсон” гэх тодотгол дагадаг Л.Жамбалжав энэ удаад ч гэсэн үүнээсээ салсангүй. Эхлээд дэд сайдад дараа нь сайдад яригдаад бараагүй түүнд Н.Энхбаяр өртэй байж болох ч эрүүл мэндийн салбарт харилцан өгөлцөж авалцах өр ширгүй л баймаар. Гэвч МАХН-ынхан шийдлээ олсон бололтой. Намаасаа одоогийнг үүрэг гүйцэтгэж байгаа Ц.Оюунбаатарыгаа зүтгүүлэхээр шийдэж. Түүний хувьд намынхаа бусад гишүүдийг бодвол төрд ажилласан туршлага арвинтай, нэр цэвэр харьцангуй цэвэр хүн. Тиймдээ ч Ерөнхий сайд “ОК” гэх магадлал өндөр юм. Харин намын дарга нь түүний эзэнгүй үлдсэн суудлыг нь авахаар санаархаж явна. Үүнийг нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр батлаадахав. Тэрбээр МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд спортын сайд болгох санал тавьж байгаа. Манай намын бүлэг энэ талаар ярилцсан. Хэнийгээ нэр дэвшүүлэх эрх нь МАХН-д бий. АН-ын бүлгийн гишүүд энэ талаас нь харж МАХН-ын саналд хүндэтгэлтэй байгаа. Гэхдээ энэ бол Засгийн газрын шийдэх аөуудал, Ерөнхий сайдын мэдэх хэрэг” хэмээн мэдэгджээ.
Энэ янзаар Ардчилсан намынхан МАХН-ын тавьж буй саналыг хүлээж авч магадгүй нь. Улс төрөөс эхлээд улс орон нь хамтарч ажиллахыг сануулаад байхад Ч.Сайханбилэгт бараг л сонголт үгүй. Гэвч тэд Н.Энхбаярыг Шадар сайд болгочихвол бас нэг сайдын суудлаа хүнтэй болгох багагүй хугацааг авч мэдэх нь. Учир нь Зам тээврийн сайд М.Зоригт Шадар сайдад Н.Энхбаярыг хүлээн зөвшөөрвөл хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийллээ. Үүнийхээ учрыг тэрбээр “Өршөөлийн хуулиар дээр хэн гэдгээ харуулсан” хэмээн тайлбарлалаа. Шийдлийн Засгийн газрын “нөхөөсний” сайдууд энэ байдлаараа суудал дээрээ тогтохгүй нь. Нэгийг нь арай хийж оруулах гэтэл нөгөөх нь хүлээн зөвшөөрөхгүй гэж гэдийнэ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр мэт сөрөлдөөнүүдийг гагцхүү тэргүүн нь зохицуулах учиртай.
Хэрэв АН МАХН-ын шийдвэрийг хүлээж авбал Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёр М.Зоригийг алдах болно. Цаашлаад угийн маргаантай байгаа Х.Баттулгатай дахин муудалцах хэрэг гарна. Харин хүлээж авахгүй гэвэл МАХН-д өөр хувилбар үгүй. Тэднийд Эрүүл мэндийн сайд хийчих чадалтай, чансаатай боловсон хүчин бараг л байхгүй учир тэд энэ хувилбараа тулгах нь гарцаагүй биз. Ямартай ч үүгээр МАХН-ын дарга Н.Энхбаяр албан тушаалынхаа наймааг албан ёсоор зарлачихаж байгаа бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянга нь түүнийг албан тушаалын наймаачин хэмээсэн нь голыг нь олсон тодотгол байж.